Дархлаагүй сонгуулийн хууль ба даргагүй цэц
1998 оноос хойш Цэцийн гишүүнээр ажилласан, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын аль альных нь ойн медалиар шагнуулсан, зөнөг гэж дуудуулдаг ч дөнгөж жар гарч яваа Ж.Амарсанаа өнөөдөр гэртээ сууж буй. Түүнийг ажлаас чөлөөлж, амралт өгөх гэж нэлээд олон хоног хөөцөлдсөн УИХ-ын эрхэм гишүүд тойрогтоо айх аюулгүй амар тайван ажиллаж байгаа юм. Айхгүй, амар гэж онцолсон нь шалтгаантай. Хэрэв хаврын чуулганы нээлт хүртэл тэд тойрогтоо хонож өнжөөд, хотод эзгүй байсан бол өөрсдөдөө зориулж баталсан Сонгуулийн нэгдсэн хууль нь Үндсэн хуулийн цэц дээр хүчингүй болж магадгүй байсан гэнэ. Учир нь зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн бусдын сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан тул Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарах магадлалтай байв. Энэ тухай ч иргэн Ц.Шинэбаяр нарын хүмүүс Цэцэд хандаад байсан юм. Тодруулбал, нам, эвслийн нэрийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох, нам, эвсэл байгуулж өрсөлдөх боломжгүй тухай, сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгасан зэрэг нь ижил тэгш боломжийг хязгаарласан гэсэн шүүмжлэл бий. Энэ тухай УИХ-ын бие даагч гишүүд онцолж, тэд Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдэж байсан ч одоогоор хандаагүй байна. Харин иргэн Ц.Шинэбаяр Сонгуулийн нэгдсэн хуулийн есөн асуудлаар өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд Цэцэд хандсан байна. Цэц 14 хоногийн дотор хянаж, маргаан үүсгэх эсэхээ шийддэг аж. Гэтэл хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Энэ асуудлыг хариуцаж авсан Цэцийн гишүүн Д.Солонго ирэх гуравдугаар сарын 11 хүртэл хойшлуулсан гэжээ.
Хэрэв иргэдийн гаргасан гомдлын дагуу Сонгуулийн нэгдсэн хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхээр маргаан үүсгэсэн бол унах магадлалтай байж. Иймд Ж.Амарсанаа даргыг суудлаас нь дариухан буулгахаас өөр гарц байгаагүй. Уг нь Сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн дархлагдсан заалт байдаг. Гэвч энэ заалт алга болчихсон гэдэг. Хувийн ашиг сонирхолоо бодсоор хуульд ийм заалт байгаа эсэхийг гишүүд анзаарах сөхөөгүй явснаас гээчихжээ. Санаатай засвар биш, санамсаргүйн алдаа өөрсдийг эргээд ороосон нь энэ. Зургаан сарын өмнө өөрчилж болохгүй гэсэн заалтаа эрхэм гишүүд өөрсдөө мартсан болохоор Цэц дээр унах аюул нүүрлээд байсан хэрэг. Энэ алдаагаа олж мэдсэний дараа Цэцийн даргыг огцруулахаас өөр гаргалгаа байгаагүй аж. Ингээд 1998 онд Улсын дээд шүүх Ж.Амарсанааг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж томилуулж байсныг эргэж харж, санал болгосон газраар нь эргүүлэн татах саналыг УИХ-д ирүүлж эцсийн шийдвэрийг ээлжит бус чуулганаар гүйцээлээ. Уг нь намрын чуулганаар эцэслэчихээд сонгуулийн бэлтгэлдээ гарах байсан ч сөрөг хүчин тээг тавьсаар хоног хугацаа алдсан юм.
Дайр нь дээр давс гэгчээр Ж.Амарсанааг том машин унаж, байгууллагынхаа ойн баярыг Засгийн газрын мөнгөөр тэмдэглэснийг сөрөг хүчний гишүүн Ц.Нямдорж илчилчихсэн юм. Цэц дээр ямар асуудал байгааг судлуулахаар түүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан байгаа юм. Ингэж хүний гараар могой бариулах аргыг эрх баригчид ашигласан байв.
Ингээд Цэц Сонгуулийн хуулиар оролдож чадсангүй. Харин одоо сонгууль болтол энэ сэдвийг үргэлжлүүлэх боломжтой юу. Даргыгаа явуулчихсан Цэцийн гишүүд энэ хуульд гар хүрдэг л юм бол Цэцийн ордноос хөөгдөх учраас УИХ-аас айж байгаа биз. Нөгөө талаар Үндсэн хуулийн цэц даргагүй, мөн орлогч дарга гэж байхгүй тул эрх зүйн чадамжгүй гэсэн тайлбар бий. Гэхдээ ийм эгзэгтэй үед УИХ улс орны эрх ашигт харш шийдвэр гаргаж болзошгүй аюулыг тооцож байнга ажиллаж байх, даргагүй байсан ч түүнийг хамгийн ахмад гишүүн нь орлож ажиллах заалтыг хуульд тусгажээ. Тэгэхээр Цэц эрх зүйн чадамжтай байх нь. Даанч УИХ-ын гишүүдэд халгаатай асуудлыг хэн нь барьж авах бол гэсэн эргэлзээ байна.
Ийн Ж.Амарсанааг огцруулснаар Цэц тойрсон маргаан дуусаагүй байна. Яагаад даргыг нь огцруулсан, үүнд хэн нөлөөлсөн, түүнийг орлох хүн нь хэн бэ, Цэц хуралдах эрх зүйн чадамжтай юу гээд. Мөн дараагийн даргыг гишүүдийн дотроос сонгох учиртай ч гаднаас, тэр дундаа Төрийн ордноос очно гэсэн таамаг явж байна. Цэцийн гишүүн Н.Жанцан бусдаасаа хамгийн ахмад нь учраас даргын үүргийн түр орлож байгаа гэнэ. Ийм хуультай аж. Харин жинхэнэ дарга нь одоогийн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж болно гэх. Тэрээр цаашид УИХ-д нэр дэвших бодолгүй байгаа бөгөөд туршлагатай парламентч, нэртэй хуульчийн хувьд намаас нь Цэц рүү томилохоор болж буй сураг байна. Энэ тухай эртнээс ярьж байгаа ч өөрөө ам нээгээгүй. Хаврын чуулган эхэлмэгц түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлж Цэцийн гишүүнээр томилж, улмаар Цэцийн гишүүд дотроо санал хураалт явуулж, Р.Гончигдоржийг даргаар сонгох юм байх. Санал хураалт нь нууцаар болж, олонхийн санал авсан нь дарга болох тухай Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заажээ. Болоогүй гишүүн, явуулаагүй нууц санал хураалтын дүнг хэдэн сарын өмнө хэвлэлээр олон нийтэд зарлаж байгаа нь оргүй хоосон зүйл биш. Гэхдээ Улсын Дээд шүүх санал болгосон хүнээ эргүүлэн татах санал гаргаж УИХ-аар шийдүүлсэн учраас орон гарсан гишүүнд нэр дэвшүүлэх эрх Дээд шүүхэд бий. Тэгэхээр Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, түүнийг нь УИХ баталж, дараа нь Цэцийн нийт гишүүдийн дундаас даргаар сонгох бололтой. Ингэж асуудал цааш хөврөх ч түүнээс өмнө өмнөх даргыг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тал бүрээс нь тайлбарлаж байна. Мэргэжлийн хуульчид ч байр сууриа илэрхийлсэн байна билээ. Энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянана, маргаан үүсгэнэ. Харин энэ асуудлаар Цэцэд ханддаг иргэн, үүнийг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргах том зүрхтэй гишүүн Цэцээс олдох болов уу. Энэ бол Сонгуулийн хуулиас ч том сэдэв болно.
Цэцийн даргыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн үү, Цэц эрх зүйн чадамжтай эсэх талаар УИХ дахь МАН, АН-ын бүлгийн төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм.
МАН-ын бүлгийн гишүүн Д.Лүндээжанцан:
-Цэц бол онцгой субъект. Дараагийн хүнийг томилогдтол чөлөөлөгдсөн, эсвэл хугацаа нь дууссан гишүүн бүрэн эрхээ эдэлнэ гэсэн тусгайлсан заалттай. Цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг өдөр ч байж болохгүй. Цэцийн гишүүнийг чөлөөлсөн нь цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчсөн. Бид Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хүнийх нь хувьд хамгаалж өмгөөлж байгаа юм биш, Үндсэн хуулиа хамгаалж байна. Үндсэн хуулиа хамгаалж байгаагийн цаад утга нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн үг. Энэ бол хоорондоо уялдаа холбоотой асуудал юм. Ж.Амарсанаа гэдэг хүн МАН-ын гишүүн юм байна гэдэг талаас нь асуудлыг мушгиж байна. Гэтэл энэ хүн академич, хуульч эрдэмтэн, АН-аас Хууль зүйн сайдад томилогдон ажиллаж байсан. Энэ хүн алдсан оносон уу гэдэг нь тусдаа асуудал. Энэ хүнийг чөлөөлөх асуудал нь Үндсэн хууль зөрчиж орж ирсэн.
АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан:
-Эргүүлэн татах хууль эрх зүйн үндэслэл нь маш тодорхой байгаа. Хууль зөрчсөн гэж үзвэл санал болгосон байгууллагынх нь саналаар, эсвэл УИХ өөрөө эргүүлэн татах боломжтой. УИХ-ын даргаас Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод нэгдүгээр сарын 26-нд бичиг явуулсан байгаа. Түүнд ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанаа нь хууль зөрчсөн. Хүчин төгөлдөр болоогүй хуульд цэц маргаан үүсгэсэн байна гэж дурдсан. Тэгэхээр хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ Улсын Дээд шүүхийн даргаас саналыг нь авахаар албан бичиг явуулсан. Хариуд нь "Энэ асуудал дээр тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаа шийд” гэсэн бичиг ирсэн. Ингээд УИХ Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр эгүүлэн татсан. Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Одоогийн байдлаар Цэцийн гишүүдээс хамгийн ахмад нь Н.Жанцан байна. Тэрээр хуулийн дагуу даргын үүргийг орлоно. Иймээс Үндсэн хуулийн цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой.
М.Ганцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин