АНУ-ын ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг авах хориг арга хэмжээг улам чангатгана
АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу сенат дэмжиж ОХУ, Иран, Умард Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээний тухай хуулийн төслийг өчигдөр буюу пүрэв гарагт санал нэгтэй баталснаар, ерөнхийлөгч Доналд Трампаар эцэслэн гарын үсэг зуруулахаар хүргүүлсэн байна.
Гэвч Сенатын 97 гишүүн дэмжиж ердөө хоёр хүн эсэргүүцсэн шинэ хуулийн төсөлд Доналд Трамп вето буюу хүлээж авалгүй хориг тавих магадлал өндөр байна. Учир нь өнөөгийн нөхцөл байдалтай уялдаатайгаар Оросын эсрэг дахин шинээр авч хэрэгжүүлэх уг хуулийн төсөл тун чухал тул улам илүү чангатгахыг Трамп хүсэх болно гэж Цагаан ордны олон нийттэй харилцах албаны дарга Энтони Скарамуччи CNN телевизэд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. "Трамп хуулийн төслийг байгаагаар нь баталж болох юм. Гэхдээ оросуудын хувьд илүү хатуу нөхцөл тулгах хориг арга хэмжээ авахын тулд вето тавих асуудлаар зөвшилцөх болно" хэмээн энэ доло хоногт уг албанд томилогдсон Скарамуччи ярьсан байна. Гэвч нөгөө талаас улс төр сулаачдын үзэж байгаагаар, хуулийн баримт бичигт гарын үсэг зурахаас өөр аргагүй буланд шахуулчихсан байгаа, эс тохиолдолд түүнийг эргээд Оросуудтай харилцаа холбоотой хэмээн буруутгах болох аж.
АНУ-ын Конгресс өнгөрсөн лхагва гаригт шилжих шөнө ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шийдвэрт хүрсэн бол Сенатаас ОХУ, Иран, Умард Солонгост тавьж буй уг шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр батална гэж парламентийн дээд танхимын гадаад харилцааны хорооны төлөөлөгч Боб Коркер мэдэгдэж байсны дагуу "Хориг арга хэмжээний үндсэн дээр Америкийн дайснуудыг сөрөн зогсох хууль" хэмээх нэрлэгдсэн шинэ хуулинд одоо Доналд Трамп гарын үсэг зурж баталгаажуулах үлдээд байна.
Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дахин тэвчиж дийлэхгүй "балмад бүдүүлэг" хэмээн онцолсон уг хуулийн төсөлд хөндөгдөж буй гол асуудлууд дотор Оросын газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн салбарт, тэр дундаа гүний уснаас газрын тос олборлох, хойд туйлын бүс нутаг, шохойн чулуун давхаргад тандалт судалгаа явуулахад америк технологи ашигладгийг хязгаарлах асуудал орж байгаа юм. Тэрчлэн Оросын газрын тос, байгалийн хий олборлодог компаниуд болон банкуудыг зээлжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмыг чангатгах юм байна.
Олон улсын эрх, хэм хэмжээ, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журам, олон улсын худалдааны зарчмыг зөрчсөн энэ хуулийг тэрчлэн ОХУ-тай хамтын ажиллагаа явуулдаг Англо-Голландын Shell, Германы Wintershall, Австрийн OMV концерн зэрэг Европын компаниуд эсэргүүцэж байна. Германы Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мартин Шеферийн мэдэгдсэнээр, АНУ ийм арга замаар оросын байгалийн хийг Европийн зах зээлээс түрэн гаргахыг зорьж байгаа нь тодорхой бололтой. Тэрчлэн Еврокомиссийн мэдэгдэлд дурьдсанаар, "Европын Холбооны эочим хүчний тусгаар байдалд" уг шинэ хууль хэрхэн нөлөөлөхөд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлжээ.
ОХУ-ын эрчим хүчний зах зээлд хориг тавьсан энэ хууль батлагдсан тохиолдолд АНУ-ын сангийн яаманд Оросын төмөр зам, төмөрлөгийн үйлдвэрлэл, уул уурайн компаниудын эсрэг хориг тавих эрх оолгогдох болно. Тус яамны сайд Стив Мнучин, "хориг арга хэмжээг боломжтой бүх түвшинд хэрэгжүүлэх болно" гэж лхагва гаригт мэдэгдэж байсан бол нэг талаас энэ нь "гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд хязгаар тавих эрсдэлтэй" гэж тэмдэглэсэн байна.
Уг хуулийн төсөлд одоо үйлчилж буй хоригуудыг хүчингүй болгох эсвэл зөөлрүүлэхэд чиглэсэн Ерөнхийлөгчийн боломжийг эрс хязгаарлаж байгаа аж. Ийм алхмуудыг Конгрессын зөвшөөрөлгүйгээр хийхийг Ерөнхийлөгчид хоригложээ. Мөн Москвагийн талаар баримтлах бодлогоо эрс өөрчлөх гэж байгаа тухайгаа хууль тогтоогчдод тусгай илтгэл хэлбэрээр мэдэгдэж байхыг төрийн тэргүүнд үүрэг болгосон байна. Ерөнхийлөгчийн санал болгож буй өөрчлөлтийг дээрх тайлангуудыг хүлээн авах хугацаанаас хамаарч Конгрессын гишүүд хуанлийн 30 эсвэл 60 хоногийн дотор авч хэлэлцэх эрхтэй болжээ. Ингэхдээ чангатгасан хоригийн дэглэмийг бүрмөсөн арилгахын тулд зөвхөн тусгай хууль батлах шаардлагатай болж байгаа юм.