📅

Арилжааны банкуудыг номхотгох ОУВС-гийн зорилт

🕔 2017/05/31 10:36

Арилжааны банкуудыг номхотгох ОУВС-гийн зорилт

 

Өнгөрсөн өдрүүдэд Монголбанкны өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсэг нийгмийн сэтгэл зүйд бараг л "бөмбөг дэлбэлэв”. Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал болон түүний багийнхан "Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон бас бус зорилтот хөтөлбөрийн шугамаар улсад 14 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн тэд үзсэн. Учир начрыг нь тунгаах нь ээ зорилтот төсөл хөтөлбөрийн цаана зорилготой шамшигдуулалт байсан гэж урьдчилсан байдлаар УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд оношлож буй.

 

Гэхдээ энэ бол Монгол Улсын банк санхүүгийн салбарт үүссэн ганц эрсдэл биш. Бүр тодруулбал, Олон улсын валютын сантай хөтөлбөр хэрэгжүүлэх яриа хэлэлцээр эхлэхтэй зэрэгцэн цаад талаас манай улсын банк санхүүгийн салбарт хөндлөнгийн буюу шударга ауцит явуулах зайлшгүй шаардлагатай хэмээн учирласан байдаг. Ингэхдээ тэдний зүгээс арилжааны банкнууд давхар бизнесийн үйл ажиллагаа явуулж, хэт их эрсдэл үүрч байгааг онцолсон гэдгийг хэлэлцээрт орсон ажлын хэсгийн гишүүдээс дуулгасан нь бий. Өөрөөр хэлбэл, иргэдээс хадгаламж татаж, түүгээрээ өөрсдийн бизнесийн санхүүжүүлэх замаар эргээд төлбөрийн чадвараа сулруулж байгаа тухай тайлбар юм. Үүнийг харин нотлохын тулд холоос жишээ авч, арилжааны банк тус бүрийн данс руу өнгийх шаардлагагүй. Товчхондоо энэ бол нүдэнд ил байгаа алдаа дутагдал.

 

Өөрөөр хэлбэл, Монголын 14 арилжааны банкаас ердөө ганцхан нь буюу Төрийн банкнаас бусад нь бүгд давхар давхар бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр банкнаас тасарсан үр могой мэтээр шууд тайлбарлаж болохгүй ч санхүүжилт олох хүндрэл, эрж хайх бэрхшээл тэдэнд байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбал, тодорхой чиглэлийн бизнесээ дэмжиж хөрөнгө оруулалт хийх давуу эрх нь бараг л заягдмал эрх мэт болж ирсэн. Гэтэл дэлхийн улс бусад улс орнуудад арилжааны банкууд өөр төрлийн бизнесийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байдгийн дээр бусдын үр дүнтэй, эдийн засгийн санал санаачилгыг санхүүжүүлэх замаар ашиг сонирхлоо хадгалж үлддэг. Харин манайд эсрэгээрээ. Тиймээс ч зөвхөн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд гэхэд Анод, Монгол шуудан, Зоос зэрэг арилжааны банкууд дампуурлын ирмэгт хүрч тэдгээрт Монголбанк төлөөлөгчөө томилох замаар асуудлыг шийдвэрлэж байсан нь саяхан. Үүн дээр, Худалдаа хөгжлийн банкийг "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахад зуучлалын үйлчилгээ үзүүлсэн, өөрийн охин компани болох "Монголын зэс корпорац”-д шууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тухай асуудал хөндөгдөхөд мөн л УИХ-ын гишүүд "Арилжааны банкууд энэ том эрсдлийг үүрснээр эргээд Монголын ард түмэн хохирно” гэдэг сэдвийг хөндөж байсан. Нэг үгээр хэлбэл, иргэдийн, аж ахуйн нэгжийн хадгаламжийн мөнгө хаана байна вэ гэж.

 

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэр бүхий долоон арилжааны банкны зээлжих зэрэглэл ВЗ ангиллаас шууд CAA1 буюу хамгийн муу зээлжих зэрэглэлийн ангилал руу унатлаа буурсан. Үүнийг мэдээж Монгол Улсын эдийн засгийн чадавхитай холбон тайлбарлаж болох ч эргээд арилжааны банкуудын өөрийнх нь дотоод нөөц боломж, чадавхиас ангид үзэх боломжгүй юм.

 

Дараагийн арилжааны банкуудын үйл ажиллагааг нягталж, тодорхой эрх ашгийг хамгаалах ёстой сэдэв бол ипотекийн зээл. Төв банкнаас ипотекийн зээл олгохоор санхүүжилт авдаг ч эцсийн бүлэгтээ өөрсдийн харилцагч буюу хамтрагч компаниудынхаа барилгын бизнесийг дэмжиж байгаа нь нууц биш болсон. Тэр дундаа, сүүлийн үеийн аль ч арилжааны банкуудын зээлийн ажилтны амнаас "Манайх өөрсдийн харилцдаг барилгын компаниудынхаа барилгад зээл олгоно” гэдэг тайлбарыг хийдэг болсон. Харамсалтай нь, Төв банкнаас энэ асуудлаар үүрэг өгсөн гэж ярьдаг ч эцсийн дүндээ хий хоосон яриа, хэлэлцээ төдийхнөөр асуудал үргэлжилсээр байгаа.

 

Үүн дээр, өнгөрсөн зургаан сарын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийж хэрэгжүүлсэн бас нэгэн бодлогын хэрэгжилтийг тодотгох хэрэгтэй. Энэ нь тэтгэвэр, тэтгэмжийн зээлийн хүүг 15 хувь, эмч, эмнэлгийн ажилтан, багш, сургуулийн ажилтнуудын цалингийн зээлийн хүүг 18 хувь болгож бууруулах санаачилга гаргаж ХААН, Төрийн банктай тохиролцоонд хүрч, зорилтот бүлгийн иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн явдал. Гол нь ХААН, Төрийн банкны энэ шийдвэртэй холбогдуулан нэр бүхий арилжааны банкууд тэтгэвэр, тэтгэмжийн зээлийн хүүгээ бууруулж эхэлсэн. Тэгэхээр арилжааны банкуудад хүүгээ бууруулах боломж, ашигтай ажиллах нөхцөл байдаг болж таарч байгаа юм. Гэтэл тэр бүхнийг үл зөвшөөрөн өнөөдрийг хүртэл арилжааны банкны хатуу хүүний нөхцлийг иргэд нуруун дээрээ үүрч, хоол ундаа харамлан байж төлж ирсэн байдаг. Ийм байхад арилжааны банкнуудын үйл ажиллагаанд хяналт тавих, үндсэн актавынх нь мэдээлэл үнэн бодитой эсэхийг нягтлах, бусдаас хуримтлуулсан хадгаламжийн мөнгөөрөө өөр бусад бизнесээ санхүүжүүлдэг дэг журамгүй бодит байдлыг цэгцлэх, бүр тодруулбал номхотгох Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т талархах хэрэгтэй юм. Мэдээж, үүн дээр Төв банкны үйл ажиллагааг Засгийн газрын ашиг сонирхлоос салгаж, төсөв, төсөвтэй холбоотой алдагдлыг санхүүжүүлдэг, сайн дурын ивээн тэтгэгч мэтээр хандаж ирсэн дадал зуршлыг ч тэд таслан зогсоохоо амласан гэдгийг онцолъё. Иймд энэ хөтөлбөрийн цаана арилжааны банкны хуулиас давсан эрх ашгийг номхотгох ирэх гурван жилийн хөтөлбөр хэрэгжээд дууслаа гэхэд үр дүн нь ард түмнийх байна гэж найдая.

 

Н.БАЯРТСАЙХАН: БИД ХҮНДРЭЛЭЭС ГАРАХ АРГА ЗАМЫГ СОНГОЖ БАЙНА

УВС-тай бид өнгөрсөн 2016 оны 7, 8 дугаар сараас эхлүүлсэн энэхүү хэлэлцээр нэлээд удаан хугацаанд, амаргүй, тал талаасаа өөрсдийн байр суурь санал бодлоо уралдуулсан, Улаанбаатар хотод ч, Вашингтон хотод ч хэд хэдэн үе шаттайгаар явагдсан. Монголын эдийн засагт үүссэн нөхцөл байдал амаргүй, хүнд хэцүү байгаа учраас бид гаднын дэмжлэг, тэр дундаа олон улсын банк санхүүгийн байгуулгагуудын дэмжлэгийг авч хүндрэлээс гарах замыг сонгосон.

 

О.ЭРДЭМБИЛЭГ: ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН АРАВДУГААР САРЫН СҮҮЛЭЭР ГАРНА

-Арилжааны 14 банкинд үнэлгээ хийх компанийн тендер явж байна. Зургадугаар сарын дундуур сонголтоо хийж дуусгана. Үүнээс хойш хөндлөнгийн актив үнэлгээний мэргэжилтнүүдтэй хамт арилжааны банкууд дээр ажиллана. Үнэлгээний үр дүн энэ оны аравдугаар сарын сүүлчээр гарах юм. Банкны системийн хувьд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 12 хувь байхаас 18 байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байх ёстой ч одоо 40 хувь байгаа. Ерөнхийдөө систем эрүүл байна гэж хэлж болно. Мөн хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны хувьд дөрвөн багц асуудал байгаа. Нэгдүгээрт, Мөнгөний бодлогын асуудал байгаа. ОУВС-гаас өнөөдрийг хүртэл Монголбанкнаас барьж ирсэн мөнгөний бодлогыг сайшаасан.

Цаашид энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайжраад ирэхээр мөнгөний бодлого сулрах нөхцөл, бололцоо бүрдэх юм. Хоёр дахь зүйл нь ипотекийн хөтөлбөрөөс бусад төсөвтэй адилавтар зардлын арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байх чиглэлээр ОУВС-тай тохирсон. Гуравдугаар асуудал нь хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбарт үнэлгээ хийгддэг ба банкны салбарт мөн үнэлгээ хийнэ. Дөрөвдүгээрт, Монголбанк дээр одоо хийгдэж буй банк санхүүгийн салбарын нэгдсэн орчинг боловсронгуй болгох засаглалын асуудал байна. Энэ асуудлыг Монголбанк хэрэгжүүлж байгааг ОУВС сайшаасан бегөөд энэ ажлуудыг үргэлжлүүлээд явна.

 

НЕЙЛ САКЕР: Хөтөлбөрийн нэг зорилго банкны системийг эрүүлжүүлэх 

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч

-Монгол Улсын хувьд тулгарсан хүнд нөхцөлд туслалцаа үзүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд хамгран ажиллахаар шийдсэн. Хөтөлбөрийн санхүүжилттэй уялдан Монгол Улс бүс нутгийн бусад орноос дэмжлэг авч чадсан нь хөтөлбөр батлахад чухал нөлөө үзүүлсэн. Нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орох бөгөөд хувийн хэвшлийн санхүүжилт нэмэгдвэл зургаан тэрбум гаруй ам. доллар болно. ОУВС-гийн үйл ажиллагааны түүхэнд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийг ДНБ-тэй харьцуулахад хамгийн томд тооцож болохоор байна. Хөтөлбөрийн үндсэн зорилт нь эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж, урт хугацаанд хүртээмжтэй өсөлтийг бий болгоход оршиж байна. Мөн сүүлийн 15 жилд Монгол Улсын эдийн засагт ажиглагдсан өндөр өсөлт, огцом уналтын мөчлөгийг таслан зогсооно. Цаашид эдийн засгаа найман хувиар тогтвортой өсгөх бололцоо Монгол Улсад бий. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гарган Төсвийн зөвлөлийг байгуулж, татварын орчинд дүн шинжилгээ хийж, зардал нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдүүлнэ гэж төлөвлөсөн. Хөтөлбөрийн дараагийн зорилго нь банкны системийг эрүүлжүүлэх, Монголбанкны хяналт шалгалтыг боловсронгуй болгох, засаглалыг бэхжүүлэх явдал юм. Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй, тогтвортой банкны системийг бий болгож эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэнэ. Үр дүнд нь зээлийн хүү буурна гэсэн найдвар байна. Гуравдугаар тулгуур хэсэг нь нийгмийн эмзэг бүлгийн хамгаалалтыг бууруулахгүй, нийгмийн халамжийг аль болох зорилтот бүлэгт чиглүүлж, ядуу эмзэг бүлгийнхэнд татварын нэмэгдлийн ачааллыг үүрүүлэхгүй байхад анхаарч байна.

 

КОШИ МАТА: Банкнуудын хяналт шалгалтад мөрддөг журмыг боловсронгуй болгох хэрэгтэй

ОУВС-ын ажлын хэсгийн ахлагч

-Бидний нэг том зорилтот ажил бол Төв банкны төсвөөс гадуурх үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ юм. Төсвийн алдагдлыг бууруулах гэдэг нь энэ цогц арга хэмжээний нэг хэсэг. Нөгөө талд нь Хөгжлийн банкны үйл ажиллагааг эмх цэгц оруулахаар саяхан Хөгжлийн банкны хуулийг шинээр батлуулсан. Энэ хүрээнд өмнө нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор нэлээд олон асуудал үүссэн байсныг цэгцэлж, цаашид цэвэр зах зээлийн нөхцөлөөр ажилладаг байгууллага бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Дараагийн гарч байгаа томоохон өөрчлөлт нь Монголбанкны хувьд дан ганц мөнгөний бодлого, үнийн болон санхүүгийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулж, өмнөх шиг төсөвтэй адилтгах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүйгээр үүргээ гүйцэтгэх болно. Монголбанктай мөнгөний бодлого хатуу байх байр суурьтай гэдгийг харилцан ойлголцсон байгаа. Төгрөгийн ханш уян хатан байх боломжоор хангагдсан байх ёстой. Төв банкны хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Монголбанкнаас банкны салбарыг бэхжүүлэх маш том арга хэмжээ төлөвлөсөн байгаа бөгөөд энэ нь манай хөтөлбөрийн гол хэсэг. Юун түрүүнд банкнуудын бодит нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хөндлөнгийн хараат бус байгууллагаар үнэлгээ хийлгэж тогтоолгоно. Хоёрдугаар асуудал, хүндрэл бэрхшээл илрүүлсэн банкуудын үйл ажиллагааг нь бэхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гуравдугаарт банкуудын хяналт шалгалтад мөрдөгддөг дүрэм журам заавруудыг мөн боловсронгуй болгох ёстой. Энэ бүх үйл ажиллагааны үр дүнд Монгол Улсын банкны салбар маш хүчирхэг, тогтвортой, бат бөх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд шаардлагатай, бизнесийн болон хувь хүнд хандсан зээлийн эх үүсвэрийг гаргах чадвартай болж үлдэх юм.

Г.ОТГОНЖАРГАЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?