Л.Болд гишүүн гүтгэв үү, С.Бямбацогт сайд гүрийгээд байна уу?
Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгээс 200 гаруй хуудас бүхий дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар зэхэж байна. Дэд сайд Б.Энхбаяр "Хөгжлийн банкны таван жилийн үйл ажиллагааг шалгахад 1.3 их наяд буюу тухай өдрийн ханшаар 700-гаад сая ам.доллартай дүйх хэмжээний асуудал илэрсэн” хэмээн зарласан. Тус банкаар дамжуулан Чингис бондоос зээл авсан компаниудын нэрс ч ил болчихоод байна.
Олонхи, цөөнхийн дунд хэрүүлийн алим үүсгэсэн уг асуудлаар цөөнгүй улстөрчид зөрүүтэй байр суурь илэрхийлж эхэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд "Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд дотор Хуульзүйн сайдын компани хүртэл байна” хэмээн УИХ-ын чуулганы хуралдаанд мэдэгдэж, мөрөөр нь С.Бямбацогт сайд яаран сандран няцаалт хийсэн юм.
Тэрээр "Хөгжлийн банкнаас С.Бямбацогт миний бие болон гэр бүлийн гишүүд, миний хувь эзэмшдэг компаниуд нэг ч төгрөгийн зээл аваагүй. 2015 онд Хөгжлийн банкийг шалгая гэж байхад энэ асуудал яригдаж эхэлсэн. Энэ үед нь би Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурор, Хөгжлийн банкинд хандаж, надтай холбоотой зээлийн асуудал байна уу, хууль бусаар албан тушаал, эрх мэдлээ ашигласан зүйл байна уу, шалгаж өгөөч гэж хандсан. Ингэхэд Хөгжлийн банк тантай холбоотой зээл байхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн. АТГ, Нийслэлийн прокуророос танд хэрэг үүсгэх үндэслэл алга, хууль зөрчсөн зүйл алга гэж бичгээр мэдэгдсэн” хэмээгээд дээрх байгууллагуудаас гаргаж өгсөн албан бичгүүдийг үзүүлж уснаас хуурай гарахыг оролдов.
Ингэхээр УИХ-ын гишүүн Л.Болд төрийн сайдыг гүтгэж, өндөр нэр хүндэд нь зүй бусаар халдсан болж таарч байна.
Тиймээс уг асуудлыг мөшгиж, холбогдох баримтуудыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тодорч байна. Хэвлэлээр нэгэнт ил болсон Чингис бондоос зээл авсан компаниудын жагсаалт дунд С.Бямбацогт сайдын үүсгэн байгуулсан Нью Прогресс ХХК баараггүй байна. "Томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын өргөтгөл, шинэчлэлт (улсын хэмжээнд)” гэсэн төсөл дээр Нью Прогресс ХХК бусад нэр бүхий компаниудын хамт 11 тэрбум 87.6 сая төгрөгийн зээл авсан нь жагсаалт дахь баримтаар нотлогдож байна.
Нью Прогресс компани нь Хуульзүй, дотоод хэргийн сайдтай салшгүй холбоотойг илэрхийлэх баримтууд хангалттай олдож байна. Хамгийн наад зах нь парламентын албан ёсны цахим хуудаст байршуулсан С.Бямбацогтын намтарт 2000 оноос эхлээд Нью Прогресс ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн, улмаар группийнхээ ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч гэсэн албан тушаалууд дээр ажиллаж байсныг дурдсан байна.
Ж.Батсүх, О.Чинзориг нарын бүтээсэн "Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц” номонд "Япон төдийгүй дэлхийд нэртэй бизнесмэн Тадао Касио "Касио” фирмээ төрсөн дүүтэйгээ байгуулж байсанчлан С.Бямбацогт Нью прогресс компаниа мөн л дүүтэйгээ үүсгэж, ялалт, амжилт бүхнээ хамтдаа хуваалцаж чадсан” гэж бичжээ.
Эдгээрээс дүгнэхэд УИХ-ын гишүүн Л.Болд төрийн сайдыг гүтгэсэнгүй. Харин Хуульзүй, дотоод хэргийн сайд өөрөө АТГ-т гаргаж өгч байсан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2011 оноос хойш тусгаж ирсэн Нью Прогресс компани сүүлийн ХОМ буюу 2015 оныхоос нь ямар нэг шалтгаанаар хасагдсан байна.
З.Энхболдын удирдаж байсан өмнөх парламентаас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулж, шалгалттай холбоотой таагүй мэдээллүүд дэлгэгдэж байсан 2015 онд УИХ-ын гишүүн С.Бямбацогт хожмоо бодож, Хөгжлийн банк, АТГ зэрэгт хандаж өөрийнхөө талаар албан бичгүүд гаргуулан авч, дараа оных нь хоёрдугаар сард 2015 оны Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахдаа Нью Прогресс группээ эзэмшлээсээ гаргасан байсан нь эндээс тодорч байна. Ийм нөхцөлд Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өөрийн үүсгэн байгуулсан Нью Прогресс группээ ямар учир шалтгааны улмаас хэний нэр дээр, хэрхэн шилжүүлсэн тухайгаа олон нийтэд ил тод тайлагнах шаардлага үүсч байна.
Тэгвэл эрхэм сайд маань үнэхээр шударга, ёс зүйтэй улстөрч болж харагдана.