АЙМГИЙН ИТХ-ЫН 3 ДУГААР ХУРАЛДААН 2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН 6-НД ТОВЛОГДЛОО
Өнөөдөр /2016.09.15/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал боллоо. Хурлаар 9 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 6 асуудлыг нь хэлэлцэн баталж, 3 асуудлыг нээлттэй хэвээр үлдээлээ.
Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай
2016 онд 40 жилийн ой нь тохиож буй Залуучууд театрын ахмад ажилтан Я.Алтанхүүг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, аймгийн Соёл урлаг, нийтийн тээвэр, боловсролын салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан 6 хүнийг Алтан гадас одонгоор, 6 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид уламжлав.
Гудамж талбай нэрэмжит болгох тухай
Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 20-р зүйлийн 20.1.14 дэх заалт, ”Хаягжуулалтын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дэх заалт, МУ-ын ЗГ-ын 2013 оны 280-р тогтоолын 2.1.2 дахь заалтыг үндэслэн, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас "Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тээвэр дархан ХХК/Дархан зах/-ны зүүн урд уулзвараас Төмөр замын 8-р байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох”-оор шийдвэрлэлээ.
Шинэ-Хуучин Дарханыг холбосон хатуу хучилттай авто замд нэр олгох тухай
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойг тохиолдуулан Дархан сумын 8,9,10,12,15-р багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан захын зүүн талын уулзвараас Мангирт 10-р хэсгийн гэр хороолол хүртэлх авто зам, түүний зорчих хэсгийг "Барилгачдын өргөн чөлөө” хэмээн нэрлэхээр боллоо.
Орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын аймгийн нэгдсэн дүнг батлах тухай
Тэргүүлэгчдийн хуралд аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүх Орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогын аймгийн нэгдсэн тайлан дүнг танилцуулсан бөгөөд Тэргүүлэгчдээс Орон нутгийн өмчийн ашиглалтыг сайжруулах, зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад байнгын хяналт тавьж ажиллахыг тус албанд үүрэг болголоо.
Үйлдвэрлэл технологийн паркийн нутаг дэвсгэр, байршил, бүсийг шинэчилэн тогтоох тухай
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчийн 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Үйлдвэр технологийн паркийн байршлыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлахаар баталсан байдаг.
Гэтэл энэхүү сургалт эрдэм шинжилгээний бүсийн байршилд "Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу суурьшлын бүс” тодорхой хэсэгт давхцаж байгаа тул өөрчлөлт оруулахаар санал оруулсныг Тэргүүлэгчид хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Уг шийдвэрт Дархан сумын 12 дугаар баг, 24, 25-р хорооллын зүүн, 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсгийн ард 100 га газрыг үйлдвэрлэл технологийн паркийн 3-р бүс хамаарч байгаа юм.
Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудлуудыг батлах тухай
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус гуравдугаар хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдуулахаар товыг баталлаа.
Тус хуралдаанаар "Аймгийн 2016 оны төсөвт тодотголд хийх”, "Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл батлах тухай”, "Аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай” асуудлуудыг хэлэлцэх юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих