📅

Ц.Мөнхцэцэг: Сонгуулийг мөнгөтэй хүмүүсийн биш, бодлогын өрсөлдөөн болгох ёстой

🕔 2020/03/11 15:37

Стратеги академийн захирал, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

-УИХ-ын сонгуульд улс төрийн нам, эвслээс гаргах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр Үндэсний аудитын газраас тогтоолоо. 2016 оны сонгуулиар уг хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоож байсан шүү дээ. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалин 57 сая төгрөг. Гэтэл нэг нэр дэвшигчээс зардлын хэмжээг 775 сая төгрөгөөр тогтоолоо. Эндээс ярилцлагаа эхэлье?


-Монголын сонгуулийн зардал жил ирэх тутам өсч байна. Жишээ нь, 2016 онд хамгийн өндөр зардалтай сонгуулийн тойрог болох Баянзүрх, Налайх дүүргийн 22 дугаар тойрогт 378 сая байсан бол энэ жилийн хувьд Баянгол дүүргийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 775 сая төгрөг байхаар тогтоожээ. Энэ удаагийн сонгуульд ингэж зардал нэмэгдэх болсон нь нэг талаас тойрог томсож тухайн нэр дэвшигчийн хүрч ажиллах сонгогчдын тоо 2016 оныхоос даруй 2-3 дахин нэмэгдсэнтэй холбоотой байх. Нөгөө талаас сонгуульд гарах зардлыг Аудит, Үндэсний статистикийн хороо, СЕХ зэрэг байгууллагууд харьцангуй бодитоор тооцоолон гаргасан байх магадлалтай. Ер нь жилийн жилд нам, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын ихэнх нь нь хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, төвлөрсөн арга хэмжээнүүдэд зарцуулагддаг. Гэхдээ энэ нь хот, хөдөөгийн тойргуудаас шалтгаалан харилцан адилгүй. Тухайлбал, нийслэлийн тойргуудад хэвлэл мэдээллийн зардал ихэнх хэсгийг эзэлдэг бол орон нутагт тээвэр, харилцааны зардал их байх жишээтэй. Монголд сонгуулийн зардал ингэж өсч байгаа нь буруу жишиг гэж хэлж болно. Би ардчилал, сонгуулийн үйл явцын талаар 20-иод жил судалгаа хийж байна. Ингээд харахад улс төрийн намуудын шударга өрсөлдөөн ардчиллын амин чухал нөхцөл болдог нь олон улсын жишээнээс харагддаг. Тэгвэл улс төрийн намын төлөвшилд эерэг, эсвэл сөргөөр нөлөөлж байгаа асар том хүчин зүйл бол санхүүжилт.


-5.9 тэрбумаар сонгуулийн зардлыг тогтоосон нь АНУ-аас хоёр дахин их хэмжээ. Ийм их мөнгөөр сонгуулийг хийх гэж байна шүү дээ. Яагаад манайд сонгуулийн зардал ийм өндөр байна вэ?


-Тийм ээ, бид үнэхээр өндөр зардлаар сонгуулийг хийж ирлээ. УИХ-ын гишүүний сарын цалин ийм байхад тэрнээсээ хэдэн арав дахин их мөнгөөр сонгогдчихоор эргээд тэр мөнгөө олох гэж төрийн албыг өөртөө ашиглана гэдэг шүүмжлэлүүд явж байгаа шүү дээ. Санал нэг байгаа. Сонгуулийн зардал асар их байх үед хэн гарах нь ойлгомжтой. Сонгуулийн зардал өндөр байхын хэрээр тухайн сонгуульд гарааны тэгш бус байдал нэмэгддэг. Нөгөө талаас сонгуулийн албан ёсны сурталчилгаа хугацаа бусад улсуудынхаас богино. 2016 онд 18 хоног байсан бол энэ жилийн удаагийнх 21 хоног. Ийм нөхцөлд хөрөнгө мөнгөтэй нэр дэвшигч л богино хугацаанд их хөрөнгө хаяж олонд танигдах боломжтой байгаа нь яах аргагүй тэгш бус байдал. Мөн өргөн уудам газар нутагт хүн ам тархан байршсан, сонгуулийн сурталчилгааны үеийн хүн хүч оролцсон бүх үйл ажиллагаа нь үнэ хөлсөөр явдаг, олон хүн цуглуулсан кампаничилсан том акциуд их хийдэг зэргээрээ Монголын сонгуулийн кампани Европ болон Азийн улсуудынхтай харьцуулахад зардал ихтэй. Ганцхан жишээ хэлэхэд, дэлхийн улсуудын сонгуульд тухайн нам, нэр дэвшигчийг дэмжигч сайн дурынхан ажилладаг бол манайд нэр дэвшигчийн штабын бүхий л ажиллагсад тодорхой хэмжээний урамшуулал цалинтай ажилладаг. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд зардал ихтэй сонгууль явуулдаг буруу жишиг тогтоочихоод байна. Тиймээс судлаачид бид сонгуулийн зардлыг багасгах, эх үүсвэрийг нь ил тод болгох, хувь хүнээс гарах зардлыг аль болох хязгаарлаж, зардлын нэлээд хэсгийг бусад улсын жишгээр төрөөс даадаг чиглэл рүү оруулах нь зөв гэсэн байр суурьтай байдаг. Монгол Улсын хөгжүүлэх бодлого хөтөлбөр дэвшүүлсэн, улс орны алсыг харсан, нийтийн эрх ашгийн төлөө явдаг нам, нэр дэвшигчийг сонгох ёстой. Тэрнээс биш сонгуулийг хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн болгож болохгүй. "Их мөнгөний өмнө тэсдэг хүн маш цөөхөн байдаг" гэж нэгэн алдартай үг байдаг. Сонгуулийн зардал өндөр байх нь авлигын нэг том шалтгаан. Тийм учраас сонгуулийн зардлыг багасгах, зарцуулалтыг ил тод байлгах нь их чухал юм.


-Томсгосон тойргоор сонгуулийг явуулбал илүү бага зардал гарах юм биш үү. Нэг намаас нэг тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид хамтран санхүүжилтээ гаргах, баг болон ажиллах боломжууд нээгдэнэ шүү дээ?


-Тантай санал нэг байна. Тухайн тойрог дээр намаас гурван хүн өрсөлдөж байгаа бол сонгуулийн зардлаа хуваалцаж гаргах ёстой. Тэгвэл зардал буурна. Аль болох бага зардлаар өрсөлдөөнийг нээлттэй, бодлогод суурилсан зарчмаар хийх ёстой. Энэ удаагийн сонгуулийн хуулийн царцаа нүүлгэх гэдэг бас нэгэн хууль бус зардлыг сонгуулийн хуулиар таслан зогсоосон нь давуу тал боллоо. Сонгогчдын саналыг авахын тулд мөнгө тараадаг уламжлалт бохир арга үеэ өнгөрөөсөн. Манай Стратеги академи болон бусад судалгааны газруудтай хамтран хийж байгаа сүүлийн үеийн судалгаануудаас харахад Монголын сонгогчид сонголтоо хянуур хийдэг, мөнгөнд саналаа худалдахааргүй болсон байна. Улстөрчдийг хэн болохыг, улс төрийн бодлого юу болохыг шүүн тунгааж саналаа өгөх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна. Тийм учраас улс төрчид сонгогчдыг элдэв бэлэг сэлт, мөнгөөр татах гэсэн явуургүй аргаа зогсоох цаг болсон. Энэ мэтээр танаж болох олон зардал бий.


-Та ХБНГУ болон АНУ-ын их сургуулиудад зочин судлаачаар ажиллаж байсан хүний хувьд эдгээр улсын намын санхүүжилтийн онцлогийг тодруулж хэлнэ үү?


-Парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байна уу гэдгээс хамаараад суурь концепц нь хоёр өөр байдаг. ХБНГУ ба АНУ бол энэ хоёр тогтолцооны сонгодог жишээ. АНУ бол Ерөнхийлөгчийн засаглалтай учраас улс төрийн нам нь сул, Ерөнхийлөгч хэмээх хувь улстөрчийн нөлөө өндөр байдаг улс. Тиймээс улс төрийн намыг дэмжих, улс төрийн намын санхүүжилтийг төрөөс хэсэгчлэн юм уу, тодорхой хэмжээгээр гаргах явдал байдаггүй. Сонгуулийн болон улс төрийн санхүүжилт нь цэвэр хувь хүн, том компаниудын хандиваас бүрддэг. Ингэснээр тухайн улстөрч юм уу намыг санхүүжүүлэгчээс хамааралтай болох, лоббид автах явдал гардаг. Жишээлбэл, сүүлийн үед АНУ-д галт зэвсгийн хэрэглээг хязгаарлах талаар олон нийтийн тэмцэл хөдөлгөөн ид өрнөж байна. 7000 гаруй дунд сургуулийн хүүхэд бууны суманд өртөж амь насаа алдаад байгаа тул хүүхдүүд, эцэг эхчүүд удаа дараа жагсаал хийж байна. Гэтэл АНУ-ын улстөрчдийг санхүүжүүлдэг асар том бүлэглэл нь зэвсгийн наймаанаас ашиг олдог компаниуд юм. National Rifle As­sociation буюу Үндэсний зэвсгийн холбоо Конгрессын гишүүдийн сонгуульд их хэмжээний хандив өгдөг болохоор хуульд өөрчлөлт оруулж зэвсгийн хэрэглээг хязгаарлах боломж одоогоор хязгаарлагдмал хэвээр байна. Өөрөөр хэлбэл, АНУ-ын улстөрчид зэвсгийн наймаачдын шахалтад орсон гэсэн үг. Улс төрийн намууд ийнхүү хувь хүн, компаниудаас санхүүжих нь сөрөг үр дагавар ихтэй байдгаас Европын улс орнуудад хувийн санхүүжилтээс татгалзаж, улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх чиглэл давамгайлж байна. Европын ихэнх улсын намын санхүүжилтийн 60-70 хувь нь төрийн дэмжлэг байдаг. Төрөөс олгож буй энэ санхүүжилтийн нэлээд хэсгийг иргэдийн улс төрийн боловсрол, бодлого боловсруулах, бодлогын судалгаа хийхэд зарцуулна гэж хуульчилсан байдаг. ХБНГУ-ын хувьд улс төрийн намуудад төрөөс үзүүлэх санхүүгийн шууд ба шууд бус дэмжлэг үзүүлдэг. Намуудын нийгмийн дэмжлэг, сонгуулиар авсан саналыг үндэслэн төрөөс санхүүжилт олгодог. Европарламент болон Бундестагийн сонгуульд тухайн нам нийт сонгогчдын 0.5 хувиас доошгүй санал авсан бол төсвөөс санхүүжилт авах эрх нээгдэнэ. Ингэж улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсээс хараат бус байх нөхцөлийг хангахын зэрэгцээ төрөөс бас хараат бус байх ёстой гэсэн концепц Германд үйлчилдэг. Энэ нь гишүүдийн татвар болон хязгаарлагдмал хувийн хандив юм. Мөн Германы улс төрийн санхүүжилтийн нэг онцлог нь намын дэргэдэх улс төрийн боловсролын сангуудаар дамжуулан шууд бус санхүүжилтийг Бундестагт суудалтай намуудад өгдөг явдал. Иргэд улс төрийн мэдлэггүй байх нь ямар аюултай гэдгийг 1933 оны Рейхстагийн сонгуульд Гитлерийн нам ялалт байгуулсан явдал гэрчилдэг тул өдгөө Германы засгийн газар ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд ихэд анхаардаг. Намын дэргэдэх улс төрийн сангууд иргэдийн улс төрийн боловсрол, дэлхий дахины ардчиллын боловсролыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголд Фридрих Эбертийн сан, Конрад Аденауэрын сангуудын суурин төлөөлөгчийн газрууд ажиллаж ардчиллын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


-Хаврын ээлжит чуулганаараа Улс төрийн намын тухай хуулийг шинэчилнэ. УИХ өнгөрсөн онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, улс төрийн нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ дээр судлаачид та бүхэн зөвлөмж өгч ажиллаж байгаа байх?


-Таны хэлсэнчлэн хаврын чуулганаар хэлэлцэгдэх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад эрдэмтдийн багаараа бодлогын зөвлөмж өгч байна. Бид улс төрийн намын санхүүжилтийг ил тод хариуцлагатай болгох, сонгууль дахь хөрөнгө мөнгөний нөлөөг багасгах, цаашлаад авлигыг бууруулах чиглэлээр нэлээд олон бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байгаа. 2019 оны арваннэгдүгээр сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс тө-рийн намыг эрүүлжүүлэх санхүүжилтийг ил болгох чиглэлээр маш дорвитой заалтууд орсонд судлаачид бид сайшаалтай хандаж байна. Уг заалтууд улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хууль дээр хэрэгжээд явахад ихээхэн дэвшил авчирна. Энэхүү хуулиар улс төрийн намын бүтэц үйл ажиллагаа, нийгэмд гүйцэтгэх үүрэг, санхүүжилт, хариуцлагыг цоо шинээр зохицуулна. Тухайлбал, өдгөө үйлчилж буй 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулинд Улс төрийн намд нийгмийн өмнө ямар нэг үүрэг ногдуулаагүй байсан бол Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зааснаар улс төрийн нам ардчиллыг бэхжүүлж хөгжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоог идэвхжүүлэх, дэмжих, судалгаанд суурилсан бодлого хөтөлбөр дэвшүүлж сонгуульд оролцох, хэрэгжүүлэх зэрэг үүргийг хуульчилж байгаа. Гагцхүү хууль тогтоогчид хуулиа батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн суурь концепцоо барьж, мэргэжилтнүүдийнхээ зөвлөгөөг хэр авч хуулиа батлах нь уу гэдгээс их зүйл шалтгаална. Эсрэгээрээ зургаан сард болох сонгуулиа бодож, цаг зуурын өөрсдөдөө ашигтай хууль баталчихвал асуудал үүснэ шүү дээ.


-Хуулийн шинэчлэлээр гишүүдийн татвар дээр тодорхой хэмжээний анхаарал тавих нь зүйтэй байх?


-Дэлхийн чиг хандлагаар нам аль болох энгийн гишүүдээсээ бага хэмжээний татвараас санхүүжиж байж, хөрөнгө мөнгөтэй том компанийн нөлөөллөөс ангид байна гэсэн зарчим бий. Улс төрийн намын тухай шинэчилсэн төсөл дээр гишүүний жилийн татварын хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувиас хэтрэхгүй байлгахаар заах зөвлөмжийг өгч байгаа.


-Улсаас намыг хэдэн төгрөгөөр санхүүжүүлдэг юм бэ?


-2005 оноос хойш мөрдөгдөж байгаа Улс төрийн намын тухай хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намыг төрөөс санхүүжүүлдэг. Тэр нь сонгуулийн дараа нэг удаа хүчинтэй саналыг мянган төгрөгөөр бодож санхүүжилт олгодог. Түүнчлэн УИХ-д суудалтай намуудад нэг гишүүний суудлыг 10 сая төгрөгөөр тооцож, тухайн бүрэн эрхийн хугацаанд улирал тутам улсын төсвөөс санхүүжүүлдэг. Харамсалтай нь улсын төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтын тайланг хянах механизм маш сул байна. 2007 оноос хойш ганцхан удаа улс төрийн намын санхүүжилтэд аудит хийсэн тайлан олон нийтэд ил болсон.


-Хэдий УИХ-д суудал аваагүй ч гэсэн тодорхой сонгогчдын дэмжлэг авсан намыг төр дэмжих зохицуулалт орж байгаа юу?


-Ардчилалд шилжиж буй орнуудад улс төрийн намын төлөвшлийг дэмжих нь чухал гэдгийг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулинд Европын Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын экспертүүдтэй бид хамтран ажиллаж байна. Олон улсын зөвлөхүүд Монголын улс төрийн намуудад өрсөлдөөний ижил боломж олгох, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, намыг бүртгэх тогтолцоог хялбар болгох, зөвхөн УИХ-д суудалтай бус, сонгогчдын тодорхой дэмжлэг хүлээсэн намд төрийн санхүүжилт олгодог байх зэрэг зөвлөмжийг өгөөд байгаа. Тийм учраас энэ удаагийн Улс төрийн намуудын тухай хуулийн төсөлд “УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын нэг хувиас доошгүй санал авсан намд жил бүр төсвөөс хүчинтэй санал тутмыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.5 хувьтай дүйцэхүйц хэмжээний мөнгөн дүнгээр тооцож олгоно” гэж заалт орж байгаа. Энэ нь улс төрийн намуудын тэгш шударга өрсөлдөөнийг дэмжих зорилготой юм.


-Улс төрийн намуудад төрөөс олгох санхүүжилтийн зориулалтыг зааж өгөх үү?


-Төрөөс олгож байгаа хэсэгчилсэн дэмжлэгийн зориулалтыг нь зааж өгнө. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд санхүүжилтийн 20-иос доошгүй хувийг гишүүд дэмжигчдийн улс төрийн боловсролд, 15-аас доошгүй хувийг иргэд сонгогчдын улс төрийн боловсролд, 30-аас доошгүй хувийг намын мөрийн хөтөлбөр, бодлого боловсруулах үйл ажиллагаанд зарцуулна гэж оруулсан байгаа. Нам бол бодлогын нам болох ёстой. Тэрнээс цаг зуурын шинжтэй, олны анхаарал татсан популист хандлагатай байж болохгүй.


-Эцэст нь дүгнэж хэлбэл Монгол Улсад ямар улс төрийн намын тогтолцоо төлөвших нь зүйтэй вэ?


-Монгол Улс нь парламентын засаглалтай улсын хувьд Европ маягийн намын тогтолцоо болон намыг төрөөс хэсэгчлэн санхүүжүүлдэг механизмыг Монгол Улсад нутагшуулах нь тохиромжтой гэж бодож байна. Хамгийн чухал нь улс төрийн намууд бодлогын нам болж төлөвших ёстой. Намууд нь бодлогоор өрсөлдөж, сонгогчид нь бодлого боловсруулах чадвараар нь нэр дэвшигчдээ сонгох нь хамгийн зөв хувилбар. Дэлхийн улстөрчид бодлогоор өрсөлдөж, мэтгэлцээнээр танигддаг. Жишээ нь, БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног. Энэ хугацаанд зургаан удаагийн мэтгэлцээнийг явуулдаг юм билээ. Гэтэл манайд 21 аймгаа тойрч, асар их зардал шаардсан, массыг хамарсан кампаничилсан үр дүн багатай сонгууль явуулсаар л байна. Тиймээс бодлогоор өрсөлддөг, бодлогын мэтгэлцээн хийдэг шинэ соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй. Сонгуулийг мөнгөний биш, бодлогын өрсөлдөөн болгох цаг ирсэн.


Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?