О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын хонзон
УИХ-ын гишүүн О.Баасанхүүг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжинтэй бараг хувийн хонзонтой мэтээр ярьж бичих бий. Тэр ч бүү хэл О.Баасанхүү, Х.Тэмүүжин нар МУИС-ийн Хууль зүйн суургуулийн дээд доод ангид суралцаж байсан учраас оюутан цагийн өс хонзонгийн зүйл бий гэж харддаг хүмүүс ч цөөнгүй бий.
Тэгвэл эрхэм гишүүн маань энэ тухайд тайлбарлахдаа "Х.Тэмүүжинтэй хонзогноод байгаа мэт харагддаг нь цаанаа нарийн учиртай. Х.Тэмүүжин бид хоёр нэг сургуулийн бүтээгдэхүүн. МУИС-д хуулийн чиглэлээр миний доод ангид сурч байсан юм. Тэгэхээр Х.Тэмүүжинтэй муудахгүй байж болно. Энэ утгаараа бид хоёр тухайн үедээ найзлаад,бусад шиг зарим зүйл дээр нэгдээд бие биенээ дэмжээд явж болно. Адилхан хуульч учраас бүхий л зүйл дээр хамтраад эрх ашгаа нэгтгэж болох юм. Яагаад муудаад байгаа юм гэхээр эрх мэдэлтнүүд Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдын суудалд аваачиж ашиглаад "эрх зүйн шинэчлэл” нэртэй эрх зүйн системийн алдаа гаргасан. Маш том алдаа. Одоо энэ шүүхийн байгуулагын тогтолцоог хар. Цагдаагийн байгуулага, Прокурорын байгууллагын тогтолцоог хар. Нийгэмд ийм хортой зүйл хийж байхад яаж дуугүй явах юм. Муудалцахаас өөр аргагүй учраас л маргаж байгаа юм. Х.Тэмүүжингээр ийн шинэчлэл нэртэй хөгийн юм хийлгэж байгаа бүлэглэл байгаа учраас тэр. Түүнээс Х.Тэмүүжин, О.Баасанхүү гэх хоёр хувь хүний дунд ямар нэгэн маргаантай асуудал хувийн зүгээс өчүүхэн ч байхгүй” гэсэн байна.
Ямартай ч нэг сургуулийн хоёр өөр ангид нэг чиглэлээр сурч байсан хоёр маань хонь чоно шиг харьцаж байсан учраас нийт олон энэ хоёрт оюутан цагийн ямар нэг хонзон байна гэж харддаг байсныг нуух юун. Тэгэхээр эрхэм гишүүн энэхүү ойлголтын дагуу ийм хариулт өгчээ. Чухам Х.Тэмүүжингээс байр суурийг нь сонсвол юу гэх юм бол доо.
Х.Баатар
Шуурхай.мн