Монгол хүү Н.Батсүх Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиадаас ганцаарчилсан төрөлд алтан медаль, багийн төрөлд мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр "Оюунлаг" сургуулийн төгсөгч бөгөөд 2024 оны есдүгээр сарын 8-12-ны өдрүүдэд Сауди Арабын Рияад хотноо зохион байгуулсан олон улсын олимпиадад амжилт үзүүлээд байна.
ЮНЕСКО-г түшиглэсэн Хиймэл оюуны олон улсын судалгааны төв, Сауди өгөгдөл ба хиймэл оюуны агентлаг, Сауди Арабын Хиймэл оюуны судалгаа, ёс зүйн олон улсын судалгааны төв хамтран зохион байгуулсан “Хиймэл оюун ухааны олон улсын анхдугаар олимпиад"-аас монгол хүү ганцаарчилсан төрөлд алтан медаль, багийн төрөлд мөнгөн медаль хүртэж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн бахархам амжилт үзүүлжээ.
Уг олимпиадад 25 улсын 90 орчим сурагч өрсөлдсөн байна.
Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар мөн тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллажээ.