Мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцод бүртгэлээ
Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй аж. Мөн хуралд Монголын шувуу хамгаалах төвийн төлөөлөгч төрийн бус байгууллагынхан оролцон үйл ажиллагаагаа танилцуулж, тусгай ага хэмжээнд оролцсон байна. Энэ талаар тус конвенцын үндэсний зохицуулагч БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагаас тодрууллаа.
-Уг конвенцод хэдэн амьтан оруулах санал гаргасан бэ?
-Мазаалай, тахь, хээрийн бүргэд гэсэн гурван амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасныг олон улсын төвшинд дэмжлээ. Олон улс дэмжинэ гэдэг нь уг амьтан устах аюулд өртсөнийг зөвхөн манайх бус дэлхийн бусад орон хүлээн зөвшөөрч, хамгаалах чиглэлээр анхаарч ажиллана гэсэн үг. Түүнчлэн конвенцын нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө талуудын бага хурлын үеэр дэвшүүлж, баталгаажууллаа.
-Конвенцод нэгдсэн орнууд ямар үүрэг хүлээх вэ?
-Монгол Улс Боннын конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна бусад улс оронтой хамтрах шаардлага ч бий. Хонин тоодог гэхэд нүүдэллэж амьдардаг, Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикстан зэрэг 12 оронд тархсан. Тэдгээр улс конвенцод нэгдэж орсон, эсэхээс үл хамааран, уг амьтныг хамтран хамгаалах талаар бид үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгасан. Манай Засгийн газар санал өргөн барьсан гэдэг утгаараа хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах ёстой. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тогтоохоор төлөвлөсөн.
ЭХ СУРВАЛЖ: http://www.mne.mn