“Жишиг хороолол”-ын тохижилтыг сайжруулна
2013-2015 онуудад "Жишиг хороолол-1,2,3” хөтөлбөрийг Дархан сумын 4,9,10,11,12, Өргөө багуудад хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд авто зам, сүүлийн үеийн лед гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай зэргийг шинээр байгуулж нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.
Дээрх "Жишиг хороолол"-ын тохижилтын байдалтай өнөөдөр /2016.04.05/ аймгийн Засаг дарга А.Энхболд тэргүүтэй холбогдох албаны удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид танилцлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд ярихдаа: "Жишиг хорооллын тохижилт, хамгаалалтыг НААҮГ-т хариуцуулсан бөгөөд одоо байгаа сандал, хогийн сав зэрэг нь эхнээсээ эвдэрч, элэгдсэн тул Дархандаа үйлдвэрлэгдэж байгаа хотын жишигт нийцсэн чанартай сандал, хогийн савыг байрлуулахаар болсон ” гэлээ. 2016 онд Жишиг хороолол 4 хөтөлбөр Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад Орон нутгийн хөгжлийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжинэ.