📅

ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮС ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГААС ЭХЛЭН ДУГААРЛАЖЭЭ

🕔 2018/03/05 11:16

ГЭРЭЭТЭЭР АЖИЛЛАХ ХҮМҮҮС ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГААС ЭХЛЭН ДУГААРЛАЖЭЭ

 

БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 14 дэх удаагийн бүртгэл өнөөдрөөс  эхэлж байна. Энэ сарын 7-н хүртэл нийслэлийн есөн дүүрэгт  иргэдийг өглөөний 09:30-17:30 цаг хүртэл бүртгэх юм. Албан бус мэдээллээр энэ удаа 7000 гаруй хүн бүртгэнэ гэх тооцоо байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн бүртгэж байгаа ч Өмнөд Солонгост очиж амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй олон мянган залуус өнгөрсөн баасан гаригаас эхлэн дугаарлаж эхэлжээ.

Урин дулааны цаг айсуй ч шөнөдөө -15 хэмээс илүү хүйтэн хонож байгаа энэ үед ёстой л найман настай балчираас наян настай буурал хүртэл  хурган дотортой дээл, нохой гутал, хөнжил нөмөрч халуун цай уусан шиг гадаа хонож байна. Тухайлбал, нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр орой 18:00 цагийн байдлаар дугаарласан хүмүүсийн тоо 1000 давжээ. Нийслэлийн 62 дугаар сургуулийн ард бүртгэж байгаа бөгөөд бүртгүүлэгчид гадаад пасспорт, иргэний үнэмлэх, 24 ам.доллартайгаа байх ёстой. Мөн бичиг баримтгүй хүмүүс ч байв. Тэд иргэний үнэмлэхний лавлагаа, 24 ам.доллартайгаа "аз”-аа үзхээр дугаарлажээ.

Холбогдох албаны хүмүүс бүртгүүлэгчид иргэний үнэмлэхгүй бол хуучин гадаад пасспорттойгоо байх шаардлагатай гэдгийг хэлж байв. БНСУ-д бүртгүүлхээр гурав хоног гадаа хонож буй хүмүүсийн хувьд "1-50” хэмээн дугаарлаж үүднээсээ алхам ч холдохгүй харагдна лээ. Энэ жил бүртгүүлэгчид эрт ирснээсээ шалтгаалан 50, 50-иар баг болсон байх аж. Тэгвэл хамгийн ачаалал багатай нь Сүхбаатар, Хан-Уул дүүрэг байгаа юм.

Ажилгүйдлын түвшнээрээ дайнтай улс орнуудын дараа бичигдэж байгаа манай улсын хувьд иргэд нь гадны орнуудад хөдөлмөр эрхэлж, амьдрах сонирхол сүүлийн хэдэн жилд эрс нэмэгдсэн. Гадны орнуудад ажилладаг хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд. Тэдний ихэнх нь Солонгос, Америк, Хятад, Япон, Орос руу 2-5 жилийн хугацаатай гардаг аж. Монгол дахь олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаагаар гадагшаа явж буй иргэдийн ихэнх нь "Амьдралаа сайжруулахаар хилийн дээс алхдаг” гэсэн байна.

Өнгөрсөн онд давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн гадаад руу гарсан байдаг бол мөн тооны иргэн нутагтаа ирсэн гэх статистик бий.  Тэдний ихэнх нь 30-54 насныхан байдаг гэнэ. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын бүртгэлээр жилд 2800-3000 орчим иргэн Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр явдаг бол Япон улсад гэхэд жилд 200 орчим иргэд дадлагажигч ажилчнаар очдог аж. Гэтэл эх орноосоо гарч гадаадад   таваас доош жил  хөдөлмөр эрхэлж байгаад ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо эргэж ирсэндээ харамсдаг нь судалгааны явцад тогтоогджээ. Манай улсад эх орондоо ирж байгаа иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлт, амьдрал нийгмийн баталгааг  яаж хангах  вэ гэдэг нь зохицуулалтгүй байдаг учраас тэдэнд эх орондоо амьдрахад олон хүндрэл бэрхшээл тохиолддог болохыг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Хэдийгээр эдийн засгийн үзүүлэлт сэргэж ирэх онд 4.4-т хүрэх төлөв ажиглагдаж байгаа ч ажилгүйдэл газар авч, эсвэл цалингаа өгдөггүй, ажилтай боловч давхар ажил эрдэг, цалин нь амьдралд хүрэлцдэггүй зэрэг маш олон шалтгаан энэ улсад бий.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?