📅

Нэг өрөөнд 10 гаруй оюутан байрлуулж, үлдсэн өрөөг зочид буудлын зориулалтаар ашигладаг ноцтой зөрчил илэрчээ

🕔 2022/11/24 20:00

Нэг өрөөнд 10 гаруй оюутан байрлуулж, үлдсэн өрөөг зочид буудлын зориулалтаар ашигладаг ноцтой зөрчил илэрчээ

 

“Дотуур байрын суралцагчийн эрх, хамгаалал, аюулгүй байдал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачилж 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт их, дээд сургууль, коллеж, түүнчлэн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, дотуур байрны багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар оролцов.

Дотуур байрын суралцагчдад тулгамдаж буй асуудлыг оношилж тодорхойлох, аюулгүй байдал, хөгжил хамгааллыг сайжруулах, дотуур байрын багш, ажилтан ажиллагсдын мэргэжлийн ёс зүй, хандлага, хөгжлийн асуудал, суралцагчийн эрх, хамгаалал, олон улсын туршлага, сайн жишээг хэлэлцэж зөвлөмж шийдвэр гаргах зорилгоор БШУЯ-наас тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

БШУЯ-наас мэдээлснээр “2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 71 дотуур байранд хөдөө орон нутгийн 7067 оюутныг хүлээн авсан, МСҮТ, политехникийн коллежийн 49 дотуур байранд 3553 суралцагч, Ерөнхий боловсролын дунд сургуулийн 531 дотуур байранд 32421 суралцагч амьдарч байгааг онцоллоо.

Тус хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул нар оролцож, Комиссоос 2022 онд гүйцэтгэсэн дотуур байр дахь суралцагчдын эрхийн хэрэгжилтийн асуудлыг танилцууллаа.

Тодруулбал, тус уулзалт, хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид, Комиссын гишүүн Х.Мөнхзул нар илтгэл тавих үеэрээ зарим дотуур байрын ахуй нөхцөлийг сайжруулж, дотуур байранд амьдарч буй сурагч, оюутнуудын эрхийг хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.

Тухайлбал, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “ХЭҮК-оос “Цаглашгүй мэдлэг төв” НҮТББ-тай хамтарч “Их, дээд сургуулийн оюутан залуусын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилт” судалгааг Монголд анх удаагаа хийлээ.

Судалгаагаар дотуур байрын ариун цэврийн өрөө, халуун усны засвар үйлчилгээ, ариун цэврийн нөхцөл хангалтгүй. Оюутнуудын амьдарч буй өрөөний тохижилт, засвар үйлчилгээ хангалтгүй байна.

Тусгайлан зассан өрөөг гадны хүнд түрээслүүлдэг. Галын аюултай байдал үүссэн зэрэг зөрчил илэрсэн. Мөн нэг өрөөнд 10 гаруй оюутан байрлуулж, үлдсэн өрөөг зочид буудлын зориулалтаар ашигладаг. Оюутнууд нэгнээ дээрэлхэж, дээрэмддэг, эд зүйл, мөнгө нэхдэг зэрэг ноцтой зөрчил илэрсэн. Түүнчлэн гэр бүл, тэр дундаа хүүхэдтэй оюутнуудад зориулсан өрөө байхгүй. Тэр дундаа мониторинг хийсэн 18 дотуур байрын аль алинд хүүхэд хөхүүлэх орчин бүрдүүлээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд амьдрах боломж байхгүй. Бэлгийн дарамт нууц хэлбэрт үйлдэгддэг байх эрсдэлтэй байна” зэрэг ноцтой дүгнэлтийг танилцууллаа.

Харин ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид “18 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ЕБС, МСҮТ-ийн нийт 66 дотуур байранд Комиссоос хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар хуучин барилгуудын чанар шаардлага хангахгүй, зарим нь мэргэжлийн хяналтын акт гараад удаж байгаа ч шинэчлээгүй, мөөгөнцөртөж, хөгцөрсөн. Шинээр баригдсан зарим дотуур байрын барилгын цөөнгүй нь цантсан. Ариун цэврийн өрөө эрэгтэй, эмэгтэй тусгаарлагчгүй. Гадаа 00 гэрэлтүүлэггүй байгаа нь бага насны хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй, сантехникийн стандарт, галын аюулгүй байдлын стандарт хангаагүй. Хуулиар хориглосон өрөөнд камер тавьдаг зэрэг ноцтой зөрчил идэрсэн гэдгийг цохон тэмдэглэлээ.

Дээрх хяналт, шалгалтын хүрээнд Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж, энэхүү хяналт шалгалтыг Комиссоос энэ онд үргэлжлүүлэн зохион байгуулна. Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн дотуур байрны нөхцөл байдал, дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн асуудлаар УИХ-д өргөн барих Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд тусгаж, бодлогын түвшинд шийдвэр гаргуулна” гэдгийг Комиссын гишүүд онцлов.

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?