📅

Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

🕔 2022/06/30 11:26

Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

 

Япон, БНСУ, АНУ-ын удирдагчид 2017 оноос хойших анхны гурван талын уулзалтынхаа үеэр БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн аюул заналтай холбогдуулан аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон талаар Японы Засгийн газар мэдэгдлээ. БНСУ-ын Засгийн газар тавдугаар сард шинээр эмхлэн байгуулагдсан нь Токио, Сөүлийн хоёр талын харилцааг сайжруулахад түлхэц болоод байгаа үед энэхүү уулзалт болсон юм. Мөн Пёньян 2017 оноос хойш анх удаа цөмийн туршилт явуулах магадлалтай байгаа үед болсноороо онцлогтой байна.

 

Испанийн Мадрид хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд 23 минут үргэлжилсэн хэлэлцээний үеэр Японы Ерөнхий сайд Кишида Фүмио гурван талын хамтын ажиллагааны ач холбогдлыг нотлоод, БНАСАУ цөмийн туршилт явуулах зэргээр өдөөр хатгасан үйлдлээ үргэлжлүүлж магадгүй байгаад ихэд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. “Япон-АНУ, АНУ-БНСУ-ын эвслийн тогтоон барин хүчин чадлыг гурван талын түншлэлийг бэхжүүлэх хүчин чармайлтын хүрээнд ахиулах шаардлагатай” гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн Пёньяныг цөмийн туршилт явуулсан тохиолдолд авах хариу арга хэмжээ нь гурван талын түвшнийх байна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хэлсэн үгэндээ, Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайн бүсийг цогцлооход гурван талын хамтын ажиллагаа “хамтын зорилгодоо” хүрэх нь амин чухал болохыг тодотгожээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын хувьд, БНАСАУ-ын өдөөн хатгалгын эсрэг “хүчтэй хариу арга хэмжээ” авах хэрэгтэй хэмээсэн ч гурван орон Пёньяныг цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээний ширээнд эргэн суулгахын тулд нягт хамтран ажиллах хэрэгтэй гэж хэлснийг БНСУ-ын Засгийн газар уламжилсан байна.

 

Гурван орны удирдагчид бүс нутгийн тогтоон барих хүчийг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал нэгдээд, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрүүдийг зогсоох зорилго бүхий НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангахын төлөө хамтран ажиллахаа амласан гэж Японы Засгийн газар мэдээлжээ. К.Фүмио мөн 1970-1980-аад оны үед БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Ж.Байден, Юн Сок Ёлтой хамтран ажиллана гэдгийг дурджээ. БНАСАУ-ын өдөөн хатгасан үйлдлүүд, тэр дундаа энэ онд баллистик пуужингийн туршилтыг урьд байгаагүйгээр олноор явуулах болоод байгаа нь гурван талын хамтын ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлээд байгаа юм.

 

Цагаан ордон 2017 оны есдүгээр сараас хойших анхны гурван талын дээд хэмжээний уулзалтыг “түүхэн уулзалт” хэмээн тодорхойлсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас Ерөнхий сайдын албыг хашиж эхэлсэн К.Фүмио Юн Сок Ёлтой хоёр талын албан ёсны хэлэлцээ хараахан хийгээгүй байгаа юм. Харин лхагва гарагт болсон гурван талын хэлэлцээ нь Вашингтоны Ази дахь хамгийн ойрын хоёр холбоотон хоорондын харилцааг хэвийн байдалд нь оруулахыг Ж.Байдены засаг захиргаа хүсэж байгааг илэрхийлжээ. К.Фүмио, Юн Ёок Ёл нар мягмар гарагт Мадридад товч яриа өрнүүлсэн талаар хоёр орны Засгийн газар урьд нь мэдээлсэн юм. Тэднийг Атлантын далай дамнасан эвслийн түнш орнуудын хувиар НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад урьсан билээ. Япон, БНСУ-ын удирдагчид хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сард хэлэлцээ хийсэн байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?