📅

Г.Мэнд-Ооёо: Бид түүх, хэл соёлоороо бахархах учиртай

🕔 2015/11/12 11:37

Өнөөдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн. Энэ өдрийг их эзэн Чингис хааны төрсөн өдөр хэмээн "Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Дэлхийн урлаг, соёлын академийн байнгын гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо энэ өдөр Төрийн тэргүүн зэргийн шагнал "Чингис хаан” одонгоор шагнагдаж байна. Түүнтэй ярилцлаа.

-Танд "Чингис хаан” одонгоор шагнуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа.

-Танд энэхүү шагналыг олгож байгааг нүдээ олжээ гэж олон хүн ярьж байх юм. Та өөрөө ямраар тусгаж, шагналаа хүлээн авч байна вэ?

-Өндөр нэр хүндтэй, томоохон шалгууртай шагнал юм гэж ойлгож байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Тэр хараа нь намайг олж харж шалгуурт тэнцэж байна хэмээн жилд ганцхан хүнд олгодог уг шагналыг би хүлээн авч, баярлаж байна.

-Өнөөдөр Монгол бахархлын өдрийг тэмдэглэж байна. Тэгэхээр та энэ өдрийн утга учрыг уншигчид, залууст цөөн үгээр тайлбарлаж хэлнэ үү?

-Монгол бол энэ бөмбөрцөг дээр хүн төрөлхтний соёл иргэншлийн уугуул нэг гал голомт мөнөөс мөн. Чингис хаан түүхэн шалгуурыг даван гарч олон үеийн турш бий болгосон энэ буурин дээр анхны төрт улс Монгол хэмээх их эзэнт гүрнийг байгуулсан болохоор хамгийн том утга агуулга давхацсан өдөр болж байна. Энэ өдрийг монголоороо, үндэс угсаагаараа, хэл соёлоороо бахархах өдөр гэж хэлж болно. Эх сайхан нутаг, түүн дээр үлдсэн түүх соёлын арвин их дурсгал, тэр дотор Чингис хааны маань төрийн бичиг болгож дээдэлсэн монгол бичиг, үндэсний хэлээр бид бахархахгүй юм бол юугаараа бахархах юм бэ. Монгол хэлээр бүтээгдсэн "Монголын нууц товчоо”-ноос эхлээд агуу их туульсууд бий. Түүнээс нааших бичгийн мэргэдийн бүтээсэн түүх, утга зохиол, яруу найргийн их өвийг бид уншиж судлах бүрийдээ бахархаж байдаг юм. Өнөөдрийн хэт их мэдээлэлд цадсан эрин зуунд даяаршиж байгаа үед өөрийн үндэсний бахархлыг үе үе сануулж байх нь чухал юм даа.

-Та сая дэлхийн яруу найргийн 35 дугаар их хуралд оролцсон. Ямар сонинтой ирэв?

-Энэ их хурлын удирдах бүрэлдэхүүнд би багтдаг юм. Бас уг их хурлыг зохион байгуулдаг Дэлхийн урлаг, соёлын академид дэд ерөнхийлөгчийн сонгуультай ажилладаг. Саяын их хурал ээлжит сонгуулиа хийсэн юм. Иймээс би зайлшгүй очих учиртай. Монголоос 15 зохиолч, яруу найрагчдын өргөн бүрэлдэхүүнтэй очлоо. Тэгээд их хурлын нээлт болон зарим үйл явдалд оролцоод ирсэн. Ингээд араас ирж байгаа мэдээгээр миний хувьд дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байна. Бас баяртай сайхан мэдээнүүд байна. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир Дэлхийн урлаг, соёлын академийн дээд шагнал "Гарамгай яруу найргийн төлөө” алтан медаль хүртсэн байна. А.Эрдэнэ-Очирын англи хэлээр хэвлүүлж аваачсан ном олон орны яруу найрагчдын анхаарлыг их татжээ. Бас яруу найрагч Б.Уянсүх дэлхийн яруу найргийн академийн антологид орсон бүтээлээрээ 300-гаад уран бүтээлчдийн дотроос эхний зургаад шалгарсан байна. Ийм л олз омогтой явлаа.

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?