А.Энхболд: Бидэнд иргэдээ, нутгаа гэсэн том эрх ашиг л бий
Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч А.Энхболдыг "Ярилцах цаг” булангийнзочноор урилаа.
-Дархан-Уул аймаг удирдах шатандаа бужигнаж ИТХ-ын даргаа огцрууллаа, Засаг даргаа солилоо, улстөржилт хэрээс хэтэрлээ гэсэн мэдээлэл өнгөрсөн хугацаанд байнга цацагдаж ирлээ. Бодитоймэдээллийг таны амнаас сонсъё?
- Дархан-Уул аймгийн ИТХ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд хуралдаж, намайг Засаг даргаар сонгосон юм.
Хурлын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг есдүгээр сарын 18-нд батламжилснаар би Засаг даргын ажлыг хүлээж авсан. Дархан-Уул аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Тухайн үед гурван хүн нь "Сонгуулийн хууль зөрчсөн” гэсэн Дээд шүүхийн шийдвэрээр хасагдчихсан байсан. Тиймээс тэр өдрийн хуралдаанд 30 төлөөлөгчийн 21 нь оролцож, гуравны хоёр хувийн саналаар шийдвэр гаргасан юм. Улстөржилт бол байгаа, одоо ч бий. Жишээ нь, энэ сарын 2-нд л гэхэд аймгийн ИТХ хуралдсан. 2015 оны төсвөө тодотгож, 2016 оны төсвийн төслийг баталсан юм. Энд олонх хуралдаж шийдвэрээ гаргасан. Гэтэл сошиал ертөнцөд "Дархан бужигнаантай байна, ёс зүйгүй асуудлууд гарлаа. Засаг дарга нь ч, ИТХ-ын дарга нь ч огцорлоо” гэсэн мэдээлэл хүчтэй цацагдсан. Гүжирдлэгийн шинжтэй ийм мэдээллийг хэсэг хүн санаатай зохион байгуулж олон нийтэд цацаж байна. Хурлын үеэр янз бүрийн юм гарсан. Мэдээж ИТХ асуудалд олон өнцгөөс хандах, байр суурь зөрөлдөх, маргах асуудал байдаг. Гадны парламентыг харахад зодоон нүдээндээ хүрч байх нь бий. Манай Дарханынхан арай тэрэндээ хүрээгүй. Гэхдээ ёс зүйтэй холбоотой асуудлууд гарсан. Бид иргэдээсээ итгэлийг нь авч сонгогдчихоод ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа нь буруу. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Ёс зүйгүй хүмүүстэйгээ хариуцлага тооцох, иргэдээсээ уучлал гуйх талаар ИТХ-ын даргатай ярьж байгаа.
-Гүжирдлэгийг хэсэг хүн санаатай тарааж байна гэлээ. Ямар шалтгаанаар тийм үйлдэл хийж байгаа юм бол?
- Өмнөх ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр нэг намаас сонгогдсон хүмүүс байсан. Тэгсэн атлаа хоёр тийшээ хараад суучихсан. Дарханд ажил цалгардаж байсан нь тэдний хоорондын зөрчилтэй холбоотой байсан. Одоо бол хоёр өөр намын төлөөлөл байгаа. ИТХ-ын дарга АН, би Ардын намаас сонгогдсон ч ний нуугүй хэлэхэд, намтайгаа жаахан зөрчилтэй байна. Учир нь Дарханаас УИХ-д сонгогдсон Д.Хаянхярваа гэж хүн байдаг. Тэр хүн найман жил санхүүгийн албаны дарга хийсэн. Мөн найман жил Засаг даргаар ажилласан. Их хурлын гишүүн болоод мөн найм дахь жилдээ явж байна. Тэр хүний нөлөө, гар хөл бологсод энд байдаг. Тухайлбал, Д.Хаянхярваа "Энхболд надаас Засаг дарга болъё гэж зөвшөөрөл хүссэн бол би зөвшөөрөх байсан” гэж хэлж байгааг би гайхаж байгаа. Яахаараа нутгийн удирдах ёсны байгууллага, Иргэдийн хурал шийдвэр гаргаж байхад би тэр хүнээс зөвшөөрөл авах ёстой юм. Өмнө нь Эрдэнэбат, Насанбат гэж хоёр дарга байсан. Тэд Д.Хаянхярваа гишүүний гар хөл болж, дохио зангаагаар нь ажилладаг байсан. Би тэр зарчмаар яваагүй. Нутгийн удирдлагууд ширээ залгамжлах маягаар одоо тэр, дараа нь энэ гэсэн байдлаар явж ирсэн нь миний үед эвдэгдсэн. Тиймээс Дарханд тогтоосон өөрийн нөлөөг алдахаас айж, ЗДТГ-ын ажилтан, төрийн албан хаагчдаар дамжуулж бужигнаан үүсгэх, үймүүлэх "Ажил хэвийн бус явж байна, ИТХ-ын дарга, Засаг даргын ажил уначихлаа” гэсэн мэдээлэл тарааж, бидний ажлыг харлуулах зорилготой аливаа зүйлийг зохион байгуулж байгаа. Дээр нь өмнө байсан дарга нар сандал, ширээтэйгээ ихээхэн зууралдсан. Тэр нь ийм байдлаар гарч байна. Нэг үгээр хэлбэл, эрх мэдлээ алдах, нөгөөтэйгүүр энд хийсэн бусармаг үйлдлүүд нь илрэхээс айж байгаагийн илрэл юм.
-Иргэдийн зүгээс өмнөх дарга нартай холбоотой гомдол гарч байгаа дуулдсан?
-Ер нь бол газартай холбоотой гомдол, санал их ирж байна. Ашиглалтын хугацаа дууссан машин техник, тоног төхөөрөмжийг Д.Хаянхярваа гишүүн, түүний ах дүү, хамаатан садан болон Засаг дарга асан С.Насанбат нар шахсан гэх асуудал гарсан. Энэ мэт олон зөрчил зах зухаасаа илэрч байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа. Тэр талаар холбогдох байгууллагуудаас асуух нь зүйтэй болов уу.
-Дархан руу ирэх замдаа иргэдийн амнаас "Засаг дарга манай Бурхантын хөндийн унаган хүүхэд. Өөриймсөг ажиллах байх” гэсэн яриаг сонсч явлаа. Дарханчуудын тэр итгэлийг нь та юугаар хариулах бол?
-Би Дарханд төрж өссөн, эндхийн унаган хүүхэд. Аав минь Агваан гэж спортоор хичээллэдэг, аймгийн арслан цолтой, санхүү эдийн засгийн мэргэжилтэй хүн байсан. Нутгийнхан миний аавыг андахгүй. Ээж минь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул. УБДС -ийг Сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр төгсч Дарханы цэцэрлэгт багшилж, орон нутгийн боловсролын салбарыг хөгжүүлэх чиглэлд насаараа ажилласан. Одоо тэд маань энд Буянт хан уулынхаа өвөрт нойрсч байна. Бид эцэг, эхээс гурвуул. Бидний, миний ажил амьдрал, үр хүүхэд, гэр бүл бүгд энд үүссэн. Бүх зүйл маань Дархантай холбоотой. Дархан хот ирэх жил 55 жилийн ойгоо тэмдэглэнэ. Түүх сөхөхөд өнгөрсөн хугацаанд Дарханаас төрсөн Засаг дарга нэг ч байгаагүй. Анхных нь би. Тиймээс худал ярьж, хуурч мэхлэх юм надад байхгүй. Дарханчууд намайг, би ч тэднийгээ сайн мэднэ. Надад Дарханыхаа төлөө, иргэдээ амар тайван, эрүүл, аюулгүй орчинд амьдруулъя гэсэн чин сэтгэл бий. Иймээс энэ ажлыг хийе, алдаа оноо байвал засъя гэж зорьсон. Гэвч надад улс төрийн дарамт, шахалт их ирж байна. Хэл ам, хэрүүл маргаан ч дуусахгүй төлөвтэй. Гэхдээ би үүнээс айхгүй. Ямар ч байсан энд 20-30 жил ороогүй салхийг оруулъя. Төрийн албыг төрлийнх болгосон, тухайлбал тэр Хаян гишүүний дүү, энэ эгч нь, тэнд С.Насанбатын ах дүүс, энд Эрдэнэбатын охин гэх юм уу ах дүү, амраг садан гэхчлэн цус ойртсон буруу жишгийг өөрчлөх, эмчлэх ажлыг хийе. Надад ямар ч эрсдэл ирсэн хамаагүй. Би ингэж зориглож, хамгийн гол нь ажил хийе,хөгжилд чөдөр болсон зүйлүүдийг таслая гэж зорьсон. Түүнээс ямар нэг улс төр, шоу хийх сонирхол алга.
-Таныг АТГ-аас цөөнгүй удаа шалгасан. Ямар асуудлууд байсан юм бэ?
-Улстөртэй холбоотойгоор худал ярьсан, хулгай хийсэн, төсвийн мөнгө хумсалсан юм надад байхгүй. Би өмнө нь хувийн компанитай, бизнесийн чиглэлд ажиллаж байсан юм. Гэтэл Д.Хаянхярваа, С.Насанбат нарын зүгээс манай компанид 2-3 удаа татварын болон янз бүрийн шалгалт оруулсан. Тэндээс зөрчил гараагүй. Дараа нь үйлдвэрлэлийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан газраа зарсан наймаалсан гэсэн үндэслэлээр дахиад АТГ-т өгч шалгуулсан. Би 2012 оны Дархан-Уул аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-ын жагсаалтад хоёрдугаарт жагсч иргэдийн төлөөлөгч болсон юм. Тэр үед жагсаалтын нэгдүгээрт өмнөх Засаг дарга С.Насанбат байсан юм. Тэгсэн атлаа намын жагсаалтынхаа хоёрт орж, сонгуульд өрсөлдөж байгаа намайг газар зарсан гээд АТГ-т өгчихөж байсан. Уг нь нэг намын хүмүүс. Гэтэл янз бүрээр өө сэв эрж, шалтаг шалтгаан хайдаг. АТГ шалгаад газар зарсан, наймаалсан зүйл байхгүй, зориулалтын дагуу үйлдвэрлэл явуулж байна гэдгийг тогтоосон. Гэтэл сая дахиад тэр асуудлаараа АТГ-т өгсөн. Өөр сэдэв тэдэнд байдаггүй, нэг л юмтайгаа зууралдаад байдаг. АТГ шалгаад хариуг нь өгсөн.
-Тэгвэл ямар ч боловсролгүй хүн Дархан-Уулын Засаг дарга боллоо гэсэн мэдээлэлд та ямар тайлбархэлэх бол?
-Үнэнийг хэлэхэд, тэгж ярьж байгаа хүмүүсийн өмнөөс би ичиж байгаа. Тэр мэдээллийг тарааж байгаа хүнийг ч сайн мэдэж байна. Д.Хаянхярваа гишүүн намайг сургууль төгсөөгүй, боловсролгүй гэсэн мэдээллийг улс даяар зарлаж, өөрийн твиттер, фейсбүүкээрээ тараасан. Намайг хариу мэдэгдэл хийгээгүй болохоор хүмүүс ямар ч боловсролгүй хүн Дарханы Засаг дарга болжээ гэж ойлгосон шиг билээ. Ер нь бол тэр хүн Дархан-Уул аймгаас сонгогдчихоод, сүүлийн нэг жил ирсэнгүй. Иргэдтэйгээ ч уулзсангүй. Тэгээд өвөлжилт хүндрэхээр байгааг улс даяар сэрэмжлүүлж, төсөв батлах болчихсон гээд бодлогын том асуудлууд явж байхад надтай, миний дипломтой ноцолдоод баймгүй. Би ч гэсэн тийм жижиг сэдвээр яриад баймааргүй байна шүү дээ, хийх ажил ч их байна. Та харин сэтгүүлчийн хувиар миний дипдломуудыг үзэж болох юм. /Тэрээр ШУТИС-ийг 1996 онд Зураг хөдөлмөрийн багшийн мэргэжлээр төгссөн дээд боловсролын,Уридлагын хөгжлийн институтийг 2001 онд бизнесийн удирдлагын чиглэлээр, Их британийн удирдлагын академийн Монгол дахь салбарыг нийтийн албаны менежментээр төгссөн, Рояль академид төрийн удирдлагаар магистр хамгаалсан дипломоо гаргаж үзүүлэв/.
-Бас таныг халаа, сэлгээ их хийж байна гэсэн шүүмжлэл байна?
-Намайг ажил авсан эхний өдөр 5-6 хүн өөрсдөө өргөдлөө өгсөн. Тамгын газрын дарга л гэхэд надтай огт уулзаагүй. Уг нь төрийн ажлын залгамж чанар байх ёстой. Өмнө хийж байсан ажил, Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хөгжлийн бодлого гээд олон зүйл байх ёстой. Гэтэл надад түүнийгээ өгөх бүү хэл шууд зугтсан. Тэр хүмүүст төрийн ажлыг явуулъя, юм хийе гэсэн сэтгэл байхгүй. Зөвхөн хуучин дарга байсан С.Насанбат гэдэг хүний нөлөөнд тойрон хүрээлэл маягаар явсан тал харагдаж байна. Тэдний оронд томилгоо хийхээр хүмүүсийг олноор халж сольж байна гэхчлэн хэл ам дэгдээдэг. Өөр асуудал ч бас байна. Жишээ нь, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан хүнийг С.Насанбат дарга ямар ч шалтгаангүй халсан байсан. Тэр хүн шүүхээр яваад ажилдаа орсон. Энэ мэт өмнөх даргын хууль бусаар хийсэн, эсвэл өөсрдөө өргөдлөө өгсөн асуудлыг улстөржүүлж байна.
-Та ИТХ-ын даргатайгаа хэр ойлголцож, хамтарч ажиллаж байна вэ?
-ИТХ-ын даргаар мөн Дарханд төрж, өссөн хүн сонгогдсон. Бид намчирхах бус хамтраад ажиллая гэж байгаа. Орон нутагт эдийн засгийн байдал хүнд байна. Дээр нь иргэд улстөржилтөөс залхжээ. Сая нөхөн сонгууль болоход маш цөөхөн хүн оролцсон учраас ирц хүрэлгүй хойшилсон.Дахиад сонгууль явуулахад мөн л ирц тааруухан байсан. Энэ юу хэлж байна гэвэл, хүмүүс улстөрөөс залхчихаж, амьдрал нь ч маш хүнд, өнөө, маргаашийн хоолны асуудлаа л ярьж байна шүү дээ. Тэгэхээр орон нутгийг удирдаж байгаа бид иргэдээ яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэдгийг ярих ёстой болохоос улстөржих хэрэггүй юм. ИТХ-ын дарга бидний хооронд Дарханыхаа иргэдийн төлөө, хөгжлийн төлөө хөтлөлцөөд явъя. Сонгуулийн үеэр нам нь хаашаа явна, тийшээ зүг чигээ гаргах биз. Бусад үед улстөржихийг болъё гэж ярьсан, ойлголцсон. Ингээд бүх ажлаа уялдуулж, төлөвлөж байна.
-Ингэхэд та Засаг даргын тамгаа гардаж аваад, ажлаа юунаас эхлүүлэв?
-Нэн тэргүүнд өвөлжилтийн байдалд анхаарсан. Цаг нь ч тулчихсан байсан. Яагаад гэвэл, улстөржилт явагдаж өвөлжилтийн бэлтгэл ажил нь орхигдчихсон байсан. Аймгийн Засаг дарга орон нутгийнхаа онцгой комиссын дарга нь байдаг. Тиймээс би ажил аваад хоёр хоногийн дараа аймгийн онцгой комиссыг хуралдуулсан. Тухайн үед явж байсан ажлын тайлан мэдээг үзэж, доголдолтой газруудад өөрийн биеэр очиж ажилласан. Тухайн үед зарим сумд өвөлжилтийн бэлтгэлээ муу хангаж, Шарын голд дулааны шугам зогссон байсан. Өр авлагаас болсон хоёр талын маргааныг хагалахаар 2-3 удаа хурал хийсэн. Эцэст нь олон жилийн хур өрний асуудлаар шийдэл гаргаж, Шарын гол сумыг дулаантай болгосон. Аймгийн төвд гурван цэцэрлэг халаалт, дулаангүй болчихоод байсныг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс асуудлыг шийдэж, 1000 гаруй хүүхдийг цэцэрлэгт нь хамрууллаа. Энэ мэтээр өвөлжилтийн бэлтгэл ажлаа базааж, одоо 92 хувьтай явж байгаа. Дэд бүтцийн асуудлууд бүгд хэвийн, халаалт, дулаангүй гэсэн асуудал байхгүй.
-Эдийн засгийн хүндрэлийг давахын тулд Засгийн газраас аймгуудын төсвийг багасгасан. Танай аймагхэмнэлтийн горимд ажлаа хэрхэн уялдуулж байна?
- Дархан-Уулын орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгө 10 дахин багассан. Тиймээс зайлшгүй хийх ёстой ажлын дараалал гаргаж, ардчилсан маягаар шийдэх нь зүйтэй гэж үзсэн. Алба, хэлтсийн дарга нар бүгд сууж байгаад иргэдийн санал бодол, иргэний танхимаар ирсэн санал хүсэлтэд тулгуурлан хийх ажлаа эрэмбэлдэг. Тухайлбал, Хуримын ордон барих уу, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн ордон барих уу гэдэг асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулсан. Олонхийн саналаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ордон барихаар болсон. Төсөв хөрөнгө хүнд байгаа ч бид дараагийн хийх томоохон ажилд унадаг дугуйн иж бүрэн замтай болох ажлыг төлөвлөсөн. Хөдөлгөөн, эрүүл мэнд, эдийн засгийн хэмнэлт талаас хүмүүс дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломж нээгдэнэ. Дархан онцлогтой хот. Социализмын үед илгээлтийн эзэд тал талаас цуглаж, олон орноос мэргэжилтэн ирж, үйлдвэр аж ахуйн газрууд байгуулж байсан. Өнөөдөр түүндээ түшиглээд аж үйлдвэрийн парк байгуулах бүрэн боломжтой. Төсвөөс хасагдсан ажлууд, аймаг, орон нутгийн санхүүжилтээр хийх ажлуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр "Бизнес-хөрөнгө оруулалтын чуулган” зохион байгуулахаар бэлтгэж байгаа.
-Ярилцлагын төгсгөлд та Дархан-Уулынхан, монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Монголчууд, монгол хүн улстөржилт, талцал хуваагдлаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Талцал, зөрчил газар авснаас улс орны байдал, иргэдийн амьдрал хүнд байна. Ялангуяа аймаг, сум жижиг газруудад. улстөржилт хэрэггүй. Аль болох ойлголцож, хоорондоо эвтэй байж, хуулиа хэрэгжүүлж, зөв зүйл хийж, алдаа оноогоо засч байж цааш явна. Талцал үргэлжилбэл хямрал улам гүнзгийрч хүнд байдалд орно. Тиймээс эвтэй байж, дор дороо үүрэгт ажлаа сайн хийж, иргэдийнхээ төлөө, Дархан хотынхоо хөгжлийн төлөө хамтдаа явъя гэж хэлэх байна даа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих