СОЛОНГОСЫН ГУРВАН САРЫНХАН
1. Солонгосын тухай дутуу ойлголттой ЗАЛХУУГЫН АРМИ
Энэ ангилалд багтах хүмүүс бол, ихэвчлэн солонгос орныг нээх амархан бараг л мөнгө зоос зам дээр зүгээр хэвтэж байдаг юм шиг бодсон хүмүүс. Ирсэн өдрөө л ажлийн олдоц, ажлийн цаг, амар амаргүйг асуухгүй хэрнээ шууд л цалин нь хэд вэ. Өдрийн 150-200К гэсэн биздээ гээд бараг л тулгаж асууна. Их олон хүн яг ингэж асуухыг сонсож байлаа. Энд бас нэг буруу нь эндээс ажилсан ажилаагүй хоёрын хооронд хоёр гурван сар болоод буцсан зарим нэгэн нь монголдоо очсон хойноо нэг их ажиллаж гийгүүлж их мөнгө хураасан хүн шиг харагдах гээд худлаа баярхаж, за гайгүй ээ хө өдрийн бараг л 200, 300 аар ажилаад ирлээ ухааны юм бурдаг нь залхуу хэрнээ амархан мөнгө хүсэгчдийн армийг нааш нь хөшүүрэгдэж байгааг анхаарах хэрэгтэй байх. За ажил олдлоо. Нэг хоёр гурван өдөр гараад л болилоо гэх. Яагаад гэхээр цалин бага гэнээ. Больж үз, яахаараа өдрийн 10- аас 12 цагын ажил хийсэн хөлс 80-аас 120К бага юм бэ? Энэ мөнгийг монгол төгрөгөөр үржүүлвэл 160,000 аас 240,000 төг. Цалин бага гэж хэлж байгаа нь үнэндээ бол ажилаа хийж чадахгүйдээ залхуурахдаа л тэр юм. Ажилаа дийлэхгүйдээ далим гаргаж хийдүүлэн тамхи энэ тэр гээд гэнэ гэнэ алга болоод байхаар чинь ямар эзэн сайхан ааштай байх вэ дээ. Тэгээд л дараагын өдөрөөс гологдол болж байгаа юм. Манай сайхан нийслэл хүрээний аль ямар газар пүүс компанид дээрх цалинг таны нэг өдрийн хөлсөнд өгөх вэ? Дээр дурдсанаас илүү их хөлс авдаг ажил бий бий. Гэхдээ та тийм цалин авмаар байвал солонгос хэлээр ярьдаг байх. Ажлийн 12-оос 14 цагийн ачаалал даадаг байх. Өглөө үүр цүүрээр 05:00 цагт босоод ажилдаа явдаг байх. Архи ууж ажилаа тасалдаггүй байх, ажлийн цагаар тамхи татах нэрээр ажил хийдүүлдэггүй байх хэрэгтэй, хэрэгтэй биш шүү шаардлагатай байх ёстойг мэдэж ав. Энэ бүгдийг дийлэхгүй тэвчихгүй бол солонгос улсыг зорьж зардал мөнгөөр шатах хэрэггүй гэж зөвлөе. Ирлээ гэхэд хоёр гурван ажил голж, голж ч гэждээ гологдсоны чинь дараа танд цэцэг түүх буюу хэрэгтэй хэрэггүй хог түүж монголруу ачуулахаас өөр ажил олдохгүй. Нойроо дийлж, ажлийн төлөө өөрийгөө ялж, олдсон ажлаа залхуурч аргацаахгүйгээр хийж, ажил олгогчынхоо сэтгэлд хүрч чадна гэж итгэж байгаа бол та солонгос улсруу ирээрэй. Таван цагт босч, арваас арван хоёр цаг ажиллаж, олдсон ажлийн хүнд хэцүүгээс шантрахгүй ээ, би ямар насаараа тэнд тэгж ажиллах биш гуравхан сар тэсээд гүрийж чаднаа гэвэл танд гурван сар ажилаад хурааж чадах 8 - аас 12 сая төгрөгийн боломж бий. Дээрх бүгдийг чадахгүй бол та ЗАЛХУУЧУУДЫН АРМИЙГ нэмэх дэмий л боловуу. Энэ улсад залхуугаа дийлсэн хүн л мөнгөтэй явдаг юм. Залхуугаа дийлэхгүй нь монголоос мөнгө шилжүүлж аваад автобус унаа залгаж ажил хайж байгаа нэрээр сэлгүүцэж л явдаг юм шүү. Энэ хэсгийг уншсан таныг би энэ армийн гишүүн болохгүй гэж итгэж байна.
2. ТЭТГЭВЭРИЙНХЭНИЙ АРМИ буюу хөгширсөн болохоос үхсэн биш хүн чадаж байгааг чадах л болно.
Энэ ангилалын хүмүүс ёстой үнэхээр хэцүү хэцүү. Уг нь хөгширсөн болохоос үхсэн биш гэх мэт урамтай сайхан сэдэл нь сайхаан сайхан. Даан ч солонгос улсад ажил хөдөлмөр гээч нь сайхан сэдэл ба сайхан сэтгэл хоёроор явагдахгүй нь туйлын үнэн юм. За товчхондоо бол ийм. Байртай хоолтой ажлийг таныг хүлээж авсан садан төрөл, ус нутгийн хэн нэгэн чинь олж өгөөгүй л бол та өглөө бүр 05 цагаас 08 цаг хүртэл СААМШИЛ буюу өдрийн ажил горилогчдыг ажил олгогчид зуучлаад тухайн хүний өдрийн цалингаас тодорхой хувийг авдаг оффис маягын газарт очиж бүртгүүлнэ. 05 цаг гучин минутаас эхлэн ажил олгогчид ирж ямар ажилд ямар хүн хэрэгтэйгээ хэлээд сонголтоо хийнэ. Солонгос хүнд ажил хөдөлмөр ажлийн цаг гэдэг хичнээн чухал гэдгийг та нар өөр газраас хайгаад олж уншаарай. Ажил нь чухал солонгос хүн хэзээ ч тавин таваас дээш насны хүн. За мөн илүүдэл жинтэй хүнийг сонгохгүй. Ёстой нөгөө лам олдохгүй үед л ярвагнан байж авна даа. Нэгэнт ярвагнан байж авсан ажилтанаа хөшүүн, хойрго, хэлсэн ярьсанын ойлгохгүй болохоор өдөржин ярвагнаж харааж байгаад арай хийж ажлийн цаг дуусгаад хөөх маягын явуулна. Нөгөө голж авсан хөгшин ажилтан нь будилж мунгинаад буруу зөрүү юм хийвээс юун цалин нтр. Гүйцээ хөөгдөх нь тэр. Энэ насны хүмүүс минь зүгээр л эх орондоо гэртээ үр хүүхэд ач зээтэйгээ гавъяагаа эдлэн амар жимэр амьдар. Энд ирж янтгар ямаан зант солонгос хүнд элдэв дээдээр сонжуулж, заазны мал шиг царай гарган бүү горьд. Таныг үр хүүхэд тань хөөж явуулаагүй л бол бүү наашаа зүглээрэй ах эгч нар минь. Солонгос улсруу та нар ажил хийх гэж биш, эмчилүүлж, аялаж зугаалж юм үзэж нүд тайлах л гэж ирвэл зохино. Мэдээж үр хүүхэд тань таныг яв ажил хий, мөнгө цаас ол гэж явуулахгүй байх. Хэрвээ та зөрүүд, хүний үг авдаггүй хүн бол ажил хийхээр ирээ ир. Таны л асуудал байх. Эргэн тойронд минь таны насны хүмүүс ажил хийнэ гэж ирээд өдөр бүр гологдож, аргаа барсандаа хог буюу цэцэг түүж ачуулаад, ачуулсан цэцэгийн авсан үр хүүхэд нь яах гэж солонгосын хог нааш нь явуулаад байдаг юм. Одоо гэртээ ирээч гэхийг ойр ойрхон сонсоод байгаа болохоор л үүнийг анхааруулж бичиж сууна. Зөрүүдлэж наашаа ирэхийн тулд зардалын мөнгө зээлж ирээд ажилд гологдож, одоо яаж зээлсэн мөнгөө төлнөө гээд сэтгэлээр унасан ахмадуудтай таарсаар л яваа шүү.
Нөхцөл байдал тэтгэвэрийнхэний хувьд үнэн ийм л байна. Учир иймээс та нар минь Эх орондоо гэртээ жаргаж суугаарай. Солонгос улс бол таны ажил хийх газар огтоос биш шүү.
3. АЖИЛЧ ЗӨГИЙ буюу зорилгоо ухамсарлсан хүмүүс.
Бурхан зүг гэж, энэ ангилалд ёстой л ажил хийж бүтээж, олж хурааж, жаргаж цэнгэх гэж төрсөн хүмүүс бий.
Гуравхан сар юм чинь ёстой гай л байна. Амралтын өдөр хэрэггүй. Тэртээ тэргүй би монголдоо өдөр бүр амрангаа ажилдаг юм. Хар үүрээр ажилд гарлаа. Орой 18 цагаас буумагцаа шөнийн буюу эндэх хэлц үгээр ягааны ажилд ачаа буулгах зөөхөөс эхлээд, машин угаалга, хоолны газар халуун ширэм зөөх гэх мэт юу олдоно, тэр ажлийг үл голон уухайлах мэт шүүрч хийнэ. Ийм хүмүүсийг харах урамтай шүү. Харамсалтай нь бас энэ ангилалын хүмүүс тийм ч элбэг биш. Өмнөөс нь үгүй чи ядардаггүй юмуу, амраачээ. Мөнгө юу юм эрүүл мэнд чухал ч гэх шиг мань мэт хэлэхийг инээмсэглээл өнгөрөөнө. Үнэндээ бол тэгж хэлж байгаа над шиг хүмүүс, энэ ангилалынханд атаархсандаа л нэг их санаа зовсон сэтгэл гаргасан хүн болж харагдах гэж байгаа нь энэ. Харин энэ хүмүүс үнэхээр харь нутагт ирсэн зорилгоо огт умартаагүй, залхуучуудын армийн хүмүүс шиг сөжү, макулитай хольж уугаагүй хүмүүс юм. Эх орон нь энэ хүмүүст ар гэр амь амжиргаагаа дээшлүүлэх боломж өгөөгүй учраас, энэ хүмүүс олдсон боломжоо ханатлаа дүүрэн ашиглаж байгаа юм. Хаангүй улсыг зорьж ирж байгаа элэг нэгтэнүүдийн минь цуваа ийм л хүмүүсээр элбэг байвал, та бид эх орныхоо эдийн засгийн үзүүлэлтэнд нөлөөлхүйц хэмжээний, хүмүүний урсгалаар ийш урсаж байгаа билээ. Энэ улсад ир. Ирээд харин бүү залхуур, бүү сөжү макули уу. Харин сайтар ажиллаж хураасан мөнгөөрөө эргээд Эх Орондоо хөрөнгө оруулаарай. Анхааран болгоосонд баярлалаа.
Түшээт Хан аймаг Дайчин вангийн хошуу, Шивэртийн хөндийд нутагтай С.Э.Б
2018 - 03 - 30 SEOUL CITY