Г.Жамъян: Улстөрчид Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид рүү дайрч эхэллээ
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамъянтай ярилцлаа.
–Саяхан эх орончдын өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийн утга учир, үнэ цэнийг та юу гэж хардаг вэ?
-Эх оронч гэдэг үгийг бидний үед нэг л утгаар ойлгож, сэтгэж ирсэн. Харин тэр сэтгэл өнөөдөр арай өөр болж байна. Монгол орноо хамгаалдаг зүрхэндээ тээж явдаг хүнийг эх оронч хүн гэж хэлнэ. Түүнээс биш лоозон тавьчихаад хий хоосон ярихыг хэлэхгүй. Эх орныхоо эсрэг үйлдэл хийж байна. Ийм байж өөрийгөө эх оронч гэж хэлээд явж байгаа нь хамгийн харамсалтай юм.
–Сүүлийн үед сэтгүүлзүйн салбар руу улстөрчдөөс дайралт хийх нь олон боллоо. Танд мэдрэгдэж, ажиглагдаж байгаа зүйл юу байна вэ?
-Улс төрөөс Монголын сэтгүүлзүй, сэтгүүлчид рүү довтлох нь цаг хугацаа өнгөрөх тусам нэмэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Т.Баасансүрэнг УИХ-ын дарга М.Энхболд шүүхэд өгчээ. Түүнийг бичсэн нийтлэлийнх нь төлөө арга хэмжээ авахуулахаар бүр захиалгатай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна Монголын сэтгүүлзүй бохирдож байна. Үүний шалтгаан нь нам улс төрийн бүлэглэлүүд сэтгүүлчдийг арга мэхэндээ оруулдаг, дарамталдаг байдал газар авч байна.
–Ардчилсан нийгмийн эрүүл байх үндэс нь хэвлэлийн эрх чөлөө гэдэг. Гэтэл сэтгүүлч бид тийм ч эрх чөлөөтэй байж чадахгүй байна. Мэдээллийг нуун дарагдуулдаг, бүр мэдээлэл өгөхгүй гэсэн хэсэг ч бий?
-Сэтгүүлзүй, сэтгүүлчид рүү халдаж байгаа зохион байгуулалттай багийн толгойд М.Энхболд гэдэг хүн байгаа. Уг нь бол УИХ-ын дарга. Гэтэл манай салбар руу чулуу шидээд сууж байна. Т.Баасансүрэн доктор Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар материал нийтлэв. Төр, засгийн удирдлагуудад иргэд ямар дүн тавив гэсэн байдлаар эрдэм шинжилгээний материал нийтлүүлсэн. Үүнийг нь ч би уншлаа. Тухайн материалуудад ямар ч худал ташаа мэдээлэл байгаагүй бүгд үнэн. М.Энхболдын нэр хүнд сүүлийн үед олон нийтийн дунд маш их унасан. УИХ-ыг удирдаж чадахгүй болтлоо нэр хүнд нь унасан байна гэдгийг сэтгүүл зүйн онолын үүднээс маш тодорхой дэлгэж тавьсан. Энэ үнэнд М.Энхболд гэдэг хүн юунд ингэж бухимдаж хууль шүүхийн байгууллага хүртэл заргалдаад байгааг би ойлгохгүй байна. Нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхэд хандсан өргөдөлдөө 10 гаруй зүйлийг үндэслэл болгосон байна лээ. Яагаад хэвлэл мэдээлэлд гарсан, дүн шинжилгээ хийсэн үнэн бодит мэдээллийг эсэргүүцээд байгаа юм бол доо. М.Энхболд хууль шүүхийн байгууллагаар хуягласан хүн шүү дээ. Шүүх, цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагууд бүгд М.Энхболдын хүмүүс байна. Одоо тэр үнэнийг бичсэн сэтгүүлчдийг захаас нь эхлээд шүүхэд өгч байна. Монголын шүүхийн байгууллага яаж шийдэхийг мэдэхгүй. Шударга шийдээсэй гэж харж байна.
–Улстөрчид шүүх дээр ялчихвал нэр төр нь сэргэчих юм шиг харж байна?
-Монголыг хувааж идсэн хэдэн бүлэглэл тогтнож үлдэхийн төлөө, бага ч гэсэн нэр хүндтэй үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болжээ. Т.Баасансүрэнгийн судалгааны материалд ороогүй нэг зүйлийг би дурдмаар байна. 2016 онд Монголд ардчилсан чөлөөт сонгууль болоогүй. М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр тэргүүтэй мафийн бүлэглэл өөрсдийнхөө эрх мэдлийг тогтоохын төлөө хууль бусаар төрийн эргэлт хийсэн. Үүнийгээ далдлахын тулд бүх үйл ажиллагааг хийж байна. Сонгуулийн дараа хэд хэдэн хуулийн байгууллагын удирдлагыг солилоо. Дандаа М.Энхболдын талын хүмүүс томилогдсон. Цагдаагийн газрын даргаар худ ураг нь ирсэн. Ингээд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр нар Монголын төрийн толгойг хуяглачихсан байна. Хэн ч халдашгүй ийм улсууд болсон. Сэтгүүлчдээс үнэн үг гарвал тэр сэтгүүлчийг бут цохих, хуулийн байгууллагуудаар өөрсдийн зөв болгох ийм тогтолцоог бий болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэж байна. Төр, засгийн эрхийг хууль бусаар булааж авсан талаар 60 тэрбумын хэргийг дэлгээд тавьсан. Буруутай этгээдүүдийг яллаж болохоор ноцтой хэрэг. Үүнийг л хав дарахын төлөө хуулийн байгууллагуудыг хөдөлгөсөн. Ер нь энэ асуудлыг л шударга шийдсэн бол Монголд шударга ёсны эхлэл тавигдах байлаа.
–Шударга ёсны эхлэлийг тавих үйл хэрэгт хамгийн эхэнд сэтгүүлчид явж байна. Гэтэл тэднийг хууль шүүхийг байгууллагаар дарамтлах зүйл олон гарч байна. Түүний нэг жишээ нь дээрх хэрэг болж байна?
-Тийм ээ. Ер нь бол гашуун үнэнийг манай сэтгүүлчид гаргаж ирдэг. Сэтгүүлчид Америк, Англи хүртэл яваад янз бүрийн баримт олж ирээд байна. Улстөрчдийн нууж байгаа хөрөнгө, бусармаг үйлдлүүдийг сэтгүүлч ил гаргаж байна. Манай сэтгүүлчид ямар нэгэн дарамтад мохохгүй, мөнгөнд урхидуулахгүй тэмцэх хэрэгтэй юм. Энэ л манай салбарын гол зорилго болчихоод байна.
–Оффшор бүсэд нуусан хөрөнгийн асуудал нэлээд яригдаж байна. Энэ нь мөн л одоогийн улстөрчдийн нэг нүүр царай биз?
-Миний үеийн удирдагч нар энэ нөхдүүд шиг ханаж цадахаа мэдэхгүй амьтад байгаагүй. Ю.Цэдэнбал дарга Москвад байр бариулахын тулд бөөн шуугиан болж байсан. Гэтэл одоо улстөрчид арай л дэндүү давраад байна. Ард түмнээс хулгайлсан мөнгөө оффшор бүсэд нууж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар мөнгөө авчирлаа л гэж байна. Энэ бол худал. Тэр мөнгөө яаж угааж байгааг би нүдээр харж байна. Мөн хуулийн байгууллага эрх мэдэлтнүүдийн харъяанд ажиллаж байгаа.
–Сэтгүүлчид улстөрчдийн үнэн нүүр царайг гаргалаа гэхэд тэд эргээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь биднийг янз бүрээр л мохоох гэж үзэж байна л даа?
-Ерөөсөө сэтгүүлч хүн бол ганцхан үнэнд захирагддаг байх ёстой. Мөнгөнд, мафи бүлэглэлд захирагдах ёсгүй. Тэгж байж сэтгүүлч болдог юм. Манай сэтгүүлчид оффшорчдыг олж ирэхээр Америкт очоод ямар их материал олж цуглуулав. Эрдэнэтийн 51 хувийг нээхэд маш их үүрэг гүйцэтгэж байна. Гадаадын аль ч улс орны сэтгүүлчдээс илүү сэтгүүлчид манайд байна шүү дээ. Тэд зөвхөн үнэнд захирагддаг байх ёстой. Мөн Саяхан МСНЭ-ийн их хурал болсон. Энэ хурлаар шинэ удирдлагатай боллоо. Тэр хүн мафийн бүлэглэлд үйлчлэх үү, сэтгүүлчдэд үйлчлэх үү гэдгээ харуулах цаг ирээд байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих