📅

Фракцгүй нам болсон гэсэн тань энэ үү, С.Эрдэнэ дарга аа

🕔 2020/05/07 18:48

Монголын улс төрд 30 жил болж буй АН “сэхээ”-нээс гарч чадалгүй байсаар 2020 оны сонгуультай золгож байна. 2016 оны сонгуулиар лидерүүдийнх нь хэнийх нь ч тооцоолж байгаагүй ялагдал хүлээв. Тэд шинэчлэгдэх ёстой юм байна гэдэгт санал нэгдсэн. Гэхдээ ярьсан шигээ шинэчлэгдсэн үү гэвэл үгүй гэдгийг өнөөдөр өрнөж буй үйл явц харуулж байна. Анх С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдоод  “Ардчилсан нам дотооддоо фракцгүй, АН гэдэг нэг цөм л болно” гэж  удаа дараа мэдэгдсэн. Гэвч фракцгүй болох нь байтугай талын нэг тарсныг ээлжит сонгуулийн босгон дээр хүчтэй лидерүүд нь ээлж дараалан гарч ирж зарлаж байна. 
АН-ын генсек, дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, тэр байтугай одоо намынхаа дэд даргын албан тушаалыг хашиж байгаа Б.Дэлгэрмаа хүртэл  УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүллээ. АН-ын дарга асан Н.Алтанхуяг “С.Эрдэнэ дарга намайг намаас хассан учир УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ.
Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ” хэмээн мэдэгдсэн юм. С.Баяцогт, Э.Бат-Үүл нар ч ардчиллыг булшилж буй хэмээн С.Эрдэнэ, түүний зөвлөх З.Энхболд нарыг шүүмжилж, намаасаа тусгаарлалаа. 
С.Эрдэнэ даргын амлалтаар бол АН фракцгүй нам болоод зогсохгүй “амьд нам” болох ёстой.  Тэрбээр “Манай нам бүх шатандаа шинэчлэгдэж, элдэв фракц, улс төрийн бүлэглэлийн савраас бүрэн чөлөөлөгдсөн. Бид өнөөдөр бодлогын, шинэчлэлийн нам боллоо. Ардчилсан нам санхүүгийн ил тод байдалд бүрэн шилжсэн” хэмээн зарласан. Гэсэн атлаа санхүүгийн тайлангаа гишүүддээ тайлагнаагүйн дээр яг юунд зарцуулах нь тодорхойгүй 100 сая, бүр 400 сая төгрөгийг нэр дэвших хүсэл сонирхолтой хүн бүрээс авч буй нь асар олон хардлага, шүүмжлэлийн бай болж, зарим идэвхтэй гишүүдээ ч алдлаа. 
Улс төрийн нам гэдэг төрийн бодлого тодорхойлдог бүтэц учраас аль болох боловсролтой, чадварлаг хүмүүсээ нэр дэвшүүлэх ёстой ч зөвхөн 100 сая төгрөг өгсөн гэдэг шалгуураар нэр дэвшүүлж буй нь АН-ыг бодлогын нам мөн үү гэж асуухад хүргэж байгаа юм. Намаа шинэчилнэ гэж амлалт өгч дарга нь болсон С.Эрдэнэ эсрэгээр бүр мөнгөний нам болгож, лидерүүдээ алдаж, улстөрийн нам гэх утга агуулгыг нь өөрчилж байна.  
АН  нэгэнт нам гэдэг утга агуулгаа алдсан, дээр нь лидерүүд нь бие дааж нэр дэвшиж байгаа нь тус намыг сонгуульд амжилттай оролцох ямар ч боломжгүй болгов. АН өмнө нь фракцуудын нам байсан бол одоо ганцхан С.Эрдэнийн харьяалалд нь байсан “Шонхор”-ын нам боллоо. Товчоор хэлбэл, Ардчилсан намд тодорхой хэмжээгээр нөлөөтэй байсан “Алтангадас”, МҮДН, “Нэг Ардчилал” фракцын лидерүүд намынхаа үйл хэрэгт төдийлэн оролцохгүй, хойш суусны горыг тэд нийтээрээ хүлээхээр болчихлоо. Нам доторх зөрчлөө шийдэж, эв эеэ олж чадахгүй дөрвөн оныг үдэж, ээлжит сонгуультай нүүр тулчихав.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “АН-д байгаа хамгийн том дутагдал бол нам дотор байгаа нэг андыгаа өөр намын гишүүнээс илүү үзэн ядаж байна. Ярилцаад ойлголцох олон зүйлийг фракциараа зааглаж хувааж байна” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. Энэ бүхнээс харахад, 2020 оны сонгуулийн өмнө Ардчилсан нам дахь фракцуудын зөрчил хүчээ авч, зарим нь намаасаа гарч, шинэ нам байгуулж буй нь хагарал улам бүр гүнзгийрсний шинж тэмдэг биз ээ. 
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэйн адилаар С.Эрдэнэ халаагаа өгнө. Түүний орыг залгамжлах залуусыг бэлдэх ёстой атал Б.Галиндэв, Н.Соёмбо зэрэг залуус нь ч  мөн бие даан нэрээ дэвшүүлэхээр болжээ. Уг нь бол АН-ын жирийн гишүүд, дэмжигчид нь фракцуудаа цэгцэлж, намаа нэгэн цул болгож авах нь хэмээн баяр хөөр болж суусан цаг саяхан. Гэтэл тэр гишүүдээ зангидаж, чиглүүлж, бодлого тодорхойлох ёстой лидерүүд нь учраа олж чадсангүй. Товчхондоо, С.Эрдэнэ бол З.Энхболдын үргэлжлэл болж, намаа  “Шонхор” фракц хэмээн харсан нь түүний алдаа боллоо. Улс төрийн намын дарга сонгуульд багаа хэрхэн удирдаж оролцохоос цаашдынх нь хувь заяа шалтгаалдаг. Түүнээс нам гэж өөрийн тойрон хүрээлэгчдээ авчирч, хөнгөн гоомой хандах алба бол биш юм.
С.Эрдэнийн гол алдаа энэ байсан. Үүнийг хөндлөнгөөс ажиглаж суусан лидерүүд нь 2020 сонгуульд намаасаа нэр дэвшвэл дахин өвдөг шороодох нь гэж гадарлан түүнээс нүүр буруулан зам замаа хөөж, нэр дэвшихээр болсон ч байж мэднэ. УИХ-ын ээлжит сонгууль болоход сар гаруйн хугацаа үлджээ. Намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа 20-иод хоногийн дараа болно. Энэ богино хугацаанд  Ардчилсан нам доторх хагарал зөрчил арилахгүй. Ялангуяа сая Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилснаар бүр ч оргил үедээ хүрсэн. Учир нь АН, АН-ын даргын зөвлөх З.Энхболд нарыг М.Энхсайханыг хэлмэгдүүлж байна гэсэн.  Харин энэ бүхэн нь  намыг нь сонгуульд ялагдуулна гэдгийг АН-ын дарга С.Эрдэнэ, түүний зөвлөх З.Энхболд нар тооцоолж байгаа болов уу гэдэг асуултыг хариу ихэд сонирхолтой. 
Өнгөрсөн хугацаанд бүх нам ямар нэг хэмжээгээр дотроо хагарал зөрчилтэй байж ирсэн.Гэхдээ яг сонгууль болж байхад ийм том хэмжээнд хагарч, бутарч байсангүй. Мөнгө, түүн дээр нэмэх нь биесээ үзэн ядсан өс хонзон, лидерүүдийн зугаталт...Энэ бүхнээс эцэслэн дүгнээд  С.Эрдэнэ даргаас “Фракцгүй нам болоод шинэчлэгдэнэ” гэсэн юу болсон бэ гэж  асуумаар байна. 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?