📅

Хугацаат цэргийн алба хаагчийг зодсон ахлагчийг тэнсэн харгалзав

🕔 2020/03/13 11:09

Өнгөрөгч оны  09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид артиллерийн батарейны ахлагчаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа З.Э нь хугацаат цэргийн албан хаагч М.Э-тэй дүрмийн бус байдлаар харьцаж бүс болон гараараа гар, толгой, цээж, нүүрэн тус газарт нь цохиж зодсон, хүч хэрэглэсэн  байна.  Түүний энэ үйлдэл хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжжээ.  Шүүхээс түүнийг цэргээ зодсон гэм буруутай гэж үзсэн ч хорих ял оноолгүйгээр тэнсэн харгазлсан байна.
Хугацаат цэргийн алба хааж байсан “хүүхэд” сахилгагүйтэж бүс нуусан байна. Гэвч  энэхүү сахилгагүйтэл нь зодуураар  үргэлжилж  цэрэг зодуулж, ахлагч нь тэнсэн харгалзах ял авснаар дууссан байна. Тодруулбал, 2019 оны  09 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт байрлах Зэвсэгт хүчний 336 дугаар ангид артиллерийн батарейны ахлагчаар ажил үүрэг гүйцэтгэж байхдаа З.Э нь хугацаат цэргийн албан хаагч М.Э-тэй дүрмийн бус байдлаар харьцаж бүс болон гараараа гар, толгой, цээж, нүүрэн тус газарт нь цохиж зодсон, хүч хэрэглэсэн  байна. Хэдийгээр ахлагч нь үүргээрээ шууд удирдах, захирах албан тушаалтан мөн ч гэсэн зодох ёсгүй аж.  Цэргийн сахилгын дүрэмд зааснаар тухайн гаргасан зөрчлийнх нь шинж байдлыг харгалзан үзээд сануулах, түр чөлөөг хасах, түрүүчийг цолтой бол албан тушаалааас бууруулах, эсхүл албан тушаалыг хураах, 10 хүртэл хоног тусгаарлан саатуулах буюу хуучнаар сахилгад хийх зэрэг шийтгэлүүдийн аль нэгийг нь сонгож хэрэглэдэг байна. Ахлагч  Э-ын өөрийнх нь эрхийн хүрээнд байлдагч Э-д сануулах, түр чөлөөг хасах шийтгэл оногдуулж болох байсан ч тэгсэнгүй зодсон байгаа юм.
Болсон хэргийн талаар Зэвсэгт хүчний 336 дугаар ангид артиллерийн батарейны ахлагч З.Э “...Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... Э-ийг дуудаж уулзаад юу болсон талаар асуухад эхлээд “Би аваагүй мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгэхээр нь жоохон тулгаж байгаад “Чамайг авсан гэж хүмүүс хэлж байна, чи аваа биз дээ” гэж хэлэхэд “Тиймээ би авсан” гэж үнэнээ хүлээсэн. Тэгэхээр нь би амралтын байр луу дагуулж ороод бусад байлдагч нарын хажууд загнасан. Мөн өөрийнх нь зүүж байсан бүсээр 2 гарынх нь алга руу 2-3 удаа хөнгөхөн ороолгосон. Мөн толгой хэсэг рүү нь бага зэрэг 2-3 удаа ороолгосон, цээж хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон, нүүрний зүүн шанаа руу алгадсан. Өөрөөр бол дахиж ороолгож гар хүрээгүй... Цэргийн дүрэмд заасны дагуу би шууд захирах албан тушаалтан мөн...” гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн байна.
Харин түүнд зодуулсан байлдагч   М.Э “...2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр анги дээр хуваарийн дагуу ээлжтэнд гарч байхад манай дээд оны нэг байлдагч ирээд тухайн үед манай анги дээр сургалтанд сууж байсан ахлагч нарын бүсийг нууцаар аваад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шөнө нэг ахлагчийнх нь бүсийг нууцаар аваад нуучихсан юм. Гэтэл маргааш нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ахлагч Э-д баригдсан. Тэгсэн Эт намайг амралтын байран дотор загнаж байгаад бүсээр 2 гарын алга руу 2-3 удаа ороолгосон. Дараа нь толгой руу мөн 2-3 удаа ороолгосон. Тухайн үед хорсоод өнгөрч байсан... Тухайн үед миний толгой дагзны хэсгээрээ бага зэрэг хавдсан байсан. Цээжний гол хэсгээр үл ялиг хөхөрсөн байсан. Өөр гэмтэл учраагүй... Миний зүүн шанаа, цээжний гол хэсэг рүү гартаа юм ороож байгаад нэг удаа цохисон, бүсээр толгой, гар луу 2-3 удаа ороолгосон... Намайг тэр өдөр нэг удаа л цохиж зодсон...” гэж  мэдүүлэг өгчээ.
Хэрэг гарах үед хэд хэдэн гэрч байсн аж.  Тэд хэргийг “...Бүс хулгайлсанаас болж ахлагч Э, Э-ийг эхлээд загнаж байгаад дараа нь тэр бүсээр нь 2 гар луу нь 2-3 удаа дунд зэргийн хүчтэй ороолгосон. Дараа нь толгой руу нь мөн дунд зэргийн хүчээр 2- 3 удаа ороолгосон. Тухайн үед би хажууд нь жагсаад зогсож байсан..." хэмээн гэрчилсэн нь хавтаст хэрэгт авагджээ.
Зэвсэгт хүчний 336 дугаар ангид артиллерийн батарейны ахлагч З.Э нь Цэргийн дотоод албаны дүрмийн 118 дугаар зүйлд заасан үүргээ үл биелүүлж, хугацаат цэргийн алба хаагчийн гаргасан сахилгын зөрчилд сахилгын шийтгэл оногдуулахдаа Цэргийн дотоод албаны дүрэм, Цэргийн сахилгын дүрэмд зааснаар гаргасан зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлд нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулах эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Улмаар  дүрмийн бус аргаар бүсээр гар болон толгой хэсэгт нь ороолгох, гараараа нүүр, цээж хэсэгт цохих зэргээр цэргийн дүрмийн бус байдлаар харьцахдаа захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн. Хэргийг шалгах явцад тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй, эргэлзээтэй гэж үзэх нотлох баримт тогтоогдоогүй тул Зэвсэгт хүчний 336 дугаар ангид артиллерийн батарейны ахлагч Х овогт З.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дарга, захирагч нь захирагдагчаа зодож хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж шүүхээс үзсэн. Улмаар Ахлагч З.Э-д  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн болон гавъяа шагнал, ажил байдлын тодорхойлолт, зан байдлын тодорхойлолт, хувийн байдал болон энхийг сахиулах үйлсэд оруулсан гавъяа зүтгэлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үзэж гэм буруутайд тооцсон байна.
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?