📅

Түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!

🕔 2022/11/09 15:41

Ц.Нямдорж хуулийн сайд байхдаа “Цаг болохоор хэлнэ” гэж айлгадаг ганц үгтэй байв. Тэгвэл Х.Нямбаатар өдгөө “зарлана, дэлгэнэ” гэдэг болсон.
Хоёр долоо хоногийн өмнө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн гэх 57 хэргийг танилцуулсан агаад “хэргийн эзэд” нь АН-ынхан голдуу, Д.Дорлигжав, Кёкшюүзан Д.Батбаяр, О.Магнай, А.Гансүх болохыг /хэдийгээр Х.Нямбаатар нэрийг нь нууцалсан ч/  хэвлэл, олон нийт  тэр дор нь олж илрүүлэлгүй яахав.
Монголд хөрөнгө оруулж, хохирсон нийт 57 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 20 хэргийг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгож, гурван хэрэг шүүхийн шатанд, дөрвөн хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн тухай Хуулийн сайдын үгнээс харахад Үндсэн хуульдаа суулгаж өгсөн “….нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэх үүргээ Монголын төр огт биелүүлдэггүй юм байна.
Харин ойлгомжгүй нь, “Гадаадын хөрөнгө оруулагчдын тонох, дээрэмдэх гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ард түмний хараа хяналтанд оруулж байна” гэх тайлбар Ард түмэнд гэмт буруутныг шүүн хэлэлцэхээс өөрөөр гэм буруутай этгээдэд хариуцлага ногдуулах, хохирогчийн хохирлыг барагдуулах эрх байхгүй. Гагцхүү энэ эрх төрд бий.  Өнөөдрийн хувьд засгийн эрх барьж байгаа МАН-д гэсэн үг. Гэвчиг МАН өөрсдөө  энхийн цагаан тагтаа мөн бил үү?!  Монголын  төр хувийн өмчийг хуулиар хамгаалж чадаж байгаа юу?! Эндээс Монголд яагаад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн  гол шалтгааныг хайхад буруудахгүй.
МАН төрийн эрхийг авснаас хойш хувийн өмчийг дээрэмдэх нь хэвийн үзэгдэл болсон. Эхнийх жишээ нь “Эрдэнэт”-ийн 49 хувь. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь  2016 он хүртэл Орос, Монголын хамтарсан үйлдвэр байсан. Оросын талын эзэмшил байсан 49 хувийг “Монголын зэс” корпораци 2016 онд “Ростех” компаниас 400 сая ам.доллараар худалдаж авсан байдаг.  Оросын талын 49 хувийг 400 ам.доллараар Монголын компани худалдаж аваагүй бол одоо хэний өмч болсон байхыг хэлэхэд бэрх. Ямарч байсан зуун хувь Монголын өмч болохгүй байсан нь, “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн захирлыг томилохдоо Монголын Засгийн газар толгой мэдэн шийдэж чадахгүй байсан нь баталгаатай үнэн.
Үндсэн хууль болон бусад хулуь тогтоомжид зааснаар “Хувийн өмчийг төрд  хурааж авахдаа авахдаа нэг нь шүүхийн шийдвэрээр, нөгөө нь онц бөгөөд дайны байдлын үед дайчлан авна” гэж заасан байдаг. Атал УИХ-ын дарга нь цэрэг цагдаа, гав буутай гүйж очоод хэдэн хятадыг “дээрэмдсэн” тохиолдол бий.  Хууль тогтоох байгууллага нь хүртэл хуулиа завхруулахаар хөрөнгө оруулагчид хүссэн, хүсээгүй Монголд тогтохгүй. Аминаасаа, мөнгөнөөсөө уйдсан тэнэг биш бол юу гэж “дээрэмчидтэй” ажил ярих билээ.
Сүүлийн үед Засгийн газар төр, хувийн хэвшилтэй түншилж хөгжинө өө гэх болж. Үнэн бол, хэлсэндээ хүрдэг аваас сайн хэрэг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тайлбарласнаар төр найман хэлбэрээр хувийн хэвшилтэйгээ түншлэх юм байна гэж ойлгогдсон. Хуулийн төсөл нь УИХ-д өргөн баригдсан, удахгүй парламентаар хэлэлцээд эхлэх байх.  Мэдээж, юуны өмнө Монгол Улс хууль эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Гэхдээ, хууль боловсруулагчид нь, хууль тогтоогчид нь, хууль хэрэгжүүлэгчид нь хуулиа завхруулах юм бол мянга сайхан хууль батлаад ямар ч өөрчлөлт гарахгүй.
Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа шалтгааныг Монголыг төр холоос хайх хэрэггүй, өөрөөсөө эхлээд хайх ёстой юм. Цэрэг цагдаа, сэтгүүлчид дагуулаад гав, буу болоод байх юм бол гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь бүү хэл дотоодын хөрөнгө оруулагчид нь гадагшаа дүрвэхдээ тулах биз.
Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийг харвал хувийнхантай хамтарна, хөгжинө, түншилнэ, концесс байгуулна гэж.  Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсанаар олон улс дахь Монгол Улсын үнэлгээ сайжирна гэж Засгийн газарт итгэж байгаа бололтой.  Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл бий болж, хөрөнгө оруулалт өсөж, олон улсын технологи, туршлага, чадавхийг нутагшуулах гэнэ. Сэрэхгүй бол сайхан зүүд юм гэгчээр,  яг үнэнийг хэлэхэд концесс гэх үгнээс аж ахуйн нэгжүүд, хүн аль нь ч айдаг болсон. Хэзээ, яаж, төрийн ямар ааш нь хөдлөхдөө гэрээгээ цуцлаж хөрөнгийг маань булаачих бол гэж. Хамаг хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчхээд адаг сүүлд нь “гэмт хэрэгтэн”, луйварчин болоод дуусахыг хэн л хүсэв гэж. Нэг сэрэхэд  нь хулгайч, луйварчин болгочихсон байдаг Монголын төртэй хэн гар барих билээ.
Төр хувийн хэвшлийн тухай хуулийн төслийн 31, 32 дугаар зүйлд "…Төр хувийн хэвшлийн бизнесийг хамгаалж өгнө" гэж. Үндсэн хуульд хүртэл хувийн өмчийг хамгаална гэж цагаан дээр хараар биччихсэн байгаа. Даанч, Монголын төр Үндсэн хуулиа хүртэл зөрчих энүүхэнд болохоор төрийн хувийн хэвшлийн бизнесийг хамгаална гэсэн үгэнд итгэх нь итгэхгүйгээсээ цөөхөн байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд  Засгийн газар нэг өглөө  хуралдаад Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй байгуулсан гэрээгээ цуцалчих жишээтэй. "…Концесс эзэмшигч нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал бүхий шууд ангижруулсан төмрийн үйлдвэр барих, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх (төмрийн хүдэр боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах) зэрэг ажлыг огт хэрэгжүүлээгүй байгаа нь концесс эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болсон" гээд өмчийг нь булаагаад авчихсан.
Тиймээс улс төр, бизнес хоёроо салгахгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэл цаасан дээр үлдэнэ. Төр хувийн түншлэл бол нэг зүгт харахаас гадна нэг хэлээр ярьж, нэг төвшинд ажиллахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, түншлэл гэдэг үгийг төр “тоглоомоор” хэлж болохгүй!  Төр, хувийн хэвшлийн түншлэл аль нам засгийн эрх барьж, хэн сайд болохоос үл хамаараад тогтвортой, ойлголцолтой явах ёстой. Тэр цагт гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх болно.  Дотоодын хөрөнгө оруулагчид төртэйгөө түншлэхэд асуудалгүй, айдасгүй болно.

https://news.mn/r/2602892/
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?