📅

Х.БАТТУЛГА: ТӨРИЙН ДАЛБАА БОЛ БИДНИЙ ХҮНДЛЭЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ

🕔 2018/07/10 12:58

Х.БАТТУЛГА: ТӨРИЙН ДАЛБАА БОЛ БИДНИЙ ХҮНДЛЭЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж үг хэллээ.

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, Олон улсын байгууллагын төлөөлөгч, бусад албаны хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.

Төрийн далбааны өдрийг Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баярын энэхүү өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон юм.
 

Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:


 

"Монголчууд аа,

Зэвсэгт хүчний дайчид аа, офицер, генералууд аа

Зочид оо,

Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэе.

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.

Энэ уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг.

Энэ жилийн Төрийн далбааны өдрийн өмнөхөн "Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдлаа. Хуулиар иргэдийн эх орноо батлан хамгаалах үүргийн талаарх Үндсэн хуулийн заалт амьдралд бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын орон нутгийн хамгаалалтын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо цогцоор хангагдах эрх зүйн үндэс бүрдлээ. Зэвсэгт хүчний албан хаагчид, Монгол Улсын иргэд та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Эх орон, тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, монгол хүн бүрийн зориг эрмэлзлээр дархлагддаг ариун нандин зүйл билээ. Үүнийг нэгтгэж, хийморьлож, дэрвэж байдаг алтан соёмбот Төрийн далбаа бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно.

Нийт монголчууддаа, Монгол оронд зочлон ирсэн анд нөхөд, жуулчдад Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс бадран хөгжих болтугай.

Ура нөхөд өө” гэв.

Цэргийн ёслолын жагсаалд:

  1. Зэвсэгт хүчний жанжин штабаас хоёр рот
  2. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас дөрвөн рот
  3. Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр рот
  4. Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас гурван рот
  5. Зэвсэгт хүчний анги, байгууллагаас таван рот
  6. Хил хамгаалах Ерөнхий газраас нэг рот
  7. Дотоодын цэргийн нэг рот
  8. Онцгой байдлын Ерөнхий газраас хоёр рот
  9. Цагдаагийн Ерөнхий газраас нэг рот
  10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас нэг рот
  11. Хууль сахиулахын их сургуулиас гурван салбар
  12. Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул
  13. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн гээд нийт 2000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас 200 орчим эмэгтэй цэргийн алба хаагч, 260 гаруй хугацаат албаны түрүүч байлдагч, 200 гаруй сонсогч цэргийн ёслолын жагсаалд оролцлоо.
 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?