Хотыг бүрэн хяналтдаа авсны дараа ГАЦСАН ИРГЭДИЙГ гаргана
Засгийн газар өнөөдөр (2020.11.23) ээлжит бусаар хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
Орон нутгийн иргэдийг Улаанбаатар хотоос хэрхэн гаргах тухайд Шадар сайд Я.Содбаатар "Иргэдийг орон нутаг руу буцаах Түр журмын дагуу асуудлыг шийднэ. Маш сайн хяналттайгаар зохион байгуулна. Тэгэхгүй бол 21 аймагт халдвар тархах эрсдэлтэйг анхааруулж байна. Улаанбаатар хот руу 11 мянган хүн ирэх хүсэлт гаргасан. Орон нутгаас томилолтоор, эмчилгээнд гэх мэт шалтгаанаар Улаанбаатарт ирсэн төрийн албан хаагчийн тоо 1700 орчим байна. Тэгэхээр маш олон хүн тал талд гацсан байна гэсэн үг. Тэд эхлээд шинжилгээ өгөх ёстой. 119.mn гэсэн хаягаар бүртгэнэ. Тухайн хаяаг руу хандахдаа бүх асуулгад тодорхой хариулна. Хүн бүрийг ямар унаагаар явахаас авахуулаад дэлгэрэнгүй мэдээлэл авна. Хэрэв тэр хүмүүс шууд гэртээ харьбал аймгийн бүх хүн эрсдэлд орно. Ийм шалтгаанууд байгаа тул хотоос хөдөө, хөдөөнөөс хот руу татах иргэдийг яг хэзээ явуулах тухайд одоогоор тодорхой өдөр хэлэх боломжгүй байна. Улаанбаатар хотын голомтыг бүрэн хяналтдаа авсны дараа орон нутгийн иргэдийн асуудлыг шийднэ. 119.mn гэсэн аппликейшнд бүх нарийвчилсан мэдээлэл орно. 119.mn аппликейшнаар хаана шинжилгээ өгөх тухай мэдээлнэ. Тэрнээс өмнө хамаагүй газар очиж, шинжилгээ өгөхгүй. Шинжилгээний дүн 24 цагийн хугацаанд хүчинтэй учраас өдөр тодорхой болсны дараа нарийн зохион байгуулалттайгаар шинжилгээ өгөх цаг, газрыг иргэдэд мэдээлнэ" гэлээ.
Мөн хөл хорионы хугацаа цааш хэр хугацаанд үргэлжлэх тухайд, "Хоёр голомтыг хумихын төлөө ажиллаж байна. Одоогоор тэдэн хувьтай гэж тоо зарлах болоогүй байна. Төлөвлөсний дагуу ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийг шинжилгээнд хамруулах ажил 70 хувьтай явж байна. Улаанбаатар төмөр замын голомтын 15 мянга гаруй хүнийг хамруулах ёстой. Одоо 300 гаруй хүн үлдсэн байна. Дархан-Уул аймгийн өрх бүрийг шинжилгээнд хамруулж эхэлсэн. Айл бүрээс нэг хүнийг гэсэн үг. Энэ мэтээр арга хэмжээг авч байна. "Эрдэнэт" үйлдвэрийн 6000 гаруй хүнийг бүгдийг хамруулсан. Нэг ч эерэг хариу гараагүй.
Энэ долоо хоногийн сүүлээр хөл хориог сунгах эсэх талаар Засгийн газар хуралдаж, шийдвэр гаргана. Хэд хэдэн хувилбар тооцож байна. Хөл хориог сунгавал яахав, хэсэгчилсэн байдлаар шийдвэл яах вэ, хэвийн байдалд шилжүүлбэл яах вэ гэдэг асуудлыг хэлэлцэнэ. Энэ долоо хоногийн дундуур холбогдох хэд хэдэн байгууламжийн дүгнэлтүүд гарах ёстой. Түүнийг харж байж арванхоёрдугаар сарын 1-нээс цааш ямар арга хэмжээ авахыг шийднэ. Эрсдэл өндөр хэвээрээ байгаа. Тархах магадлалтай гэж гарч байгаа" гэсэн хариулт өглөө.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих