Замын-Үүд дэх шинэ ариутгалын хаалга жилийн дөрвөн улиралд ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 186 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон боомтод үүсээд буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зайлшгүй шаардлагыг харгалзан хилээр нэвтрүүлэх ачаа тээврийн тулгамдсан асуудал, төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр 2021 оны 07 дугаар сарын 02-ноос ажиллаж байна. Энэ асуудлаар Зам-Үүд сум дахь Бүрэн эрхэт төлөөлөгч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатараас дараах тодруулгыг авлаа.
Замын-Үүдэд “Нэг өрх нэг шинжилгээ” аян зохион байгуулжээ
Замын-Үүд сумын онцгой комиссын шийдвэрээр 2021 оны 07 дугаар сарын 10-наас 10 хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоожээ. Энэ хугацаанд “Нэг өрх-Нэг шинжилгээ” аян зохион байгуулсан.
Ялангуяа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийг шинжилгээнд бүрэн хамруулж, эрсдэл хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь сумыг “Ногоон” болгох ажлын нэг алхам болсон гэж үзэж байна.
Замын-Үүд дэх ариутгалын хаалга жилийн дөрвөн улиралд ажиллана
МХЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Замын-Үүд боомтод автмашины халдваргүйтгэлийн байгууламжийг шинээр барьж байна. БНХАУ-ын Шандун мужаас олон үйлдэлт 4 удаагийн давтамжтайгаар халдваргүйтгэх тоног төхөөрөмжийн захиалгыг хийж үйлдвэрлэлд оруулаад байна. Үйлдвэрлэгчээс 07 дугаар сарын 19, 26-ны өдрүүдэд тоног төхөөрөмжийг Эрээн боомтруу тээвэрлэхээр зохицуулалтын ажлыг шийдвэрлээд байна.
Эхний ээлжийн төхөөрөмжийг хуваарийн дагуу БНХАУ-ын Эрээн боомтоос хүлээн авч Замын-Үүд боомтийн экспортын чиглэлд суурилуулах ажлыг 2021 оны 07 дугаар сарын 24-нөөс туршилтын журмаар ажилуулж эхлээд байна.
Уг төхөөрөмж нь ачаатай болон хоосон тээврийн хэрэгслийг ариутгах олон улсын стандартад нийцсэн автомат хаалга бөгөөд улирлын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой, нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай ба цогцолборыг бүрэн барьж дуусахад 30 хоногийн хугацаа шаардлагатай байна.
Импортын чиглэлд угсарах төхөөрөмжийг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн боомтоос татан авч ариутгалын төхөөрөмжийн хэсгийг ажлын 4 өдөрт угсарч бэлэн болгохоор төлөвлөж байна.
Хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож байна
Замын-Үүд сумын Онцгой комисс, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүдийн салбар болон тус орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Борхойн тал”, “Сайн үйлс”, “Эвийн-Үүд хамтын жолоо” тээвэрчдийн холбоотой ажлын уулзалтуудыг зохион байгуулан Замын-Үүд сумыг эрүүл, халдварын эрсдэлгүй бүс болгох, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэхээр хамтран ажиллаж байна.
Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт ачааны автомашины бөөгнөрөлийг багасгах, жолооч нарыг халдвар хамгаалалын дэглэм сахиулах, автомашинд техник үйлчилгээ хийх боломжийг хангах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, хил нэвтрэхээс 72 цагийн өмнө жолооч нарт мэдэгдэж байхаар нэгдсэн бүртгэлийн системийн арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байна.
Мөн БНХАУ-ын Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах 100 жолоочийг сонгон, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулж, жолооч нэг бүрийн биеийн байдлыг хянах хуудас гарган, 7 хоногт 2 удаа ПГУ-ын шинжилгээ авч, тусгаарлалтын арга хэмжээг авч байна.
Ц.Жавхланбаатар: Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй байна
2021 оны 07 дугаар сарын 02-ноос 25-ны өдрийн байдлаар Авто замын боомтын хяналт шалгалтын бүсэд ачаагүй-594, боомтын гадна талд ачаатай 86, ачаагүй-1212, нийт 1892 ачааны автомашин дараалалд зогсож байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон БНХАУ-ын Эрээн хотын удирдлага, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот дахь консулын газрын холбогдох албан тушаалтангуудын, хоёр улсын боомтын захиргааны хамтын ажиллагааны хүрээнд экспортын ачаа, бараа бүтээгдэхүүний халдваргүйжүүлэлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэж байгаа баримт нотолгоо, БНХАУ-д хүлээн авагч нь тодорхой болсон тохиолдолд хилээр нэвтрүүлэхээр харилцан тохироод байна.
Замын-Үүд хилийн боомтын гарах чиглэлд өдөрт 110 автомашин гаргаж байгаа бөгөөд үүнээс 100 автомашин ачаагүй, нүүрстэй 10 автомашин гарч байна.
Орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөр бүр нэвтрүүлж байна.
Замын-Үүд суманд тусгаарлагдан дундын бүсэд ажиллаж байгаа 100 жолоочийг Гадаад харилцааны яамаар уламжлан Эрээн боомтын хилийн бүсэд ажиллуулах юм бол ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой болно.
Одоогоор Эрээн хотын ачаа барааны төвд ачаатай авто машины бөөгнөрөл байхгүй болж Монгол талаас гарч байгаа автомашинууд тухайн өдөртөө Эрээний талд ачаандаа орж дараагийн өдөр хилээр гарч ирж байна.
Ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд бид бүхний авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол төмөр замын ачаа тээврлэлтийг нэмэгдүүлэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 07 дугаар сарын 25-ны хооронд өргөн царигаар нийт 16993 вагон буюу 967147 тн ачааг БНХАУ-д хүлээлгэн өгч, БНХАУ-аас буюу нарийн царигаар 8442 вагон буюу 140745 тн ачааг, өргөн царигаар 213 вагон буюу 7586 тн ачааг хүлээн аваад байна. Мөн БНХАУ-ын Хөх хотын төмөр замтай “УБТЗ”ХНН-ээс яриа хэлэлцээрийг шат дараатай хийсний дүнд Тянжин боомтод гацсан чингэлэгийг 51 галт тэрэг 2261 чингэлэгийг төмөр замаар тээвэрлэн хүлээн авагчдад хүргээд байна.
Замын-Үүд шилжүүлэн ачих ангид дээрх хугацаанд вагоноос вагонд 5556 вагон буюу 128175 тн ачааг, автомашинаас вагонд 836 вагон буюу 35318 тн ачааг, нийт 6157 вагон буюу 156584 тн ачааг шилжүүлэн ачаад байна. Үүнээс Зэвсэгт хүчний 336 дугаар ангиас томилогдсон бүрэлдэхүүн 265 вагон буюу 7319 тонн ачааг шилжүүлэн ачсан байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих