📅

Дархан-Уулд хэн нэр дэвших вэ?

🕔 2016/03/01 14:00

Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоногийн мягмар, пүрэв гаригуудад тоймлон мэдээлж буй. Энэ удаад Дархан-Уул аймагт хэн, хэн нэр дэвшихээр сунгааны бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Улаанбаатар хотоос 220 км зайд орших Дархан-Уул аймаг нь дөрвөн сум, 24 багтай. Аж үйлдвэрийн хоёр дахь хотоор нэрлэгдсээр ирсэн тус аймгийн хүн амын тоо 200 мянгад хүрчээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэйгээс 18 нь МАН-ын угшилтай ч Засаг даргаа огцруулан Дундговийн нэгэн адил бужигнаад авчээ. Дарханчуудыг төлөөлөн УИХ-д Д.Хаянхярваа, С.Ганбаатар нар сууж байгаа бол 1992 онд Ардын жүжигчин, төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров сонгогдож байжээ.

Ардчилсан нам

Дархан-Уул аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн тоонд тус аймгийн Засаг дарга А.Энхболд, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш, дэд дарга Г.Гантулга нарын нэр дуулдах ч эрх баригч хүчин тэдэнд одоогоор итгэл үзүүлээгүй байна. Үүгээр бол сунгаанд шинэ кандинантуудыг санал болгож мэдэх нь. Гэхдээ Дарханы Ардчилсан намынханд хүлээн зөвшөөрөгдөх нэр дэвшигчийг тодруулахгүй бол Н.Мөнхдаш тэргүүтнүүд сэлмээ эргүүлээд босохыг үгүйсгэх аргагүйг болгоомжлуулагсад ч бас байна.

2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам 33 суудал авахад Дархан-Уул аймагт нэг ч мандат авч чадалгүй ялагджээ. Үүнээс өмнөх хоёр ч сонгуульд ялалт байгуулан рейтинг өндөртэй явсан УИХ-ын гишүүн асан Л.Гансүхийн хувьд гурав дахь удаагаа өрсөлдөөд ялагдсан шалтгааныг Оюутолгойн гэрээтэй холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь дээрх сонгуульд бие даан өрсөлдсөн С.Ганбаатар гишүүн Оюутолгойн гэрээгээр "занималдсан” нь ялагдах гол замыг нь засч өгсөн бололтой.  Мөн тэрээр "Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө зувчуулсан гэх хэрэгт холбогдон ял эдэлж байгаа нь УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болгоод байна.

Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо ИЗНН-тай эвсэх болж буй. Иймээс хоёр мандаттай тойрогт ИЗНН-ын нэр дэвшигч өрсөлдөж мэдэшгүй аж. Өмнөх сонгуульд тус намаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ширэндэв өрсөлдөж байжээ.

МАН

Ардын намаас УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж буй горилогч гарын таван хуруунаас ч давж мэдэх нь. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан хүч үзэхээр болжээ. Шинэ оны өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, УИХ хүлээн авсан нь намынхантайгаа хэзээний тойргоо тохирчээ гэж үзэхэд хүрч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тойргоо алдахгүйн төлөө чардайна гэж намын нөхөд нь шивэр авир хийж байсан ч намын листээр нэр дэвшиж магадгүй нь. Улс төрийн хүрээнийхэн дунд ийм яриа хэдийнэ гараад эхэлжээ. Нам дотор нь өрсөлдөгч олон байгаагаас хуучин нэр дэвшигчийн талаар ийм "бор шувуу” нисээд эхэлсэн байхыг ч үгүйсгэх аргагүй аж. Гэхдээ МАН-д нэр дэвшигч олдохгүйн зовлон байхгүй нь, нөөцөд нь Татварын ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөр, Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Цэнгэл, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Цэндсүрэн, Засаг дарга асан С.Насанбат нарын нэрс байна. Гол нь МАН энэ удаагийн УИХ-ын сонгуульд дангаараа өрсөлдөх үү, МАХН-тай хавсарч орох уу гэдгээс шалтгаалж хоёр хүн сойх уу, нэгийг сойх уу гэдэг нь шийдэгдэж мэдэхээр байна.

МАХН

Шийдлийн Засгийн газрын гол судсыг атгаж байгаа гэх МАХН сүүлийн үед МАН-тай сүжрэх болсныг ахмадууд нь таатай хүлээн авч буй ч тэртээ тэргүй мөхөж яваа МАХН-тай МАН зууралдаж, өөртөө лай хураах хэрэг байна уу гэдгийг сануулах улстөрчид ч олшроод буй. Сонгууль дөхөхөөр улс төрийн намууд эрх ашгаа нэгтгэн эвсэж орох тохиолдол цөөнгүй. Биенээ худалч, хулгайчаар нь дуудаж явснаа ор тас мартан тэврэлдээд сонгуульд ордог. Энэ жишгийг МАН, МАХН хоёр түүчээлж мэдэхээр байгаа юм. Хэрвээ эвсэж орохоор шийдвэл Дархан-Уул аймагт МАХН-аас УИХ-ын гишүүн асан Ш.Сүхбаатар өрсөлдөх нь. Тэрээр 2008 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт өрсөлдөн ялалт байгуулж байжээ. 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан аж.

МАН, МАХН хоёр хүчээ нэгтгэн УИХ-ын сонгуульд орлоо гэхэд ХҮН-ын дарга С.Ганбаатар хүчтэй өрсөлдөгч болохыг үгүйсгэх аргагүй. Дээр нь Ардчилсан нам хоёр мандатыг "Май” гээд өрсөлдөгчиддөө зүгээр өгчих тоглогчид биш.

Г.ХОРОЛ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?