Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн дэлхийн аварга боллоо
Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 30- 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болов. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорисон байна. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцсон бөгөөд тэд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна.
Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн
Тус тэмцээнээс Дархан-Уул аймгийн Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн Эмэгтэй, атлетик-бие бялдар ангилалд алтан медаль хүртэн дэлхийн аварга цолтон боллоо. Тэрээр мөн эмэгтэйчүүдийн фитнесс ангилалд хүрэл медалийг хослуулан авч Дарханчуудаа төдийгүй Монгол түмнээ баярлууллаа.
Ийнхүү Монголын баг тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 Алт, 2 Мөнгө, 3 Хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо иржээ. Тодруулбал:ДАШТ-ий алтан медалийг Г.Угалзцэцэг, Б.Бадамсүрэн /Эм, атлетик-бие бялдар ангилал/, А.Ичинноров /Эмэгтэйчүүдийн фитнесс ангилал/ нар хүртсэн бол Н.Чинзориг /Эр, залуучууд ангилал/, Түвшинбаяр /Эр, модел ангилал/ нар мөнгөн медаль хүртсэн юм. Харин Б.Бадамсүрэн /Эм, фитнесс/, Л.Саруулбат /Эр, Бодибилдинг, 70 кг/, Г.Жамц /Эр, Бодибилдинг, 75 кг/, Дуламрагчаа /Эр, мастер ангилал/ нар хүрэл медаль хүртсэн байна.
2016 оны ДАШТ-ийг амжилт дүүрэн үдсэн Монголын бодибилдинг, фитнессийн холбоо ирэх онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах юм байна.