Бие даан нэр дэвшээд, гишүүн болохыг санаархаж яваа “хамар” Т.Ганболдын хэргүүд хаачив
УИХ-ын ээлжит сонгуульд урьд өмнө үзэгдэж харагдаагүй олон буюу 208 хүн бие дааж нэр дэвшихээр аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Эдэн дундах “но” ихтэй хүмүүс ч олон. Баян хүнийг балаг тойрдоггүй гэгчээр бизнес улстөрийн талбарт ил гарч ирэх бүртээ гай тарьж явдаг нэгэн энэ дунд байна. Тэр нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Тордайн Ганболд гэгч л дээ.
Санаснаа хийж, сарвайснаа авч яваа энэ залуу ер нь хэн юм бэ. Түүнийг “хамар” гэх хочоор нь бол улстөр, бизнесийн хүрээнийхэн андахгүй. Монголын улстөр, бизнест “хамар” хочит хоёр л бий. Нөгөөг нь “хамар ах” хэмээдэг МАХН-ын Н.Энхбаяр, нөгөөх нь энэ нийтлэлийн баатар Т.Ганболд.
Монголын баячуудын дунд гэнэт хүчтэй орж ирсэн Т.Ганболдыг нэгэн цагт гарч ирсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай зүйрлэж болох юм. 1998 онд баахан сэтгүүлчдийг урьж хоол идүүлээд л “Эрэл” гэж тасарчихсан баян компани байна, Б.Эрдэнэбат гэж баян хүн байна гэлцээд унасан. Нөгөөх нь МАШСН гээч нам байгуулж, 10 мянган төгрөг бэлгэнд өгч 100 мянган “гишүүн” элсүүлж билээ. Ингээд л улстөр рүү харайгаад орчихсон.
Харин бидний өгүүлэн буй Т.Ганболд ардаа “том ах”-тайн хэрэг юу билээ, гэнэт л томорсон доо. Түүний “том ах” нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын гурван даргын нэг асан С.Дэмбэрэл.Т.Ганболд түүний эгчийнх нь хүүхэд.
Түүний намтар товч юм шиг атлаа ардаа асар том асуултуудыг дагуулсаар явдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлын алба хашиж, улмаар “Алтан Дорнод Монгол”-ыг 23 сая доллараар авч, ХҮН намыг удирдаж, нэр хүндийг нь уландаа гишгэж хаяад, Ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг өөрөөс нь хахууль авсан хэмээн бужигнуулсаар өдгөө хүрсэн нэгэн.
Бизнес нь тун амжилттай тэрбээр Баянгол зочид буудлын ард “Корпорейт-1, МҮХАҮТ-ын дэргэд “Корпорейт-2” буудлуудыг болон мөн Нүхтэд зочид буудлаа босгосон. Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан аж. Өмнө нь түүнийг авлига авч, өгсөн, валютын ханшийн зөрүүг хууль бусаар ашигласан үндэслэлээр буруутган хуулийн байгууллага шалгаж байсан удаатай.
Улстөрийн түүх нь ч ярих, сануулах юм олонтой. Т.Ганболд МАН-ын гишүүн байснаа 2015 онд гэнэт намаасаа гарч ХҮН-д орж, хэдхэн сарын дараа тус намын даргын суудалд морилсон. Одоо МАХН-д байгаа С.Ганбаатар, Т.Ганболд нар ХҮН-ийг бужигнуулж сонгуульд оролцох эрхгүй болгосон түүх 2016 оных. Энэ удаа харин Т.Ганболд бие даагчдын платформ гэгчийг санаачлан баахан хүн дагуулан нэр дэвшиж явна.
Тэр ийнхүү улстөр рүү зүтгэхдээ сүүлийн үед их л шударга хүний дүрд хувилах болсон. Тэр шударга царайтай дүрээ Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд дөрвөн сая ам.доллар шилжүүлсэн хэмээн мэдэгдсэнээр эхлүүлсэн билээ.
Харин бие даан нэр дэвшээд УИХ-ын гишүүн болох гэж санаархаж яваа түүнтэй холбоотой хэргүүд хаачив?
Т.Ганболдтой холбоотой хэргүүд:
Т.Ганболдыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үеийн асуудалтай холбоотойгоор хуулийн байгууллага саатуулан шалгаж байв? Түүнийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байхад нягтлангаар нь ажиллаж байсан эмэгтэй мөнгө завшсан хэргээр шалгагдсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авах зорилгоор хуулийн байгууллага хэдэнтээ дуудсан ч очоогүй учраас тийнхүү баривчилсан байдаг юм..
Т.Ганболдын “Алтан Дорнод Монгол” ХХК-тай нь холбоотой хуудуутай асуудал их бий. Улсад их хэмжээний татварын өртэй энэ компани 74-151 тэрбумын татварын өрөө улсад төлж барагдуулах ёстой гэлцдэг. Энэ асуудал сураггүй болсон.
Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа өмнө Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дансанд “Алтан Дорнод Монгол”-оос 4 сая ам.доллар орсон тухай нэгэн баримт дэлгэж байсан. Түүнд Т.Ганболдыг холбоотой хэмээн шуугиад өнгөрч байлаа.Т.Ганболд энэ тухай “Тухайн үед их хэмжээний мөнгө манай данснаас ерөнхий прокурорын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд шилжсэн. Энэ асуудал хууль,хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас илүүг ярих боломжгүй” гэж байлаа.
АТГ болон ЦЕГ-т иргэн Н.Цогтгэрэл хандаж, “Алтан Дорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг шалгуулах гомдол гаргажээ. Уг гомдолд “ Алтан Дорнод Монгол” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Британийн Виржиний арлуудын нутаг дэвсгэрт бүртгэлтэй “Голдстрим Монголиа Инк” компанийн нийт хувьцааны таван хувь болох 650’000 ам.долларын үнэтэй 2500 ширхэг хувьцааны хууль ёсны өмчлөгч болох миний хувьцааг иргэн Т.Ганболд, М.Идэр, Б.Батзориг нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар хууль бусаар Т.Ганболдын эзэмшилд шилжүүлэн авсан.
Улмаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд, хувьцааг бусад иргэн аж ахуйн нэгжид дүр үзүүлсэн хуурамч гэрээ хэлцэл хийн их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийж худалдан шилжүүлсэн. Худалдсан хөрөнгийн орлогоо гадаад, дотоодын иргэн аж ахуйн нэгжүүд, оффшор руу шилжүүлэн их хэмжээний мөнгө угаасан” гэж буруутгаж буйгаа дурджээ. Мөн энэхүү Н.Цогтгэрэл нь төрийн өмчит Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний хөрнгө, мөнгийг өөрийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шамшигдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь давхар шалгуулах хүсэлт гаргасан юм.
Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Зайсангийн аман дахь “Шамбалла” хотхоныг барьж байгуулсан. Иймд энэ обьектод оруулсан санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэг бүрчлэн шалган тодруулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхийг шалгах хүсэлтийг өгснийгАТГ болон ЦЕГ-аас шалгаж эхэлсэн.
Гэтэл өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө эдгээр хэрэг нь замхарчихсан хэрэг үү? Тэр бие даан нэр дэвшээд Их хурлын гишүүн болчихно гэж санаархаж явна.
Тоймч С.Самбуу
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих