📅

БНХАУ-ын ОХУ-аас импортлосон нүүрс өнгөрсөн сард хоёр дахин өсжээ

🕔 2022/04/22 09:07

БНХАУ-ын ОХУ-аас импортлосон нүүрс өнгөрсөн сард хоёр дахин өсжээ

 

Украины дайны улмаас Европын орнууд Оросын нүүрсэнд хориг тавиад байгаа билээ. Харин Хятад улс гуравдугаар сард ОХУ-аас импортлох гангийн нүүрсний импортоо хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Түүнчлэн үнийн хувьд харьцангуй хямд үнээр импортложээ. БНХАУ-ын гаалийн мэдээллээр, ОХУ-аас импортлосон коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн сард 550 мянган тонн, хоёрдугаар сард 1.1 сая тонн байсан бол гуравдугаар сард 1.4 сая тонн болж өссөн байна. Хятад дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг эрчим хүчний нүүрсний импорт мөн буураад байгаа юм.

Япон, Европын холбоо зэрэг бусад худалдан авагч Оросын  шатахууны импортыг хориглох арга хэмжээ авч байгаа тул Бээжин ОХУ-ын нүүрсийг ашиглахад ихээхэн ач холбогдол өгч байна.

Өнгөрсөн онд Оросын нүүрсний үнэ бага зэрэг өссөн ч Индонез, Монгол зэрэг бусад нийлүүлэгчийнхээ үнээс хамаагүй доогуур байсан. Хятад  дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа ч тус улсын уурхайнууд чанар муутай, гангийн үйлдвэрүүдэд тохиромжгүй түлш үйлдвэрлэдэг. Ингэснээр БНХАУ-ын ган үйлдвэрлэгчид коксжих нүүрсний хувьд гадаад нийлүүлэгчдээс ихээхэн хараат байдаг.

Азийн хамгийн том эдийн засаг Москваг дэмжсэнтэй холбоотойгоор үүсэх олон улсын дарамт шахалтаас үл хамааран ОХУ-аас илүү их эрчим хүч худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд буй. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Лэ Юйчэн саяхан ОХУ-тай хоёр талт хамтын ажиллагаа нь уян хатан байгааг сайшаасан байна.  Харин Хятадын ОХУ-аас импортлосон түүхий нефтийн хэмжээ өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 14 хувиар буурч 6.39 сая тонн болжээ.

Ерөнхийдөө АНУ, Европын холбоо болон бусад улс ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьснаар тус улсын нүүрсний экспорт нь БНХАУ руу чиглэхээр байгаа юм. 2021 онд ОХУ Евро бүсийн нүүрсний импортын 46 хувийг нийлүүлжээ. Европын комисс ОХУ-ын нүүрсний импортод хориг тавьж, гишүүн улсуудаа 120 хоногийн дотор ОХУ-аас авах нүүрсний хэмжээгээ бага багаар бууруулахыг уриалаад байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын усан онгоцнуудыг Европын холбооны боомтод нэвтрэх, зогсоохыг хоригложээ. 2022 он гарсаар ОХУ нийт 223.4 сая тонн нүүрс экспортлосон байна. “Топ 3” худалдан авагч нь БНХАУ, БНСУ, Япон байсан аж. ОХУ болон БНХАУ нүүрсний худалдаа дээр биет хэмжээгээ нэмэгдүүлж, ирэх 3-5 жилийн хугацаанд 100 сая тонн хүргэхээр тохиролцсон. Хэдий тийм боловч энэ нь тээвэрлэлтийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарахаар байна.

БНХАУ-ын Гаалын ерөнхий газраас өнгөрсөн лхагва гарагт гаргасан гуравдугаар сарын эрчим хүчний мэдээлэл:

  • Гуравдугаар сард ОХУ-аас импортлосон эрчим хүчний болон коксжих нүүрсний импорт 30 хувиар буурч 3.1 сая тонн болжээ.
  • Гуравдугаар сард ОХУ-аас импортлосон байгалийн хий 0.5 хувиар өсөж, 321 мянган тонн болжээ.
  •  Хятадын Оросоос импортлосон металлын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ энэ нь БНХАУ хөл хорио тогтоосонтой холбоотой юм.
  • Цэвэршүүлсэн зэсийн импорт 9914 тонн болж буурч, 2018 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.
  • Цэвэршүүлсэн никель импортын хэмжээ хоёрдугаар сарынхаас өсөж, 3382 тонн болсон ч сүүлийн саруудтай харьцуулахад харьцангуй бага хэвээр байна.
  • Өнгөрсөн сард 192 кг паллади импортлосон нь хоёрдугаар сарынхаас  хамаагүй бага байна.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?