📅

“Ичдэггүй” Монгол зан

🕔 2016/03/03 11:55

 

 

Аливаа улс үндэстэн цор ганцаар түүхийг бүтээж чаддаггүйн адилаар Орос, Монгол улсууд мөнхийн хөршүүд билээ. "Хөршөө сонгодоггүй” гэсэн Орос ардын мэргэн үг байдаг. Харин монголчууд "Саахалт айлын санаа нэг" гэж ярьдаг.

Манай хоёр орон, ард түмэн хаяа дэрлэн оршин суудаг төдийгүй энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа, найрамдал, хамтын ажиллагаа байгуулагдсаны 95 жилийн ой тохиох гэж байна. Гэтэл хэдхэн сарын өмнө Москвагаас маш чухал санамж бичиг ирсэн тухай хүмүүс ярилцах болов. Учрыг ухваас өнөөх "ИЧДЭГГҮЙ” монгол зангаараа "Ачийг ачаар бус бачаар, тусыг тусаар бус усаар” хариулсан болж таарав.

Түүхээс үзвэл Оросын Холбооны Улс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс байхаасаа эхлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад маш их тус болсон бөгөөд бид тэдний барьж өгсөн хотод амьдарч эцэг эх маань тэдний буянаар боловсрол эзэмшиж үр хүүхэд минь тэдний барьж өгсөн цэцэрлэг, сургуульд сурч байна. Тэр ч бүү хэл Москвад хүртэл үл хөдлөх херөнгө болох Монголын Элчин Сайдын Яамны барилга, Худалдааны төлөөлөгчийн газар барилгуудыг бэлгэнд авсан бөгөөд захиран зарцуулж, түрээслүүлэх гэх мэт эрхээ одоог хүртэл эзэмшиж байгаа билээ.

Хэдийгээр Ардчилсан хүч ялж, 1990 онд МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчоо огцорч, төр зас гийн тэргүүнүүд солигдсон хэдий ч ЗСБНХУ-тай хийсэн гэрээ хүчинтэй хэвээр үлдсэн юм. Учир нь Оросын Холбооны Улсыг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын залгамжлагч улс хэмээн олон улсын гэрээ, хэлэлцээрт дэлхийн нийгэмлэг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн. Мөн Оросын Холбооны Улс нь олон улсын шинэ субъект бус, харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсыг нь олон улс, эрх зүйн хувьд залгамжлана хэмээн баримтыг баталсан тул ЗСБНХУ-ын залгамжлагч улсын хувьд Орос нь Монгол дахь ЗСБНХУ-ын эд хөрөнгийг эзэмшигч хэвээрээ байх болно гэдгийг Монголын тал сайн ойлгоогүй бололтой.

Анхааруулга өгсөн уг санамж бичигт ОХУ-ын Монгол Улсад эзэмших үл хөдлөх хөрөнгийн хэд хэдэн объектуудын бүртгэлийн гэрчилгээг Монголын шүүхээс хүчингүй болгох тухай шийдвэр удаа дараа гаргасан нь Орос болон Монголын хооронд байгуулсан гэрээг болон 1969 онд батлагдсан олон улсын гэрээний эрхийн тухай Вений конвенцийн 26 заалтын дагуу гүйцэтгэхгүй байгаа нь Монгол Улс Оросын Холбооны улсыг залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл бөгөөд энэ нь олон улсын эрхийг зөрчиж буй асуудал юм. Бид түүхийг мартах ёсгүй билээ.

Тодруулах нь: Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн Газар болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газрын хооронд 1979 оны 7-р сарын 29-нд байгуулсан БНМАУ-д тусламж үзүүлэх Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байршуулах ба үйлчилгээний зориулалттай соёл, аж ахуйн шаардлагатай обьектуудтай орон сууцын барих тухай протоколоор тогтоосон бөгөөд үүнд өнөөдрийн 15-р бичил хороолол, Дархан хотын 22-р бичил хороолол, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах Ленин клубын хөрөнгий иж бүрдэл зэрэг багтана.

1990 оноос хойн Ардчилсан нам засгийн эрхийг атгаж байх үедээ Оросын өмч болох эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг шүүхээр хүчингүй болгож заримаас нь ойлгомжгүй хэлбэрээр бусдад шилжүүлсэн бөгөөд үүний нэг тод жишээ бол Ленин клубыг Ардчилсан намын зүтгэлтэн Цагаан Шонхорын Энхтайван эзэмших болсон гэдэг. Өнөөдөр энэ барилга Энтайваны эзэмшилд байдаг бөгөөд уушийн газар болон түрээсийн байгууллагуудаар түрийвчээ зузаалдаг гэх яриа бий.

Оросын талаас нэг бус удаа мэдэгдэж асуудал дэвшүүлсэн ч бодит байдал дээр энэ "ИЧИХГҮЙ” монгол зан өшөө их хэмжээгээ тэлж УБ хотын XV бичил хороолол хаягаар орших зарим орон сууцууд, V хороонд орших 7,11,12,13 орон сууцууд Дархан хотын XX бичил хороолол хаягаар орших орон сууцууд бүгд хүчингүй болсон бөгөөд Монголын шүүх шийдвэр гаргахдаа Оросын Холбооны Улсын эзэмшилд байх хэд хэдэн обьектуудын бүртгэлийн гэрчилгээг олгоход хууль ёсны үндэслэл байхгүй хэмээн мэдэгдэж буй нь гайхшрал төрүүлж байна.

Эндээс дүгнэж үзвэл бид Оросын Холбооны Улсаас Монгол Улсад үзүүлсэн их өрийг тэглэсэн. Улс хооронд визгүй болгосон. Мах худалдах зөвшөөрөл өгсөн гэх мэт эдийн засаг, улс төр, нийгэм соёлын өгөөжтэй олон тусламжийн хариуд олон улсын гэрээг зөрчин байж Оросын эзэмшилд байх ёстой хөрөнгийн эрхийг хамгаалах нь бүү хэл хоёр улсын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ашиг сонирхлыг хяхах нөхцлүүдийг бий болгож буй нь Орос- Монголын эв найрамдалт түүхэн замыг харлуулж буй хэрэг юм.

Ардчилал бол тэгш эрх юм. Тиймийн учир бидний мөнхийн хөрш ЗСБНХУ-ын залгамж улс болох Оросын Холбооны Улсын хууль ёсны эрх ашиг ба сонирхлыг олон улсын эрхийн хэм хэмжээг баримтлан хамгаалж, шаардлагатай арга хэмжээг авах болтугай хэмээн хүсч байна.

Бид Оросоос зээл хүсч, бид шатахуунаа хямдаар зараач гэж "ИЧИХГҮЙ” монгол зангаар гуйдаг шигээ бид бусдын бусдын эд хөрөнгөд халддаггүй, эргүүлэн өгч чаддаг "ИТГЭЛ” даадаг монгол занг бий болгоё төрийн түшээд ээ!

МАХН-ын ахмад гишүүн М.Чимэд

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?