📅

Жирэмсний хяналт гэж юу вэ, түүний ач холбогдол

🕔 2016/02/23 10:03

 

Таныг жирэмсэн байх хугацаанд буюу төрөхийн өмнөх үед үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламжийг жирэмсний хяналт гэж нэрлэдэг. Энэ тусламжийн хүрээнд таны жирэмсний явц дах биеийн байдал болон таны хүүхдийн өсөлт хөгжил зэргийг хянадаг. Та хэрэв жирэмсэн болсон бол дараах зарчмыг мөрдөөрөй.

Үүнд:

- Жирэмсний хяналтанд эрт орох. Хэрэв та жирэмсэн болсон эсвэл жирэмсэн болсон байж магадгүй бол эмчид хандаарай.

- Жирэмсний хяналтанд тогтмол хамрагдах. Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөж гаргадаг бөгөөд хожигдож болохгүй.

- Хүн бүр жирэмсний хугацаандаа өөрийн болон өөрийн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад идэвхтэй оролцох шаардлагатай.

Жирэмсний хяналтын ач холбогдол

Жирэмсэний хугацаанд эмчийн тогтмол хяналтанд байснаар таны биед гарч болох эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах болно. Мөн үүсч болох хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж чаддаг. Жирэмсний хяналтанд эрт орж тогтмол хамрагдах нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг олон сулаачид батласан байдаг.

Жирэмсний хяналтын ердийн төлөвлөгөө

Жирэмсний хяналтын төлөвлөгөөг эмч танд танилцуулна.

Төрөх хугацаа дөхөх тусам жирэмсний үзлэгийн зай ойртоно. Жирэмсний хэвийн үргэлжлэх хугацаа дунджаар дөчин долоо хоног байдаг. Хэвийн жирэмсний явцад хяналтын эмчид үзүүлэх товлол дараах байдалтай байдаг:

• Жирэмсний эхний зургаан сарын туршид сард нэг удаа

• Дараагийн хоёр сарын хугацаанд хоёр долоо хоног тутамд нэг удаа

• Төрөх хугацаа хүртэл долоо хоногт нэг удаа.

Жирэмсний үзлэгийн явцад юу хүлээгдэх вэ?

Жирэмсний хяналтанд анх ороход эмч тантай таны өөрийн эрүүл мэндийн түүхийн талаар болон танай гэр бүлийн эрүүл мэндийн түүхийн талаар ярилцаж биеийн ерөнхий үзлэг хийнэ. Биеийн ерөнхий үзлэгт таны жин, өндөр, цусны даралт болон бусад эрхтэн системүүдийн үзлэг багтахаас гадна аарцгийн эрхтэнүүдийн үзлэг орно. Мөн цус болон шээсний шинжилгээ авах болно.

Жирэмсний хяналтын дараагийн үзлэгийн үед эмч таны хүүхдийн өсөлт хөгжилт хэрхэн явагдаж байгааг болон таны биеийн байдлыг үнэлдэг. Таны жирэмсний явцыг илтгэдэг хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Хэт авианы шинжилгээгээр таны хүүхдийн өсөлт хөгжилтөөс гадна таны хүүхдийн эрүүл мэнд болон ургийн гажиг байгаа эсэхийг тодорхойлно. Таниас цус шээсний шинжилгээнээс гадна шаардага гарвал бусад шинжилгээг авна.

Гучаас дээш насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт

Хэдий чинээ хожуу насандаа жирэмслэнэ төрлөхийн гажигтай хүүхэд төрөх магадлал төдий чинээ өндөр байдаг. Ихэнх эмэгтэйчүүд гучаас дээш дөчөөс доош насандаа эрүүл хүүхэд төрүүлэх нь элбэг байдаг. Жирэмсэн болохоос өмнө болон жирэмсний хяналтын явцад ургийн гажиг байгаа эсэхийг тодруулах шинжилгээнүүд хийгдэх шаардлага гарч болзошгүй. Эмч таны жирэмслэлтийн явцад таны хүүхдийн эрүүл байдлыг тогтоох тусгай шинжилгээ санал болгож болно.

Жирэмсэн болохоосоо өмнө өөртөө тавих анхаарал

Жирэмсэн болохоосоо өмнө өөртөө тавих анхаарал нь таны жирэмслэлтийг эрүүл байхад туслаад зогсохгүй таны хүүхдийг төрлөхийн гажигтай төрөх эрсдэлийг бууруулдаг. Таны жирэмсэн болохоос өмнөх өөртөө тавих анхааралд:

• Эрүүл хооллолт, байнгын дасгал (долоо хоногийн ихэнх өдрүүдэд өдөрт 30 минут дасгал хийх ) мөн хангалттай унтаж амарч байх. Та эмчтэйгээ ярилцаж өөртөө тохирсон хооллолт болон дасгалын талаар зөвлөгөө аваарай.

• Өдөр бүр 400 микрограмм фолийн хүчил хэрэглэх. Найрлагандаа фолийн хүчил агуулсан өдөр тутам хэрэглэдэг мултивитамин хэрэглэх нь мөн тохиромжтой. Жирэмсэн болохоосоо өмнө болон жирэмсний эрт үед фолийн хүчлийг хангалттай хэрэглэх нь төрлөхийн гажиг үүсэхээс сэргийлэхэд тустай байдаг. Ихэнх үр тариа болон хүнсний ногоонууд фолийн хүчил агуулсан байдаг боловч үр тарианд илүү агуулагддаг байна. Өөрийн хэрэглэж байгаа мултивитаминд агуулагдаж байгаа фолийн хүчлийн түвшинг анхаарч хүнсэндээ үр тариа түлхүү хэрэглээрэй.

• Эмчийн иж бүрэн үзлэгт ороорой. Та өмнө нь өвдөж байсан өвчнүүдээ мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа улаан бурхан өвчнөөр өвдөж байсан эсэх нь чухал ач холбогдолтой. Улаан бурхан хүнд хэлбэрийн төрлөхийн гажиг үүсгэж болдог. Салхин цэцэг болон бусад өвчнөөр жирэмсний хугацаанд өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв та улаан бурхан болон салхин цэцгээр өмнө нь өвдөж байсан бол дархлаа тогтсон байдаг тул дахин өвдөхгүй.

• Хэрэв эмчийн бичиж өгсөн болон өөрийн дураар эм хэрэглэж байгаа бол эмчид хандаж цаашид хэрэглэж болох эсэх талаар асуугаарай. Зарим эмийн бодисийг жирэмсний хугацаанд хэрэглэж болдоггүйг анхаарах хэрэгтэй.

• Тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг эсвэл ямар нэгэн эм ууж байгаа бол зогсоох хэрэгтэй. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол эмчийн зөвлөгөө авч болно. Мөн таныг хорт зуршлаасаа татгалзахад итгэл үнэмшил, зөвлөгч болон дотны найзууд тань туслаж чадна.

"Гурван гал” эмнэлгийн ЭБЭТ-ийн их эмч Т.Баатарцогт

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?