📅

Байр түрээслэж бизнес хийгчдээс татвар аваач

🕔 2016/08/30 09:16

Байр түрээслэж бизнес хийгчдээс татвар аваач

 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал нэлээд хүнд шат руугаа орчихсон байгаа. Үүнийг эдийн засагчид ч хэлж байна. Эрх барьж байгаа МАН-ынхан бол бүр "давс” нэмээд, илүү сүржигнээд байгаа. Гэхдээ хэн нь юу гэж ярихдаа гол биш, эдийн засгаа одоо л эрүүлжүүлж авахгүй бол бид хэцүүхэн байдалд тун удахгүй орно гэдэг нь үнэн.

 

Харин эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ. Одоогоор Засгийн газар төсөв хэмнэх аргыг нэн түрүүний сонголт болгож, чадах бүхнээ хийх гэж оролдож байна. Төсөв хэмнэх "дайн”-д хэн илүү хохирох гээд байгааг харвал ард түмэн. Мэдээж төсвийн хэмнэлт хийхдээ хэт өндөр цалинтай дарга нарын халаасалж буй мөнгөний тодорхой хувийг төр авч үлдэх гэж байна. Оюутнуудад өгч байгаа халамжуудыг зогсоохоор болж байгаа бололтой. Дээрээс нь дарга нарын утасны мөнгө, гадаад руу явах зардал гэх мэт үр ашиггүй урсгадаг мөнгийг танах сураг байсан. Гэх мэт олон зөв шийдвэрүүд гарсан.

 

Үүнтэй зэрэгцээд хүүхдийн 20 мянгыг зогсоох, дараа нь хүүтэй өгөх ч гэх шиг. Автомашины албан татварыг дахин нэмэх. Иргэдийн амьдарч байгаа байрнаас ам.метрээр нь тооцож татвар авах гэх мэт ард түмний халаасыг тэмтэрсэн бодлого ч гарч ирлээ. Уг нь тухайн иргэн ганц орон сууцтай байгаад, тэр нь хэдэн ч ам.метр байсан яадаг юм. 150-аас дээш ам.метртэй байранд амьдарч байгаа дундаж амьдралтай иргэн өчнөөн л байгаа шүү дээ.

 

Тэд бага зэрэг том талбайтай, 3-4 өрөө орон сууцанд амьдарснаараа төрд ямар гай болчихоов. Энэ мэт буруу шийдвэрүүдээ харж үзэх л хэрэгтэй. Харин татвар авах гээд байгаа бол бүх хүнийг хамруулах хэрэгтэй. Зөвхөн ажил хийж, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа иргэдийнхээ голыг харлуулахын оронд шүү дээ. Тухайлбал, Улаанбаатар хотод зөвхөн орон сууц түрээслүүлээд, асар их ашиг олж байгаа хүн олон байгаа. 

 

Хувьдаа 10, 20, цаашлаад 50 байртай хүн хүртэл байна гэсэн тоо яваад л байсан. Бүр статистик бүртгэлээр 10, 20 байртай гэдэг нь тогтоогдчихсон, АТГ шалгаад байсан шүү дээ. Тэр хүмүүс олон байраа сардаа багадаа л 400 мянган төгрөгөөр түрээслэж байгаа. Цаашлаад өрөөний тоо, талбай нь томорч, хотын төвдөө ойртох тусам илүү үнэтэй болдог. 10 байртай, түүнийгээ түрээсэлдэг хүн сард хамгийн багадаа дөрвөн сая төгрөг элбэг олчихно. Гол нь түүнээсээ татвар төлж байгаа бил үү. Өнөөдөр орон сууцны үнэ буурахгүй, хөөсөрсөн чигтэй байна. Орон сууцны компаниуд байрныхаа үнийг буулгахгүй гүрийгээд байгаагийн нэг нөлөө нь энэ ч байж болно.

 

Олон байртай хүмүүс түрээсэлж олсон мөнгөө хэдхэн сар цуглуулаад л дахиад нэгийг авчихна. Бүр олон байр түрээсэлдэг бол ганц, хоёрхон сар болоод л нэгийг худалдаж аваад байх боломжтой шүү дээ. Тийм болохоор энэ төрлийн бизнес эрхэлж байгаа нөхдүүдийн халаас руу гар дүрэх цаг аль хэдийнэ болсон. Зөвхөн ажил хийж, сардаа 500-800 мянган төгрөгийн цалин авч байгаа иргэдээсээ хүн амын орлогын албан татвар гэж аваад байдаг. Тэр нь 10 хувь. Гэтэл сардаа хэдэн саяын цалинтай хүнээс ч адилхан 10 хувийн татвар авдаг.

 

Бүр олон байр түрээслээд, хэдэн арван саяар нь ашиг олж байгаа хүмүүсээс татвар авч ч чадахгүй тийм л тогтолцоо Монголд байна. Уг нь 500 мянган төгрөгийн цалинтай хүнээс тав, сая давсан цалинтай бол 10. 2, 3 сая төгрөгийн орлоготой бол 15 хувь гээд арай өөр системээр авдаг тогтолцоотой болох цаг болсон л байлтай. Гэвч тэд чаддагаар нь бидний л халаас руу гар дүрчих гээд чичрээд байна.  Уг нь хувьдаа гурваас дээш орон сууцтай бол дөрөв дэхээс нь тэдэн хувийн татвар авна гээд л хуульчлаад өгчихөд болмоор санагдах юм. Тэгэхээр нь өөрсдийнхөө бизнес рүү гар дүрэх болчихоод хэцүү байдаг юм байлгүй дээ.

 

Эх сурвалж: mminfo.mn/ Пунцагболд

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?