📅

Монголын жүдочид дэд байрт жагслаа

🕔 2015/11/24 10:19

Тэмцээний эхний өдөр зодоглосон бөхчүүд медалийн дийлэнхийг хамсан байна. Тэдний дотроос дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ Д.Сумъяа 57 кг-д өрсөлдөгч бүхнээ төвөггүй ялснаар анхны алтан медалийг хүртсэн бол дараагийн өдөр нь олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ёстой нударга заан учраа бүхнээ ялсаар хоёр дахь алтан медалийг авчирлаа.

Ингэснээр Чиндаогийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулав.Хаана, ямар ч тэмцээнд зодоглосон медалиас мултарч байгаагүйгээрээ хамгийн найдвартай тамирчин гэгдэх болсон Доржсүрэнгийн Сумъяа жиндээ дэлхийд тэргүүлдэг юм.

"А” хэсгийг тэргүүлэн барилдахдаа тэр эхний тойрогт гоц мөргөж, дараагийн даваануудад учраа бүхнээ тун түвэггүй буулган авч хагас шигшээд Австрийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Сабрина Филзмосерийг цэвэр дарж финалджээ. Дараа нь аваргын алтан медалийн төлөө Германы бөх, дэлхийн аваргын хүрэл медальт Ропер Мирямыг бас цэвэр орхиж түрүүлэв.

Тэгвэл уг тэмцээнэс авсан хоёр дахь алтан медалийн эзэн Н.Түвшинбаяр өрсөлдөгч бүхнээ цэвэр ялснаар шигшээд шалгаран улмаар алтан медалийн төлөө өөрийнхөө мөнхийн өрсөлдөгчдийн нэг Казахстаны бөх Максим Раковтой хүч үзэж торгуулиар ялж аваргалав. Н.Түүнтэй өмнө нь зургаан удаа таарч ялж байж.

Энэ удаа тун хүндхэн барилдаан хийж хэн хэнээсээ оноо аваагүй ч онооны илүүгээр хожсон байна. Бас эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн хошой аварга Д.Төмөрхүлэг нар алтан медалийн төлөө барилдсан ч аз дутаж мөнгөн медалийн тавцанд зогссон юм. Д.Төмөрхүлэг Азербайжаны Нижат Шихали­задад, М.Уран­цэцэг Японы Фүна Тона­кад дийлджээ. Түүний жинд өрсөлдсөн Г.Отгон­цэцэг хүрэл медалийн болзол хангасан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон, Б.Бат-Эрдэнэ нар зодоглосноос А.Цолмон медалийн тав­цанд хүрч хүрэл медаль зүүсэн байна. Чин­даогийн гранпри томоо­хон тэмцээний нэг. Алтан медальтан 300, мөнгөн медальтан 200, хүрэл медальтан 100 оноог олимпийн эрхийн цуг­луулгадаа нэмэрлэсэн юм.

Уг тэмцээнийг Японы баг таван алт, нэг мөнгө, гурван хүрэл, нэг тавдугаар байрын амжилтаар тэргүүлсэн бол манай баг, тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайгаар 59 орноос удаалав.

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?