“Хэмнэлт” хөтөлбөрт дэд сайдуудыг хамруулъя
Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчдын зардлаас тэвчиж болох бүхнийг хэмнэх зорилт тавьж, "Хэмнэлт” хөтөлбөрийг гаргаж ирлээ. Энэ бол Монголын төрд сүүлийн жилүүдэд үгүйлэгдэж байсан хамгийн том хөтөлбөр байлаа. Үүнийг зоригтой эхлүүлэхээр болсон одоогийн Засгийн газарт гайгүйхэн үнэлгээ өгчихмөөр байна.
Гэхдээ А бол арай л чангадана. Нэг С орчимд л үнэлэх гээд байгаа юм. Учир нь одоохондоо Засгийн газраас зөвхөн төрийн өмчийн том том компаниудын захирлуудын цалинг л тодорхой хувиар хасахаар болоод байна. Цалингаа хасуулах гэж байгаа нөхдүүд нь сардаа 5, 10, цаашлаад 30-аас дээш сая төгрөгийг цалин нэрээр цүнхлээд л сууж байдаг эрхмүүд. Монголын төрд юу хийж гийгүүлж, ямар баялаг бүтээж, хувь нэмрээ оруулсан болоод сардаа 30, 40 сая төгрөг авна вэ, тэд. Ийм хүмүүсийн цалинг 60 хүртэл хувиар бууруулахаар болсон учраас одоогийн Засгийн газарт С үнэлгээ өгөөд байна. Ер нь бол манай улсад хэмнэж болох үргүй зардлууд маш их байгаа. Тухайлбал, яам, тамгын газруудад байгаа хийх ажлаа олж ядсан олон төрийн албан хаагч бий. Сүүлийн хэдэн жил "хэрүүлийн алим” болчихоод байсан дэд сайдын суудал ч үүнд багтана. Тэртэй тэргүй дэд сайдын суудал албан тушаалын наймааны хэрэгсэл болчихоод байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ. Тэр дундаа сонгуулийн өмнө тарсан, одоо хууль хяналтын байгууллагынхны эвлүүлэг гэж "зүтгэсэн” бичлэг ч үүнийг баталчихсан.
Яах вэ, Ж.Эрдэнэбат өмнөх Ерөнхий сайдыг бодвол 15 яамтай Засгийн газраа байгуулсан нь арай л цөөн. Гэхдээ яамныхаа тоог цөөлсөн мөртлөө дэд сайдын суудлаа хэвээр үлдээчихсэн нь буруу шүү дээ. "Шийдлийн” гэх тодотголтой Засгийн газрын үед МАН-ынхан өөрсдөө юу ярьж, хэлж, дайрч байж 17 дэд сайдыг албан тушаалаас нь чөлөөлүүлж байлаа. Жилдээ тэрбум төгрөг хэмнэнэ, тэр мөнгөөрөө өөр юм хийе гэх мэтээр сайхан сайхан зүйл ярьж байсныг одоо ч иргэд санаж байгаа байх. Гэтэл ердөө л жилийн дараа өөрсдөө сонгуульд ялалт байгуулаад, үнэмлэхүй олонхи болчихсон мөртлөө хэлсэн ярьснаа мартаад, дэд сайдын суудлаа сэргээгээд гаргаад ирлээ. Ядаж байхад дэд сайдын суудалд очиж байгаа нөхдүүд нь дандаа "бялуу” хүртэгсэд болж таарсан. За тэр "бялуу” хүртэх эрхтэй хүмүүс нь байж л байг, хамаагүй. Байх ч ёстой биз.
Гэхдээ заавал дэд сайдын гэх хэрэггүй, хиймэл албан тушаал бий болгож, улсын төсвийг үргүй зарж, "бялуу” хүртээх шаардлага байгаа юм уу. Өөр өчнөөн л албан тушаал, ажил байна шүү дээ. "Шийдлийн” Засгийн газрын үед нэг дэд сайд сардаа 4-4.5 сая төгрөгийн зардалтай гэх тоо баримтыг гишүүд ярьж байсан. Сайдын сарын цалин 1.4 сая төгрөг, цаашлаад туслах, жолооч, утас, шатахуун гэх мэт зардал нь нийлээд 4-4.5 сая төгрөг болдог байсан юм байх.
Ингээд тооцоод үзэхээр тухайн үед 17 дэд сайдыг цомхотгосноор улс 800 саяас нэг тэрбум хүртэлх төгрөгийн зардлыг хэмнэж байжээ. Тэгвэл одоо 15 дэд сайдыг "Хэмнэлт” хөтөлбөрт хамруулаад, сандлаас нь буулгачихвал улс жилдээ 600-800 орчим сая төгрөгийн зардлыг хэмнэж болохоор байгаа юм. Өмнөх жишигт нийцүүлж тооцож үзвэл шүү дээ. Гэхдээ одоо дэд сайдын цалин хэд болж нэмэгдэж байгаа юм, урсгал зардал нь яаж дээшилснийг яг таг хэлэхэд хэцүү. Магадгүй 15 дэд сайдыг буцааж татсанаар жилдээ тэрбумаас илүү ч төгрөг хэмнэж болох юм. Энэ чинь хангалттай л хэмнэлт шүү дээ.
Ядаж л нэг цэцэрлэг барьчих мөнгө. Ардын хүүхдүүд цэцэрлэгийн хүрэлцээгүйн улмаас гэртээ цоожлогдож байна. Эсвэл залуу гэр бүлүүд хоёр зэрэг ажиллаж, амьдралаа өөд нь татах боломжоо хумсалж байна. Үр хүүхдээ аюулгүй өсгөхийн төлөө ээжүүд гэртээ хэдэн жилээр ч хамаагүй сууж байгаа. Зарим нэг дарга нар "Тэрбум төгрөгийн хэмнэлтийг ямар хэмнэлт гэх юм. Ийм бага мөнгөөр юу ч хийж чадахгүй” гэж хэлж магадгүй. Тэгвэл бүтэн сар зүтгэж байж 500-600-хан мянган төгрөгийн цалин авч байгаа алтан дундчууд, үүнээс ч бага орлоготой ядууст тэрбум гэдэг чинь сонсоод ч айхаар их мөнгө. Зөв зарцуулж чадвал их зүйл хийж болохоор мөнгө шүү дээ. Ерөнхий сайд хүүхдүүдэд сард өгч байгаа 20 мянган төгрөгийг хасна, танана гэж ам ангайсан байсан. Яг зорилтот бүлэгт л өгөх юм байх. Гэхдээ түүнийгээ ямар шалгуураар, яаж тогтоох юм.
Гэртээ том зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогчтой юу гэж асууж байгаад, байвал хүүхдийн мөнгийг нь хасаад байвал тэнэг л байх. Өнөө "Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү” гэдэг шиг л юм болно. Уг нь манайх шиг олуулаа болох гэж ядаж байгаа улс оронд төрөлтийг дэмжих нэг ч болов хөтөлбөрөнцөр байвал зүгээр л байх. Одоохондоо төрөлтийг дэмжиж байгаа гэж гүтгэж болохоор хөтөлбөр нь сар бүр хүүхдэд өгч байгаа 20 мянган төгрөг. Гэтэл үүнийг нь цахилгаан бараатай эсэхийг нь асуугаад л хасчихвал үнэхээр онигоо байна. Хэрвээ дэд сайдуудаа буцааж татчихаад хэмнэсэн мөнгөөр нь хэдэн хүүхдэд ч болов сарын 20 мянган төгрөг өгчихөж болох л байх. Ийм л зөв бодлогыг эрх баригчид хэрэгжүүлэх хэрэгтэй.
Түүнээс биш улс орон дампуурч байна гэж баахан түйвээж, хэмнэнэ гэж дөвчигнөчихөөд, сайдуудынхаа тоог нэмж, хэрэгтэй хэрэггүй албан тушаал бий болгож, тэртэй тэргүй хөлжчихсөн хүмүүсийг төр тэжээх нь зөв бодлого биш л болов уу. Төр татвар төлөгчдийн мөнгийг харамлах хүнээсээ харамлаад, өгөх хүндээ өгөх л хэрэгтэй. Дэд сайдуудаас бол харамламаар л байна. Үнэхээр л тэгж албан тушаалынх нь нэр хэрэгтэй байгаа бол цалингүй, туслахгүй, жолоочгүй ажиллаач дээ. Ямар дэд сайдад хийх ажил байх биш. Сайд, төрийн нарийн хоёрын дунд хавчуулагдсан нэр төдий л албан тушаал. Ямар ч эрх мэдэл байхгүй.
Яах вэ, хааяа нэг тууз хайчилдаг л байх. Өнөөдөр дэд сайдыг тоодог хүн байгаа юм уу. Одоо бүр ч тоохоо больсон. Тэртэй тэргүй мөнгөөр худалдаж авсан нэр төдий л албан тушаал гэдгийг нь мэддэг болчихсон юм чинь. Тийм болохоор намтар дээрээ "дэд сайд” гэсэн тодотгол бичүүлэх хүсэлтэй хүмүүс байгаа бол цалингүй, мөнгөгүй ажилладаг нь хаашаа юм. Түүнээс биш татвар төлөгчид юу ч хийдэггүй хүнд сард сая хол давсан цалин өгч, тусгай хангамж эдлүүлээд байхыг хүсэхгүй л байна. Тиймээс Ж.Эрдэнэбат сайд хэл амны бай болсон хэдэн дэд сайдынхаа асуудлыг эртхэн шийдчихсэн нь дээр биз дээ.
Хэмнэх гэж байгаа юм бол хийсэн шиг л хий. УИХ-ын гишүүд ч гэсэн тусгай хангамжаасаа татгалзахад яах вэ дээ. Цалингаа бол авдаг л юм байгаа биз. Утас, унаа гээд бусад тусгай хангамжуудаасаа сайн дураараа татгалзчихаач дээ. Ямар машиныхаа шатахуун, утасныхаа төлбөрийн мөнгийг дийлэхгүй л гишүүн байв гэж дээ. Ядаж байхад бүгд хувьдаа бизнестэй, хэт баяжчихсан хүмүүс байгаа биз дээ, тэд чинь. Тийм байж иргэдийнхээ татварын мөнгөөр утасныхаа төлбөрийг төлүүлж, унааныхаа зардлыг даалгахаас жаахан ч гэсэн ичмээр юм.
Эх сурвалж: mminfo.mn
Н.Пунцагболд