📅

Өөртөө ажлын байр бий болгодог иргэд дэмжлэгийн гадна үлдэж байна

🕔 2020/11/23 13:26

Дэлхий нийтэд цар тахал дэгдсэнээс хойш 11 сар болж байна. Манайх дотооддоо алдалгүй арван сар барьсан ч өнөөдөр дотоодод халдварласан тохиолдол 608 болоод байна. Цар тахлыг алдаагүй хэрнээ үүнд зарцуулсан зардлын хэмжээгээрээ бусад дотроо алдсан улстай харицуулахад төсвийн алдагдлаар 27-д жагсаж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээгээр урьдчилан сэргийлэх ажилд нэлээд мөнгө зарцуулсан нь тодорхой. Гэвч энэ дэмжлэгийн гадна өөртөө ажлын байр бий болгодог үйлчилгээний бизнес болох  үсчин, авто засвар, авто угаалга, дугуй засвар, цайны газар ажиллуулдаг түүнчлэн оёдол, гар урлал, модон эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд “COVID-19”-ийн эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн дэмжлэгийн гадна үлдсэн байна. Тодруулбал, цар тахлыг дотооддоо алдаагүй байх үеийн “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарлаж хөл хорио тогтоож эдийн засаг, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн ихэнх арга хэмжээ хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөллөөгүй байна.
 
Ялангуяа, Улаанбаатар хотын хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хамгийн хүндээр тусч борлуулалтын орлогыг хамгийн ихээр буюу 9.1 дахин бууруулсанг “Улаанбаатар худалдааны танхим”-аас судалгаа харуулж байна. Судалгаанд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Өмнөговь аймаг зэрэг дөрвөн дүүрэг, зургаан аймгийн 1652 хувиар хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан байна. Нийт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн  энэ оны  тав,долдугаар  сарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 126,9 тэрбум төгрөгөөр буурчээ. Үүний 0,64 хувь нь олон нийтийг хамруулсан арга хэмжээг зохион байгуулах, зарим төрлийн бизнесийг түр хааснаас болжээ.
 
Тодруулбал, 1,2 хувь  нь хүүхдийн баяр, Монгол наадам зэрэг баяруудыг тэмдэглээгүйгээс болсон бууралт аж. Түүнчлэн  зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг зогсоосон нь судалгаанд оролцогчдын хоёр сарын борлуулалтын орлогыг 808.3 сая төгрөгөөр бууруулсан байна. Үүнээс харахад хувиараа хөдөлмөр эрхлэгчийн  борлуулалтын орлого буурсан үндсэн шалтгаан нь зах зээл, эдийн засгийн идэвхжил хумигдсан, зах зээлийн тодорхойгүй байдлаас болж хүлээлт үүссэн зэрэгтэй илүү холбоотой  байна хэмээн судлаач, эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ онцолсон.  Борлуулалтын дундаж орлогын хэмжээг Улаанбаатар хотод бүртгэлтэй нийт 17677 хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хэмжээнд авч үзвэл тэдний нэг улирлын борлуулалтыг 2019 оны мөн үетэй харьцуулахад 1.3 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй. Жишээлбэл, Дархан-Уул, Сүхбаатар, Ховд, Өмнөговь, Хөвсгөл аймгийн судалгаанд хамрагдагсдын борлуултын орлого өмнөх оны мөн үеэс 1.3-1.6 дахин буурчээ.
Энэ нь төрөөс эдийн засаг, бизнесийг дэмжих, идэвхжүүлэх чиглэлээр авч байгаа ихэнх арга хэмжээ тухайлбал төрийн худалдан авалт, зарим төрлийн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх, НДШ, ХАОАТ-ын чөлөөлөлт гэх мэт нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хүрч нөлөөлдөггүй нь харагдаж  байна. Мөн “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласантай холбоотойгоор зарим төрлийн үйлчилгээ, үйл ажиллагааны ажиллах цагийн хуваарийг багасгах зөвхөн энэ шийдвэрээс болж судалгаанд оролцсон нийт 1652 хүний нэг улирлын борлуулалтын орлогын хэмжээ 4.3 тэрбум төгрөгөөр буурсан аж.
Тиймээс “Гамшигийн үеийн бэлэн байдал”-ын  энэ цагт төрөөс энэ хэсэгт бодит эдийн засгийн дэмжлэгийг үзүүлэх нь зайлшүй юм.
 
Ц.Мягмарбаяр 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?