24 цагийн үйлчилгээтэй эмийн сан шинээр нээгдлээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багийн нутаг дахь "Газар өгөөж” ХХК-ийн байранд 24 цагийн үйлчилгээ эрхлэх эмийн сан нээгдэв.
Шинээр нээгдсэн эмийн сангаар иргэн бүр үйлчлүүлэх боломжтойн гадна эмийн сангийн үйлчилгээ төдийлөн хүртээмжтэй биш байдаг гэр хорооллын 1-7 дугаар багийн иргэдэд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ илүү ойртож байгаа аж. Иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж байршлаа сонгож салбар эмийн сангаа нээж байгаа "Дархан-Уул Эм хангамж” ХХК нь цаашид иргэдэд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг болохоор холбогдох байгууллагуудад хандаад байна гэж тус компанийн төлөөлөл хэллээ.
"Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ төрлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу 24 цаг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь олгосон, цаашид ч дэмжиж ажиллана" гэж Дархан сумын Засаг Б.Азжаргал нээлтийн үеэр хэлэв. Шинэ үйлчилгээгээ хүргэж эхэлсэн тус эмийн сангийнхан нээлтэдээ зориулж бүх төрлийн амин дэмүүддээ 15-20 хувийн хөнгөлөлт зарласан бол "Гос хот”, "Түвшин холбоо” зэрэг өрхийн эмнэлгийн эмч нар иргэдэд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч цусны даралт хэмжих үйлчилгээ үзүүллээ.