Хоёр удаа өргөдлөө өгсөн Н.Мандуулд засгаас даалгавар өгөв
Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нарт даалгажээ. Тэгэхээр гүйцэтгэх захирлын ажлаа өгье гэж хоёр ч удаа өргөдлөө өгсөн Н.Мандуул захирал чөлөөлөгдөх биш эсрэгээрээ даалгавар авсан байна. Түүний хувь өөрийгөө ковидын хуулиар томилогдсон учраас чөлөөлөгдөх ёстой, сонгон шалгаруулалт явуулах ёстой гээд буй юм. Гэсэн ч Засгийн газар энэ удаагийн хурлаараа түүнд даалгавар өгчээ.
Хөгжлийн банк энэ оны аравдугаар сарын 23-нд Евро бондын 500.0 сая ам.доллар, арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 30.0 тэрбум иен төлөх үүрэгтэй. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн төлөлтөөр орж ирсэн мөнгийг Самурай бондын төлбөрт зориулж, хуримтлуулсан. Тиймээс одоо Евро бондын төлбөрийг бүрэн барагдуулах зохицуулалт хийх шаардлагата байгаа юм.
Засгийн хуралдаанаар өчигдөр Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайлан болон тус банкны 2023 онд төлөх гадаад бондуудын эргэн төлөлтийн нарийвчилсан төлөвлөгөөний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт, 2022 оны үйл ажиллагааны тайланг зохих журмын дагуу УИХ-д хүргүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хөгжлийн банкны 2022 оны санхүүгийн тайланд олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллага аудит хийж, зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ер нь бол 2022 онд нэг ч төгрөгийн зээл олгоогүй, өр барагдуулах чиглэлээр түмний хараан дор ажилласан банкнаас зөрчил илрэхгүй нь тодорхой л доо.
Сануулахад, 2021 оны эцэст Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд орсон байсан. 2022 оны нэгдүгээр сард 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн багцын үлдэгдэлтэй байсан юм.
Харин 2022 онд нийт 1,075.3 тэрбум төгрөгийн зээлийг зээлдэгчээр эргэн төлүүлсэн бөгөөд төлөгдсөн зээлийн 60,1 хувь нь чанаргүй, 12 хувь нь анхаарал хандуулах, 27.9 хувь нь хэвийн зээл байна.
2021 онд хийгдсэн Монголбанкны хяналт шалгалтаар 2021 онд 679.4 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан Хөгжлийн банк тайлант жилд 88.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээлэл өгч байна.