📅

Засгийг яагаад заавал МАН-ын их хурлаас өмнө огцруулах гээд байна вэ?

🕔 2017/08/15 12:09

Засгийг яагаад заавал МАН-ын их хурлаас өмнө огцруулах гээд байна вэ?

 

Энэ жил хаа сайгүй гандуу зуншлаа. Гол, мөрнөөс зайдуу, ой хээргүй зарим нутагт хөрсөн дэрээ 60 хэм хүртэл халжээ. Энэ нь өвөл хатуу, баараггүй зуд болохын дохио болохыг өвгөд сануулж байна. Өвс хадлан ч муу авч, ургац алдах нь  тодорхой болсныг улсын Онцгой комиссоос анхааруулах нь бүр түгшүүртэй.

Гэтэл байгалийн энэ зудаас өрсөөд  улс төрийн зуд эхэлсэн нь сүүлийн үед МАН дотор өрнөж байгаа үйл явдлаас харагдана.

МАН дотор намын даргын зодоон болох нь эртнээс тодорхой байлаа. Дараа нь намын шинэ дарга бодлогоо тодорхойлж, Засгийн газартаа өөрчлөлт хийхийг үгүйсгэхгүй л дээ. Яг дарааллаар нь харвал үйл явдал эхлээд МАН-ын шат шатны хурал, тэгээд УИХ, засаг руу орох байлаа. Гэтэл  сүүлийн үед үйл явдлын дараалал гэнэт өөрчлөгджээ. Дарааллын эхэнд Засгийн газрыг унагаж, дараа нь МАН-ын их хурлыг хуралдуулахыг У.Хүрэлсүхийн залуучууд сэдэж, АН-ын бүлэгтэй хүч хавсрах болсныг сошиалчид шинэ мэдээ болгон цацаж байна. АН-ынхан ч төрийг самрах, засгаар оролдохдоо ч гарамгай, сурсан ганц ажил учир төвөггүй багшилна л даа.    Сүүлийн үед шинэ Ерөнхийлөгчийн багтай илт сүжрэх болсны хүчинд  У.Хүрэлсүхийнхэн сайн багш нартай учирсан нь энэ ажээ.

Үйл явдлын дараалал яагаад солигдов оо.

Хамгийн бодитой шалтгаан нь цаг хугацааны шахалтад оржээ. Хэрвээ ном ёсоор нь, үйл явдлыг яг дарааллаар нь, эрх ашгийн эрэмбээр нь хөөвөл Засгийн газрыг  огцруулах нь цаг хугацааны хувьд бараг боломжгүй үе таараад байгаа юм байна. Гэтэл тэдэнд Засгийн газрыг огцруулж өөрсдөө дарга сайд болох нь чухал учраас төр самрахаас өөр аргагүй болжээ. Намын их хурал бол зорилгодоо хүрэх завсрын буудал төдий  учир алгасахаар шийджээ.

Бяцхан тооцоолол хийе. МАН-ын дүрмээр тус намын даргыг Их хурлаасаа сонгодог. Их хурлаа зарлахын тулд Бага хурлаа хуралдуулах ёстой.  МАН-ын их хурлыг 45-аас доошгүй хоногийн өмнө Бага хурлаасаа товлодог байна. Өнөөдөр наймдугаар сарын 14.  Ардын намынхны амралт дуусаагүй бөгөөд Бага хурлыг товлон зарлах эрхтэй намын дарга М.Энхболдын жиргэснээр бол есдүгээр сард Бага хурлаа товлож буй бололтой. Монголчууд бидний хувьд есдүгээр сарын дунд үеэр намар эхэлж, улс даяар амьдралын шинэ хэмнэлдээ дасан зохицож эхэлдэг. Тэр жишгээр намын  Бага хурал хамгийн наанадаа 9 дүгээр сарын 15-нд хуралдахад тэндээс 45 хоногийн дараа гэж үзвэл 11 дүгээр сарын эхээр МАН-ын Их хурал хуралдах боломжтой болж байна. Тэндээс намын даргаа  сонгоно, магадгүй Засгийн газрыг огцруулж шинэ Ерөнхий сайд томиллоо гэхэд хамгийн багадаа хагас сарын  ажил. Ингэсээр 11 дүгээр сарын 20 хүргэнэ гэж тооцвол энэ үе бол засгийн газрын хувьд цаг наргүй ажилладаг ид үе нь. Ургац, хадлангийн дүнгээ нэгтгэж, өвөлдөө бэлтгэж дууссан байх үе. Үүнээс гадна жил бүрийн улсын төсвийг 11 дүгээр сарын 15 гэхэд батлуулсан байх учиртай. Улсын төсвийг  4 удаагийн хэлэлцүүлгээр батлахын тулд ганц засгийн газар биш, УИХ ч бүтэн сар цаг сунган хуралддаг. Яг энэ  үеэр засгийн газраа өөрчилнө солино гэвэл монголчууд бид 2018 оноо улсын төсөвгүй утгана, улсын төсвөө батлаагүй УИХ тарах хуулийн заалттай. Иймд энэ цаг хугацаанаас өмнө аравдугаар сард засгаар оролдоно гэхээр ургац, хадлангийн ид үе, 9,10 дугаар сарын улсын төсвийг тодотгох их ажил бий зэргийг тэд олж харсан учраас л намын их хурлаас өмнө Засгийн газрыг огцруулахыг илүүд үзээд байгаа бололтой юм.   Өөрөөр хэлбэл, Засгийн газрыг өөрийг нь золиосолж байж  Ерөнхий сайд, сайд болох холын зорилгоо гүйцэлдүүлэх тулд л ойрын үед гарын үсэг цуглуулаад завгүй яваа бололтой.

За тэгээд хэдэн сард Засгийн газрыг огцруулсан ч, шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлнэ, шинэ танхим ажилтайгаа танилцах 100 хоногоо үднэ гээд бодвол энэ өвлийг монголчууд бид туршилтын засгийн газартай үдэж, байгалийн зуд, улс төрийн зуд хоёрт зэрэг зодуулахаар болж байх шиг байна.

Зуд болоход нохой зоолно… гэж. Ирэх өвлийн байгалийн зуднаар нохой зоолж, улс төрийн зуднаар нохойтож чаддаг улс төрчид л зөөлөн суудалд суух нь дээ. Харин ард түмний хувьд овоо тогтворжиж байсан ч, улс төрөө дагаад тогтворгүйтэх  долларын ханш, бензиний үнэ хоёрын өсөлтдөө сөгдөх нь ээ.

http://www.photonews.mn/post/26973.htmlскачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?