📅

Сэтгүүлчид нохойд барьдаг мод биш

🕔 2017/05/04 12:44

Сэтгүүлчид нохойд барьдаг мод биш

 

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүлэв, өчигдөр. Ач холбогдол өгсөн нь ч бий, өгөөгүй нь ч бий. Хэвлэл мэдээллийн аль байгууллагын цаана сэтгүүлчийн нөр их хөдөлмөр оршиж байдаг.  Өглөөн нартай уралдаж ажилдаа явсан сэтгүүлч үдшийн бүрий тасрахтай уралдан гэрийн бараа хардаг. Сонин нь хэдэн цагт хэвлэх үйлдвэр рүү шилжинэ тэр цагт гэртээ харих эрх нь нээгддэг гэж хэлж болно. Өмнө ч тийм л байсан эдүгээ ч ялгаагүй. Хойшид ч тийм байх биз. Үйл явдал хаана өрнөнө тэр газарт сэтгүүлч л ажлаа хийж байдаг юм.

 

Шинийн нэгний өглөө, он солигдох тэр мөчид сэтгүүлчид л ажиллаж байдгийг та бүхэн мэдэх хойно.  Чухамхүү мэргэжилдээ дэндүү хайртай   хүмүүс л энэ ажлыг хийдэг байх. Үүнийг зарим эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, албан байгууллагууд ойлгодоггүйг эрх чөлөөгөөр амьсгалж буй эл өдөр хэлэх нь зөв байх. Шулуухан хэлэхэд, нохойд барьдаг мод шиг санах нөхөр ч байх л юм.    Нэр алдар олох гэсэн албан тушаалтнууд сэтгүүлчдийг хаа явсан газартаа дагуулж, гоёлын зүүлтээ олонд харуулах гэж элдэвлэдэг хүүхнүүд шиг аашлах нь бий.  Төрийн түшээд, сайд дарга нар орон нутагт томилолтоор ажиллах болбол хамгийн түрүүнд " Хэвлэлийнхэн явах юм уу, ямар ямар телевиз дагах юм " гэцгээдэг. 

 

Энэ нь орон нутагтаа сэтгүүлчид тэр дундаа телевизийнхнийг хуйлруулсан хүн очих гэсэн хэрэг.  Санаачилсан, сэдсэн, эхлүүлсэн ажил нь нийгэмд, орон нутагт үр дүнтэй болбол түүнийгээ түмэнд түгээж болно. Хэдэн ч сэтгүүлч дагуулж болно. Гагцхүү хүн чанартай байх ёстой. Өөрөө ланд-200,  570  унан сураггүй хаяж одсоноо  ажилчдын автобус эсвэл  микронд  чихэлдэх  сэтгүүлчдийг  хоцорч ирлээ энэ тэр болох нь хачирхалтай.

 

Эсвэл хаа нэгтээ хонох хэрэг гарвал өөрсдөө хамгийн сайхан, тохь тухтайд нь морилчихоод, дагуулж яваа хэдээ нүүр гар угаах усгүй   өрөөнд өвөр өвөрт нь унтуулах албан тушаалтнууд ч байдаг л юм. Саяхны жишээ татахад, УБТЗ -ынхан  сэтгүүлчдийг Замын –Үүд рүү дагуулж явахдаа хатуу хандсан байх юм. Тэднийг галт тэргэнд суулгахын өмнө, өөрөөр хэлбэл өмнөх орой нь гурван хуушуур, өглөө цайгүй маргааш өдөр 14 цагт хагас порц гуляш, орой нь хүний дөрөв дөрвөн бууз төдийхнөөр хооллосон  байдаг. Хэрэв сэтгүүлчид хооллохыг шаардаагүй бол өдрийнхөө хоолоор явсаар маргааштай залгах байсан биз ээ.

 

Ингэхдээ яасан их хэл ам таталдаг юм гэж ирээд загнасан, гал тэрэгний үйлчлэгчийн ширүүн догшин авирын талаар сэтгүүлчид өнөөдөр ч ярьсаар байгаа. 

 

Ийм үйлдлийг юу гэж ойлгох вэ. Сэтгүүлчийг дэндүү дорд үзсэн хэрэг бус уу. Нөгөөтэйгүүр, УИХ-ын болоод орон нутгийн сонгууль болохоор хэн бүхэн сэтгүүлчдэд хайр зарлан "Нутгийн дүү ахдаа, эгч дээ туслаарай” хэмээн урдуур хойгуур эргэлдэх мөртөө сонгуулийн маргааш танихаа байж, зарим нь амласан мөнгө төгрөгөө "Унасан хүнээс юу авах гэсэн юм. Би төдөн зуун саяар шатсан” хэмээн ширэн нүүр гаргах нь бий.

 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт таван мянга орчим хүн ажиллаж байгаагийн 14 хувь нь удирдах ажилтан 44 хувь нь сэтгүүл, үлдсэн нь инженер техникийн болон захиргаа, үйлчилгээ, туслах ажилтнууд байдаг талаар статистик мэдээнд дурдагдаж. Сэтгүүлч ажиллаж байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллага оршин тогтнож буй. Нийт ажиллагсдын 44 хувийг эзэлж байгаа сэтгүүлчдийн хэчнээн нь үнэнийг эрэлхийлсэнийхээ төлөө шүүхэд дуудаг­даж, эрх мэдэлтнүүдийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэрэгт унаж байгааг хэлж мэдэхгүй байна. Монголын ний­гэмд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд л хөрөнгөжиж, хам­гийн тансаг амьдралаар амьдарч байгаа нь үнэн биз дээ. 

 

Сэт­гүүлч тэдний хэрхэн хөрөнгөсөн талаар баримт дэлгэдэг ч түү­нийгээ нотолж чаддаггүйн улмаас бурууддаг. Төрөөс төрсөн тэрбумтнууд бүгд эрх мэдэлтэй байх үедээ хууль бус үйлдлээ дарж, бусдын нэрээр зувчуулж амжсан байдагт л үнэнийг мөртэй үзэгний хошуу тэнд тулаад мохдог. Ийм л нийгэм, цаг үе дор нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой нь болон усан бороо улаанаараа эргэлдэх шуурга сөрөн гүйх сэтгүүлчийг нохойд барих мод адил үзэхийн эсрэг хамтдаа тэмцэе.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?