📅

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХҮН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛ

🕔 2018/05/25 12:35

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ХҮН ЧАНАРЫН ГҮН ХЯМРАЛ

Биднийг энэ олон жил сүүдэр шиг дагаж буй эдийн засгийн болоод оюун санааны доройтлын гол шалтгаан нь хүн чанарын гүн хямралд

орсонтой л холбоотой юм. Ядаж байхад өнөөх оюун санааны дархлааг бүтээгчид хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг зохиолчид ч энэ хямралд хэт автаж байна. Зарим зохиолчдын тунхаглаад байсан "сайн хүн” байх тухай ойлголтууд захаасаа аваад замхарч эхэлжээ.

 "Сайн хүнээс л сайн зохиол төрдөг” хэмээх сайхан мөрөөдөл нь хүн чанартай хүмүүс гэж өөрсдөөрөө "имиж” хийдэг асан зохиолчдын нэгэн үеийнхэнтэйгээ хамт үгүй болж, өмнөх үеийнхээ босгосон дүрд тоглож ядан яваа шинэ цагийн зохиолчдын үнэн нүүр царай олон зүйл дээр тодрох болов. Бурханлаг гэгээн төрх харуулах гэж одоогийн олон зохиолч аргаа ядаж байна. Үнэндээ олон хүнийг хуурч хэдий сайн жүжиглэвч аргагүй цагийн үнэнд гүйцэгдэж, гууль нь цухуйж, цайр нь танигдаж эхэлжээ.

Тэд эхлээд залуу авьяастнуудыг хорлох санаагаар "Зохиолч хүн чинь архи уудаг юм ш дээ” гэсэн ухуулга явуулж, араасаа түрэн гарч ирж буй гэнэн залуу, гэгээн тунгалаг залуусыг архинд оруулж аваад бах нь ханасан байдалтай ч наанаа өрөвдөн толгой сэгсрэвч гудманд таарахад нь хамраа чимхэх нь холгүй зөрөн өнгөрөхийг олонтаа харсан билээ. Түүгээр ч зогсохгүй "Тэр нь сайн, энэ нь муу” зэргээр энд тэнд том том ярилцлага өгч хооронд нь хагаралдуулахыг санаархаж, олон залуу зохиолчийг яагаа ч үгүй цэл залуу эхлэн бичиж байхад нь алдрын титэм хазгайдуухан тавьж, амьдралынх нь зам, авьяасынх нь галыг унтрааж байна. Хөөрхий тийм хөөрөгдөл, төөрөгдөлд орсон залуус ганц хоёр шүлгийн түүвэр төдий хэвлүүлээд уран зохиолын  ертөнцөд одоо унтарч байна.

"Зохиолч хүнд боловсрол хэрэггүй. Авьяас байхад бүх зүйл болно” гэж хорин нэгдүгээр зуунд байтугай хорвоо ертөнцөд байхгүй "Коммунист намын тунхаг” гэдэг шиг юм айлдаж, өөрсдийнх нь үе дуусахаас үхтлээ айсан нохой зангаар, ёстой "хүн чанаргүй” үйлдлийг хүрээ хотгүй тарааж байна. "Боловсрол эцэстээ авьяасыг мохоодог” гэх хачин хачин зүйл ярьж, ном уншсанаас үсээ ургуулж, хоолой амаа шахаад, гар толгойгоо савчаад тайзан дээр шүлэг уншиж, түмэн олонд таалагдах нь хамгаас чухал гэж номлоно.  Бага зэрэг нэр олонгуут нь үүгээр түүгээр дагуулан явж "Миний шавь” хэмээн хий өргөмжлөөд балгах, булгих хоёрыг зааж, "Аяа зохиолч хүн чинь ингэж амьдардаг юм” хэмээн далд муу санаагаа даанч гарамгай хэрэгжүүлнэ. Энэ бүхний золиосонд ямар олон идэр залуу авьяастан цэл залуу насандаа цаг бусаар, ёс бусаар одов. Харамсаад ч барахгүй, хайран сайхан авьяас, юутай сайхан ид хийж бүтээх залуу нас.

Алдар нэр, албан тушаалын хойноос алалдан тэмцэж, ашиг хонжоо, авах өгөхийн дон олон зохиолчид шүглэжээ. Тэд мөнгө өгч л байвал хэнийг ч тэнгэрт гаргахад бэлэн, үзгээ хурцалж, үгээ бэлдэж суух болжээ. Өнөө эх хэл соёл, тусгаар тогтнол гэсэн ариун үүрэг зарчмаасаа аль хэдийнээ татгалзаж, шалихгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө үзэл бодлоосоо урвахыг юман чинээ бодохоо больжээ. Зохиол бичихээсээ илүү сандал зүүдэлнэ. Саяхан нэгэн зохиолчийн итгэж ярьснаар тэд эхлээд "Бусдыг их унших нь хуулбарлан дуурайх аюултай” гэсэн онол боловсруулж, түүндээ олон залуусыг итгүүлснээс Монголын зохиолчид бие биенийгээ огт уншихаа байжээ. Дараа нь гарын үсэг зураад бэлэглэсэн номнуудыг нь ганган номын сангийнхаа тавиур дүүргэж, олон номтой зохиолч болж харагдах орь хүслээр хурааж байдаг гэнэ.

Ёстой "аяа юутай шившиг”.  Өнгөцхөн харахад өөрсдийнхөө ертөнцийг ариун сайхан мэт харагдуулахыг, харагдахыг хичээдэг зохиолчдын хүн чанарын гүн хямрал  энэ мэтээр улам бүр даамжирсаар байна.

Хамгийн гунигтай болоод хамгийн ойрхны жишээ байна. Монголын яруу найргийн нэгэн содон төлөөлөгч А.Эрдэнэ-Очир хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Ид залуу хийж бүтээх насандаа бидний цагаас гадуур, номын агаарт шингэв.

Нэгэн хувилгааны хэлснээр "Би бага насандаа хүн үхдэгийг мэдээд их л гуниглаж билээ. Харин хожим хүн үхдэггүйг ойлгоод ертөнцийг таньж билээ” гэснээр боловсрол нимгэн зохиолчид түүнийг юу ч ярьсан  үл сонсоно, үл мэднэ гэж бодоод "Өөрийгөө далимдуулан тодруулах” өтөл бэртэгчний арга хэрэглэж, зуурхан ч гэсэн нэр нүүр олох гэж үхэлдээд зул өргөж, маани унших завгүй байлаа.  Тэгээд ч бидний дуулж мэдсэнээр хөөрхийг Завхан аймагт цор ганцааранг нь орхиод алба ажилтай хэмээх шалтаг тоочиж, амин хувиа бодсоор ирсэн хамт явсан алдар хүндтэй, авьяас билэгтэй ах зах зохиолчид, анд нөхдөөс нь "хүн чанаргүй” явдлын мөн чанар л харагдана.

Найр цайллаганы үед мөр алгадаж, найз нөхөд гэж явчихаад амьдрал үхлийн зааг дээр орхиод явсан нь одооны марзан хэллэгээр ариун явдал уу? Олон түмэн гэдэг бүгдийг харж байгаа, мэдэж байгаа. Тэдний нүд хараа сохорсон гэж итгээд "хүн чанаргүй” явдлаа нуухыг оролдож, сартваахийн дүрд хичнээн тогловч сайн муу тос, ус шиг ялгарах цаг ирнэ шүү?

Амьдад нь архи барьж гүйсэн зохиолч нэртэй олон сайхан хүмүүсээс хэн нь ч амьсгал цөглөх эцсийн мөчид толгойг нь түшиж, тохойг нь тэгшилсэнгүй. Сүүлээ хавчаад зугтаана гэдэг шиг сүүдрээ хумиад дутаан оджээ. Өнөөх урьж залаад уралдаан тэмцээндээ оруулаад, эх сайхан монгол хэлээ хамгаална гэсэн эх оронч хөрөнгө чинээтэнгүүд нь ч яалаа. Өөрсдөө л нэр олж байвал эцэстээ эрдэнэт хүний амь, эх хэлний хувь заяа огтхон ч хамаагүй ажээ. Ерөөс ийм сайхан зүйлүүдээр баг хийж, саар хэргээ нуух санаатай зарим "эрхэм”-үүдийн гар хөл болж, ил далд гарч энд тэнд нь гүйж явах нэрэнд харш, явдалд тусгүй гэдгийг мэдэхээ, мэдрэхээ байтлаа зохиолчдын мөн чанарын хээ арилж, хүн чанарын хий шавхагджээ.

Талийгаачтай хамт монгол хэлний олимпиад нэртэй уралдаан тэмцээнд хамт явсан бүгд энэ үхэлд өөрсдийнхөө гэм буруутайг дотроо мэдэж байгаа. Нүдээ аниад залбирч бүх зүйл нам гүм мартагдаасай хэмээн цаг хугацаанд итгэж байгаа. Нэр зүс цохож, тэр "хүн чанаргүй” хүмүүсийг нэг бүрчлэн дурдмаар байна. Гэвч гэсгээл  тэдний зүрхэнд ирэхгүй болтлоо цайрчихсан байж мэдэх тул сайн сайхан харагдах гэж үйлээ барж яваа тэдний үйлийн үрийн зам мөрд саад болохгүйг бодож энэ удаа тэвчив.

 Уран зохиолын ертөнц ариун болоод хүнлэг байх ёстой хэмээн ахмад үеийнхнийхээ аминчлан захиж байсныг одоогийн зохиолчид хэзээ мартсан бэ? Өнгө мөнгөнд хэт шунаад хүн чанараа хэзээ хаана гээсэн бэ? Энэ асуултанд хариулт хайгаад ч яах билээ. Бүх зүйл тодорхой байна. Зохиол бичилгүйгээр зохиолч болно гэж итгэсэн хүмүүс арга заль башир замаар энэ ертөнцийн үүд хаалгаар чихэлдэн орж ирсэн ХХ зууны сүүл үеэс Монголын зохиолчид хүн чанарын гүн хямралд автжээ. Хэн дуртай нь зүүгээд явж болдог сайхан чимэг зүүлт шиг санасан "зохиолч” нэртэй зохион бичигчдийг эрх дархтай, эд хөрөнгөтэй хэсгийн "этгээдүүд” улам ашиглан завшиж, хүн чанарынх нь ус мөсний үлдэгдлийг гар худаг шавхах шиг барж орхижээ.

Тэгээд ч олигтой зохиол бичээгүй байж "зохиолч” нэр зүүх хүсэлтэй, дунд сургуулийн сурагчдын "зохион бичлэг” хэмжээний найруулгатай, нэрэндээ хүндэдсэн цол чимэгтэй, найр хэсэж, наадам тойрсон хэсэг бусаг "дүрээр” олон нийт зохиолчдыг ойлгох болжээ.  Урьсан залсан газар бүхэн нь "ундааны дээд”-ийг сөгнөж, ууж идсэнгүй гэж уурлах загнах хослуулах нь аль эртнээс "Зохиолч хүн архи уудаг” гэж сэнхрүүлэн таниулсны горыг олон залуу сайхан авьяастнууд хүртэж байна. Хатуухан хэлэхэд шударга бус үйлдэл хийх болсон зохиолчдын минь иргэний эр зориг, эх оронч сэтгэл хүн чанартайгаа хамт үгүй болжээ. Нийгэм оюун санааны манлайд бус нийт олны адагт хор найруулж, алсын уул нурууны оргилд бус гүвээ давааны бэл хормой төдийд л гүйж харайх нь даанч өрөвдөлтэй харагдана, уншигч бидэнд.

    Заримдаа итгэхэд бэрх атаа жөтөөний тухай яриа одоогийн зохиолчдын тойргоос л сонсогддог. Нэгийгээ шагналд нэр дэвшсэнийг сонсоод дээш доош нь матаас хэмээх бохир заваан бичгийг өдөр шөнөгүй илгээсэн ч гэх шиг. Ярих сонсоход ч хэцүү  ямар гээчийн "хүн чанаргүй” хачин хэрэг өнөөгийн зохиолчдоос өдөр тутам гарна вэ? Хайран сайхан зохиолчийн  алдар, нэр хүнд,  хүн чанараа худалдан, зоос мөнгөөр сольсоныг чинь өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүй шүүх болно.

 Л.Толстойн "Дайн ба энх” романд "Бид та нарыг одоохондоо хүндэлж байна. Өнөөдөр та нарынх, харин маргааш биднийх, тэр цагт хэнийг хүндлэхээ бид шийднэ”  гэж хэлдэгийг сануулахын шалтгаан  өнөөдөр үүсээд байна. Хүн чанаргүй бүхнийг өнөөдөр биш ирээдүй шийднэ.

"Ноцтой Мэдээ” сонин №14/684/

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?