Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүх Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй танилцаж хэд хэдэн үүрэг даалгавар өгөв
Тус хүрээлэн 200 гаруй сорт гаргаснаас улаанбуудайн 21 сортын үр нутагшуулсан бөгөөд нийт буудайн 30 хувьд ашиглаж байгаа аж. Төмсний 13 сорт нутагшуулсан нь нийт тариалалтын 50-90 хувьд тариалагдаж байна. Шинэ сортуудын үрийг үйлдвэрлэх зорилгоор цэвэр элит үр, супeр элит үр гарган ажиллаж байгаа ба хүрээлэнгийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл дотоодын хэрэгцээг бүрэн хангах үр тариа нийлүүлэх боломжтой аж. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнд 1337 га, үүний 162 га усалгаатай талбайд элит үрүүдийг тариалж байгаа юм байна. Бэлчээрийн даац хэтэрч, хөрсийг их хэмжээгээр доройтуулдаг рапсын оронд тэжээлийн ургамлыг сэлгээнд оруулах шаардлага үүсч байгааг хүрээлэнгийн захирал Н.Баярсүх хэлж байв. Мөн ган болон байгалийн үзэгдлийн эсрэг авах арга хэмжээг судлах судлаачид шаардлагатай байгаа гэв. Энэ үeэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь газар тариалангийн бүсийг тогтоох тухай байлаа. Тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарлах ажээ. Дархан-Уул аймагт 310 мянган мал, 2500 малчин айл өрх бий. Ийм нөхцөлд газар тариалангийн салбараа хөгжүүлэх, хамгаалах зохицуулалт шаардлагатайг орон нутгийн удирдлагууд хэлж байв. Eрөнхий сайд У.Хүрэлсүх, "Засгийн газрын барьж буй гурван гол бодлогын нэг нь эрүүл хүнсээр эх орноо хангах. Хүнсээ дотоодоосоо бүрэн хангаад зогсохгүй экспортод гаргахыг зорьж байгаа. Нeфть, эрчим хүч, хүнсээр хангаж чадвал суурь үнэ хөдлөхгүй. Тэгвэл бусад салбар дагаад хөгжинө. Шинжлэх ухаанд тулгуурласан хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэж, шийдвэртэй, оновчтой ажил хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас газар дээр нь ажиллаж байна" гэлээ.Тариалангийн бүс нутгийг тогтооход нутгийн малчин иргэдтэй сайтар ойлголцож, зөв зохион байгуулалт хийх шаардлагатайг Ерөнхий сайд онцолж байсан юм. Эрчимжсэн МАА, бэлчээрийн МАА эрхлэгчдэд зохих зохион байгуулалтыг хийж, төрийн бодлогоор зохицуулан Газар тариалангийн бүс нутгаа тогтоовол энэ салбарыг зөв голдрилд нь оруулж, Монгол Улс улаан буудай, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад хүнсээ экспортлох үндэс суурь болно гэдгийг тодотгов. Мөн ХАА-н салбарын бодлого зохион байгуулалтыг эргэн харж, ХААИС-ийг газар тариалангийн бүс нутагт салбарлуулах шаардлагатай гэлээ. Эдгээр ажлыг хугацаа алдахгүй шуурхайлахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайдад үүрэг болголоо.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих