📅

Монголын төр хүний эрхийг хөсөр хаялаа

🕔 2015/12/23 10:21

 

Олон улсын хүний эрхийн өдөр саяхан тохиосон. Уг нь энэ өдөр эрх нь зөрчигдсөн хүмүүсийг  хамгаалахаар тэмцдэг, тэдний төлөө дуугардаг хүмүүсийн баярын өдөр байв. Гэвч баярын хурлаа хийж, шагнал урамшууллаар бялхаж байх ёстой өдрөөрөө тус байгууллагынхан хэвлэлийнхэнд хандаж зовлонгоо ярьж суув. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Хүний эрхийн асуудал өдөр бүр, цаг мөч тутам яригдаж байдаг. Хоол шиг, орон байр шиг хэрэгцээтэй зүйл. Хүнийг амьдралын төвшин, албан тушаалаар нь ялгаварладаггүй. Манай ажилчид хүний эрхийг хамгаалахын төлөө өдөр, шөнөгүй ажиллаж байдаг. Гэтэл цалингийн зардлаас эхлээд манай байгууллагын төсвийг 100 сая төгрөгөөр танаснаас болж цаашид хэрхэн ажиллахаа мэдэхгүй боллоо” гэж мэдэгдэв.

Түмний өмнө гарахаараа иргэдийнхээ эрхийг хамгаална гэж ярьдаг сайд, дарга нар цаашлаад Монголын төр хүний эрхийг хөсөр хаясны илрэл энэ. Учир нь яам агентлагуудаас хамгийн бага төсөвтэй ч их ажилладаг. Энэ байгууллагын төсвийг 100 сая төгрөгөөр танаж тодотгосон байна. Одоо эрх нь зөрчигдөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих төрийн үйлчилгээ буурах нь. Цалингийн зардлыг 10 хувиар хассан гэхээр ажилтнуудаа цомхотгож таарах биз. Тэр хэрээрээ зорилтод бүлгийн иргэддээ хүрч  үйлчилж чадахгүй нь. Эдийн засаг хямарсан энэ үед нэг гэр бүлийг ч гэсэн орлоготой байлгах үүднээс байгууллагын дарга Ж.Бямбадорж "Манай ажилтнуудын ихэнх нь эмэгтэйчүүд. Хүмүүс өдөрт найман цаг ажилладаг бол бид бараг 24 цагаар их ачаалалтай ажилладаг. Өмнө нь эмэгтэй ажилчдаа цөөхөн жирэмслээсэй гэж боддог байсан бол одоо аль болох олон хүн хүүхэд гаргаасай гэж бодож байна. Жирэмсний тэтгэмжээр аргалахгүй бол сүүлийн саруудад цалингүй ажиллах юм байна” гэдгээ нуулгүй хэлж байна.

ХЭҮК өмнөх жилүүдэд улсаас  их мөнгө авсан уу гэвэл үгүй. 2014 оныг дуустал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шугамаар олон төсөл амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тэр хэрээрээ ном, сонин хэвлэх материалынхаа зардлын 70-80 хувийг гадны мөнгөөр аргалдаг байж. Харин энэ жил тэрхүү олон улсын төсөл хөтөлбөрүүд нь үндсэндээ зогсжээ. Тэгэхээр жилдээ 600 гаруй гомдол хүлээн авч зохих журмаар нь  шийдвэрлэдэг энэхүү данс нь улайсан байгууллагад  төр засгаас өөр алгаа тосох арга байхгүй.

Төсвийг танасан асуудал өнгөц харвал ялихгүй асуудал мэт харагдавч цаанаа Монгол Улсын нэр хүнд олон улсын төвшинд яригдах асуудал болжээ. Тодруулбал, тус байгууллагад гадаад томилолтод нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй гэнэ. Үүнээс үүдэж гарах хохирлын талаар ганцхан жишээ дурдахад Монгод Улсын  ХЭҮК Ази номхон далайн Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг толгойлдог. Хурал нь жилд хоёр удаа  болдог. ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэргэд ажилладаг бизнес ба хүний эрхийн ажлын хэсгийн гишүүн болсон. Мөнгө байхгүйн улмаас өнгөрсөн сард болсон хуралд очиж чадаагүй гэнэ. Гэтэл ХЭҮК-ын даргад "Ажлын хэсэгт нь орчихоод дахиад нэг удаа хуралд суухгүй бол хасна” гэсэн сануулга иржээ. Дараагийн хурал нь ирэх гуравдугаар сард болох юм. Хэрэв мөнгөгүйн зовлонгоосоо болоод очиж чадахгүй бол үг дуугүй хасагдах нь.

Мөн ХЭҮК Олон улсын зохицуулах товчооны гишүүн, НҮБ-ын чуулган дээр төрийн тэргүүнүүдийн оролцсон баримт бичгийн талаарх тайлангийн хурал гээд Монголын нэр яригдах олон хурал зөвлөгөөн байгаа гэнэ. Энэ бүхэнд оролцохгүй бол Монголчуудын хүний эрхийн асуудалд олон улсын байгууллага анхаарал хандуулахүй, төсөл хөтөлбөр хэрэгжих­гүй, бүр цаашилбал Монгол Улсын хүний эрхийн байгууллага төдийгүй улс даяараа олон улсад нүүргүй болох нь тодорхой боллоо.

 Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байгаа ХЭҮК өнөөдөр байр, холбоо, автобааз гээд 30 гаруй сая төгрөгийн өртэй сууна. Ингээд тоочоод байвал хүндрэл бэрхшээлтэй олон асуудал бий. Хүний эрхийн асуудал дарга, цэргийг ялгадаггүй учраас сайд дарга нар нэгийг бодох байх. Энэ бол ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн хэлснээр "Үглэн дуулал” биш шүү.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?