Ус бохирдуулсны төлбөрөөс 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын төвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа юм.
Тиймээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ. Ажлын хэсгийнхэн, хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргасан байна. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах юм. Түүнчлэн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар тусгасан байна.
Д.МӨНХЖАРГАЛ