ҮЦХ-д хүүхдүүд осолдсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Даваа гарагт болно
Туул голын сав газраас элс, хайрга олборлох зорилгоор ухсан олборлолтын талбайд хүүхдүүд осолдож нас барсан хэрэг 2019 оны долдугаар сарын 18-ны өдөр гарсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд “Хан талст” ХХК-ийн наран шарлагын газар байгуулах үйл ажиллагаа явуулж байсан талбай дахь цөөрөмд энэ харамсалтай үйл явдал болсон билээ.
Тэгвэл энэ хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газар хяналт тавьж, 2020 оны арванхоёрдугаар сард тус компанийн захирал Ш.Бат-Энхэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан боловч энэ сарын 29-ний өдрийн 14:00 цагт хуралдахаар хойшлуулаад байна. Учир нь яллагдагчийн өмгөөлөгч нарын нэг болох Г.Оюунцэцэг хөл хорионд байсан тул шүүх хуралдаанд онлайнаар оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг эхлүүлсэн ч өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд цахимаар холбогдож чадаагүй байна. Иймд БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал оролцох хүсэлт гаргасныг харгалзан үзэж урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа юм.
Сануулахад, “Хан талст” компани нь Ш.Бат-Энхийн нэр дээр байдаг бөгөөд тэрбээр мөн "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Түүний эхнэр И.Нарантуяа Хүүхдийн төлөө газар /ХТГ/-ын даргаар ажиллаж байхдаа Хан талст, Хурдны зам зэрэг компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдсан байдаг юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих