ГИШҮҮН БҮРТ ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛСАН БАЙСАН УУ
Хэдэн долоо хоног дараалан дуншсан энэ оны төсвийг тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр байнгын хороо хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хөндсөн нь өчигдрийн дуулианыг дэгдээлээ. Энэ нь гишүүн бүрт хуваарилсан гэх тэрбум төгрөгтэй холбоотой мэдээлэл байв.
Гишүүд байнгын хорооны хуралдааны үеэр багш, эмч нарийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэр гаргасан эсэх талаар Сангийн сайдаас хариулт авахыг хүссэн юм. Иймээс энэ асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС–тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдлөөгүйн дээр инфиляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон. Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна” гэлээ.
Үүнтэй зэрэгцэн төрийн албан хаагчдад нөхөн олговор маягаар олгох 55 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс шийдэж байгаа вэ? гэх асуудал урган гарлаа. Үүнд Сангийн сайд өмнөх Засгийн газар ЖДҮ-ийн зээлийн эх үүсвэр хэлбэрээр гишүүн бүрт олгохоор 72.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан, үүнийг хасаж оруулж байгаа хэмээв.
ЖДҮ-ийг дэмжих сан гэх бүхэл бүтэн сан бий. Гэтэл яагаад тусад нь бүр гишүүн бүрт хэмээх тодотголтой 72 тэрбум төгрөгийг "Мэргэжил”-ийн Засгийнхан "хадгалав”. Эрх баригчдад тэрбум тэрбумаар нь төсөвлөж тодотгол оруулж ирэх нь хэний санаа байсан бэ? Эрх баригчид үнэхээр жижиг дунд үйлдвэр гэх нэрийн дор тэрбум тэрбум төгрөгийг хуваан авах гэж байсан уу? Гэх асуулт олны анхаарлыг татаж байна.
Тэгвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд төвлөрүүлэх 72 тэрбум төгрөг ямар эх үүсвэрээс гарсан хөрөнгө вэ?
Энэхүү аймаг бүрт ЖДҮ хөгжүүлэх зорилготой гэх тодотголтой энэ мөнгийг Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банкнаас жилийн 2 хувийн хүүтэй зээл авч дээрх эх үүсвэрийг бүрдүүлж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Ямартай ч жижиг дунд үйлдвэрлэл нэрээр олгох хөрөнгийг төрийн албан хаагчдад урамшуулал маягаар олгож, тэмцэлд нь хариу өгөхөөр боллоо. Гэхдээ энэ мөнгө төрийн албан хаагчдад амталгаа маягаар очоогүй бол эрхэм гишүүдийн тавгийн идээ болон очиж байсныг үгүйсгэх аргагүй.
П.ГОО
Оллоо.мн