📅

Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадвар 75 улсаас 67-рт бичигджээ

🕔 2026/06/18 17:53

Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадвар 75 улсаас 67-рт бичигджээ

 

Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв(ЭЗБӨЧСТ)-өөс өнөөдөр “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.

Уг судалгааны дүнгээс хамаарч бизнес эрхлэгчид аль улсад хөрөнгө оруулахаа шийддэг тул эдийн засгийн чухал "толь" үзүүлэлт гэдгийг мэдээллийн эхэнд онцолж байв.

2026 онд 70 улсыг эрэмбэлэхэд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улсаар Сингапур шалгарч, Хонконг, Швейцар, Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират улс жагсжээ. Харин манай улс 67 дугаарт эрэмбэлэгдсэн нь өмнөх оноосоо хоёр байраар ухарсан үзүүлэлт гэдгийг ЭЗБӨЧСТ-ийн Гүйцэтгэх захирал, доктор Ч.Отгочулуу хэллээ.

 Үргэлжлүүлэн тэрбээр тайлангийн үр дүнгээс танилцуулахдаа "Сүүлийн жилүүдэд манай улс өрсөлдөх чадвараараа ухрах хандлагатай байна. Учир шалтгааныг 300 гаруй үзүүлэлтээр тайлбарлаж болно. Үүнээс гол дөрвөн бүлгийг онцлон танилцуулъя. Монгол Улс эдийн засгийн тамир тэнхээ гэсэн үзүүлэлтээр өмнөх оноос дөрвөн байр ухарч, 59 дүгээрт орсон.

Хэдийгээр Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ)-д гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ харьцангуй өндөр, бараа үйлчилгээний экспортоор эхний 13 дугаарт орсон, оффисын түрээс хамгийн хямд зэрэг сайн үзүүлэлт бий ч нэг улсаас хэт хараат байгаа. Эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвараар сүүл мушгисан. Манай улсын эдийн засаг туйлын эмзэг байна. 

Нүүрс, зэсээ экспортлоод байгаа ч олсон мөнгөө боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэргээр гадагшаа урсгаж байгаа. Мөн хамгийн хойш татсан үзүүлэлт инфляц. Монгол Улсын инфляц бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байгаа бөгөөд айл өрхүүдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн. Эдгээр учир шалтгааны улмаас өрсөлдөх чадвараараа манай улс ухарсан үзүүлэлттэй байгаа" гэв.

Түүнчлэн Монгол Улс бизнесийн ашигт ажиллагаагаараа гурван байр урагшилжээ. Жил бүр өрсөлдөх чадварын дундаж үзүүлэлтийг бизнесийн байгууллагууд л ахиулдаг гэдгийг тус байгууллагаас онцолж байлаа. 

Өрсөлдөх чадвараар тэргүүлж буй 10 улс

 

Улс орнууд

2025

2026

Өөрчлөлт

1

Сингапур

2

1

+1

2

Хонконг

3

2

+1

3

Швейцар

1

3

−2

4

Тайвань (Хятадын Тайпэй)

6

4

+2

5

Арабын Нэгдсэн Эмират

5

5

6

Дани

4

6

−2

7

Ирланд

7

7

8

Нидерланд

10

8

+2

9

Швед

8

9

−1

10

АНУ

13

10

+3

Уг тайланд Монгол Улсын хувьд цаашид анхаарах ёстой асуудлуудын тухайд боловсролын чанар, кибер аюулгүй байдал, хөрөнгийн зах зээл зэрэг орж байна. 

Ч.Отгочулуу: Манай улсын бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай

Энэ талаар эдийн засагч, доктор Ч.Отгочулуу "Үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд реформуудыг зоригтой хийх ёстой. Төрд итгэх итгэлийг сайжруулж байж өрсөлдөх чадвар дээшилнэ. Энэ тайланг гаргахын тулд тухайн улсын топ менежерүүдээс санал асуудаг. Тэдгээр топ менежер нь бизнесийн орчноо яаж үнэлж байна, бизнесийн орчин дахь төрийн зохицуулалтыг хэрхэн дүгнэж байгаа нь тайлангийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. 

Манай улсын боловсролын салбарт ахиц гарч байгаа ч төгсөгчдийн ур чадвар ажил олгогч нарт гологддог. Үүгээрээ манай улс сүүл мушгисан тул боловсролын салбарт тооноос илүү чанарт анхаарч, ажил олгогчдын хүлээлтэд нийцсэн боловсон хүчин бэлтгэхэд анхаарах ёстой.

Хойш татсан өөр нэг үзүүлэлт нь хөрөнгийн зах зээл. Гаднын томоохон компаниудыг харахад ихэвчлэн хөрөнгийн зах зээл дээрээ хувьцаа гаргаж амжилтад хүрсэн байдаг. Тэд банкны зээлийг түр зуурын санхүүгийн хэрэгцээгээ хангахад ашигладаг бол манай улсын бизнес эрхлэгчдийн 97 хувь нь зөвхөн банкны зээлээс хамааралтай" гэв.

П.Цагаан: Өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс дэд бүтцэдээ онцгой анхаарах ёстойг 15 дахь жилдээ хэлж байна

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд 2026 онд Монгол Улсад учирч болох таван сорилтыг хэрхэн тодорхойлсныг ЭЗБӨЧСТ-ийн Удирдах Зөвлөлийн дарга П.Цагаан танилцууллаа.

Тэрбээр "Нэгдүгээрт Монгол Улсын төр засгийн бодлого тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй байгаа нь төрд итгэх итгэлийг сулруулж байна.

Хоёрдугаарт инфляц. Инфляц бол үл үзэгдэх хулгайч. Мөнгө нь байгаа ч худалдан авах чадвар нь сулардаг. Өндөр инфляц болон Монгол Улсын өр, өрийн дахин санхүүжилтийн мөчлөг давхцаж байгаа. Улсын данхар төсөв нь айл өрхийн амьжиргаа, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байна. 

Гуравдугаарт ур чадвартай ажиллах хүчний хомсдол. Хөдөлмөрийн бүтээмжийн зөрүүгээс улбаалж Монгол Улсын зонхилох салбаруудад ажиллах хүчний хомсдол үүссэн нь цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. 

Дөрөвдүгээрт хөрөнгийн зах зээлийн хоцрогдмол байдал. Санхүүжилтийн хязгаарлагдмал байдал нь эдийн засгийн өсөлт, төрөлжилтийг хязгаарлаж байна. 

Тавдугаарт дэд бүтцийн хоцрогдмол, хүрэлцээгүй байдал. Логистикийн бэрхшээл бол бүх бизнесийн өртөг зардал, барааны үнэд нөлөөлж, экспортыг хязгаарлаж байна. Иймд дэд бүтцэдээ онцгой анхаарах ёстой гэдгийг 15 дахь жилдээ хэлж байна.

Учир нь 15 жилийн өмнө өрсөлдөх чадварын тайланд Монгол Улсад өгсөн зөвлөгөөнд уул уурхайн салбар огцом өсөн хөгжиж байгаа тул үүнээс олсон орлогоо боловсрол, дэд бүтцэдээ хөрөнгө оруулж, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэсэн байдаг. Түүнийг нь авч хэлэлцээгүйн гор өнөөдөр гарч байна" гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?