УУРТАЙ ХҮМҮҮС ЗҮРХ, СУДСААР ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ
Уурлаж уцаарлах тусам зүрх өвдөх магадлал ихэсдэг талаар эрдэмтэд онцолж байна. Зүрхний шигдээстэй хүмүүсийн өвчний түүхийг ажиглан судалж, эрсдэлт хүчин зүйлсийг тооцжээ. Харвардын их сургуулийн эрдэмтэд зүрх, судасны өвчтэй 10 мянган хүнийг судлан үзэхэд их уурладаг хүмүүс өндөр эрсдэлтэй байсан юм. Удаан хугацаанд хуримтлагдсан стресс нь цусны даралтыг ихэсгэж, зүрхний шигдээсээр өвчлөхөд нөлөөлнө. Стресст орсон хүн тамхи татаж, архи уух зэргээр өөрийгөө эрсдэлд оруулдаг байх жишээтэй.
Маш их уурласнаас хойш хоёр цагийн дотор хүний биед эрсдэлт нөхцөлүүд бий болдог ажээ. Зүрхний шигдээс, цус харвалтаар өвчилсөн хүмүүсийн өвчний түүхийг харж, сэтгэлзүйн сорил тавихад ихэнхдээ хэт мэдрэмтгий, эмзэг, орчны өөрчлөлт, нөлөөнд амархан бухимддаг байжээ.