📅

ЭЕШ-д 800 оноо авсан багш, сурагчдыг бөхийн аварга мэт урамшуулах ёстой

🕔 2021/09/10 10:34

Мөнчигрөөрөө дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд тэнцсэн сурагчдыг өөрсдийнхөө зардлаар дэмжин,  ирээдүйд ажилтнаа болгоод авчих компани алга
Монголд нэг сонин зүйл анзаарагддаг. Нийтийн хандлага, нийгмийн толь гэх юм уу. Наадамд хэдхэн давсан бөхөө допин хэрэглэсэн гэдгийг нь мэдсээр байж мөнгө төгрөг, байр, автомашин гэх мэтээр байгаагаа барьж гүйдэг бол сурлагын амжилтаараа улсдаа төдийгүй олон улсад манлайлсан хүүхдийг цалингийн доод хэмжээгээр шагнадаг гажиг үзэгдэл бий. Жишээ нь, өнгөрсөн сард болсон Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр Монголд мэдлэг оюунаараа сор болсон хүүхдүүд тодорсон. Сүүлийн арван жил, магадгүй бүх насаараа сурагчдын тархитай ноцолдсон багшийнх нь хөдөлмөр үр дүнгээ үзүүлсэн. Юу тарина, түүнийгээ хураана гэдэг дээ. Харин орон нутгийн улстөрчид тэднээр шоу хийхээ мартсангүй. Тэд өмнө нь хэн ч ийм өгөөмөр байгаагүйг үзүүлэхдээ, “Амласан ёсоороо 500 мянган төгрөгөөр урамшуулж байна” хэмээн өөрсдийгөө олон нийтэд сурталчлав. Нэг үеэ бодвол өгч байгаа нь их юм.

Гэтэл аймгийнх нь бөх цол өгөхгүй наадамд тав давсан сургаар нутгийн зөвлөлийн бизнесменүүд, төсвөөс өөр хөрөнгөгүй Засаг дарга хүртэл байр, автомашин барьж гүйх жишээний. Төр нь одон медаль, гавьяа шагнал тэргүүтэй бүх төмрөө зүүгээд өгчихдөг. Хувийн хэвшил хөлсөө дуслуулж олсон хэдээрээ эргэн үр өгөөжөө өгөхгүй амжилтыг мялаадаг. Юу тарина, түүнийгээ хураадгийн жишгээр монголчууд эрдэмтдээсээ олон бөхтэй болсны шалтгаан энэ биз. Уг нь бид мэдлэгийн эрин үед амьдарч байгаа шүү дээ. Өнөөдөр онц сурч буй хүүхэд л шинэ эринд чадалтай бие хүн болж гарна. Мэдлэг чадвартай залуу үе улсынхаа ирээдүйн дархлаа болж чадна.

Зөвхөн өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг байгаад эзэд нь мэдлэг чадваргүй бол  улс хөгждөггүйг ойлгох хугацаа хангалттай өнгөрлөө. Улмаар баялгийнхаа өрмийг гаднынхнаар ухуулж, олон улсад гаргах гарц болсон бүтээн байгуулалтаа мөн л гаднын мэргэжилтнүүдээр удирдуулж байна. Үндсэндээ стратегийн гэх тодотголтой уул уурхайгаас эхлээд нисэхийн салбарыг гаднын менежмент залж чиглүүлэх болсон. Бүр том зургаараа бол өнөөгийн нийгмийн бүхий л алдаа завхралыг өнгөрсөн 30 жилд дэлхийд өрсөлдөх мэдлэг чадвар, боловсролтой иргэн бэлдэж чадаагүйтэй холбон тайлбарлаж болно. Хамгийн наад зах нь улсаа авч явах ёстой төрийн алба чадваргүй байна гэдэг.

Мэдлэг чадварыг дээдэлдэггүй ард түмэн яаж ч хүчтэй төртэй байх билээ. Наад захын зүйл ялгаж салгах ойгүй ард түмэн хоосон зүйл ам гарсан популистуудыг сонгож, намын цүнх баригчдаар төрийн албаа бүрдүүлэх бололцоог олгоод байгаа нь үнэн. Иргэдийн олонх нь мэдлэг чадвар муутай байгаагаас шалтгаалан бүхэл бүтэн тогтолцооны хямралд ороод байна. Энэ нь хүний нөөцөөр дамжин улсынхаа эдийн засгийн хөдөлгүүр байх ёстой хувийн хэвшилд ч нэвт шингэчихсэн. Өнөөдөр мөчигрөөрөө дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд тэнцсэн сурагчдыг өөрсдийнхөө зардлаар дэмжин, ирээдүйд ажилтнаа болгоод авчихдаг компани алга. Үүнийг өнөөдөр л ойлгож сэхээрэн, хүний хөгжил, мэдлэг чадварыг дээдлэхгүй бол монголчууд дэлхийгээс бүр хол тасрах аюул нүүрлээд байна аа. Улс төр, урлаг, спорт дамнасан “поп” одод биш мэдлэгт суурилсан шинжлэх ухаан, бизнесийн салбарын манлайлал энэ нийгэмд дутагдаад байгаа гэсэн үг.

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ чиглэлд маш том манлайлал үзүүлсэн. Тэрбээр дэлхийд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын суралцах тэгш боломжийг хангах, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх тэтгэлэг зарласан юм. Ингэхдээ тухайн жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан сурагчдад дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурахад зардал олгоно гэдгээ амлаж байна лээ. Дотоодын төрийн өмчийн их сургуульд ч тэтгэлэг олгох зарлиг гаргаж байгаа харагдсан. Үүний оргил хэсэг нь Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад медальт байрт шалгарсан сурагчдад олгох сургалтын тэтгэлэг зарласан явдал байлаа. Энэ мэтээр мэдлэгийг дээдлэх талаар төр нь манлайлал үзүүлэх ёстой. Төр мэдлэг чадвараараа дээдлээд эхэлбэл, нийгэм тэр чигт харах нь гарцаагүй.

Түүнчлэн спортод шилдэг дасгалжуулагчгүй тамирчин амжилт гаргадаггүйтэй адил шилдэг сурагчийн ард шилдэг багш байдаг. Боловсролтой иргэнийг бэлдэж буй багш нар бол нэг ёсны улсынхаа ирээдүйг гэрэлтүүлэгчид юм аа. Тиймээс шилдэг сурагчийг багштай нь хамт бөхийн аваргаас өндөр хэмжээнд авч үзэж урамшуулах ёстой.
Хөрөнгө оруулалт талаас нь харвал тэдэнд өгсөн байр, машин ирээдүйд хэдэн мянга дахин үржигдэж ирнэ. Саяхнаас Боловсрол, шинжлэх ухааны яам Үндэсний шилдэг багш нарыг урамшуулдаг болсон байна лээ. Бас л дэвшил. Гэхдээ  тэр шалгаруулалтад согог бий. Тухайн багш өөрийгөө шилдэг гэдгийг батлах материал явуулах шаардлага гардаг. Бусдаас илүү эрдэмтэй хүн юу гэж л өөрийгөө бусдаас илүү гэдгийг батлахын тулд материал бэлдээд сууж байх вэ дээ. Энгийн л логик. Тиймээс жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн өндөр оноог авсан багш, сурагчдыг шууд Үндэсний шилдэг хэмээн зарлаж тогтвол яаж байна.
С.СҮЛД
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?