ГАДААДААС ЭРГЭЖ ИРЭГСДЭД ЗОВЛОН ИХ БАЙНА
Монгол улсын иргэд гадаадад гарч, ажиллаж, хөдөлмөрлөх ихээхэн сонирхолтой байдаг. Жил ирэх тусам тэдгээр иргэдийн тоо нэмэгдэж, олноороо гадны улсуудыг зорьж байна. Одоогийн байдлаар манай улсын 130 гаруй мянган иргэн гадны оронд ажиллаж, амьдардаг. Үүнээс 30 мянган иргэн нь БНСУ-д байна. Өмнө нь 2012 онд нийт 2500 Монгол иргэн хөдөлмөрийн гэрээгээр тус улсыг зорьж ажиллахаар явж байжээ. Гэтэл хэдхэн жилийн дараа энэ тоо хэд дахин нэмэгджээ. БНСУ-ыг зорьсон иргэдийн ихэнх нь Аж үйлдвэрийн салбарт ажилладаг байна.
Ийнхүү гадны улсыг зорин ажиллаж байгааг дагаад сөрөг үр дагаврууд их гарах болсныг албаныхан хэлж байна.Тухайлбал залуусын хувьд гэр бүл салалт, бага насны хүүхдийн хувьд эцэг эхээсээ хол хөндий байсаар бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй болох гэх мэт зан төлөвшилд нь нөлөөлдөг байна. Түүнчлэн гадаадад гарч ажиллаж байгаа Монголчуудын дийлэнх нь хүнд хүчир ажил хийдэг тул бэртэж, гэмтэхээс авхуулаад хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлууд цөөнгүй гардгийг албаныхан хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч ид хийж бүтээх насан дээрээ яваа залууст эх орондоо хийх ажил алга.
Улс орны эдийн засаг хямраад ирэхээр иргэдийн худалдан авалт буурч, лангуу түрээсэлж байсан дипломтнууд ажилгүй, орлогогүй болж эхэлдэг. Энэ үед цорын ганц зам үлдсэн байдаг нь өр, зээл тавиад ч хамаагүй гадны орныг зорихоос аргагүй байдалд орж байна.
Мэдээж өр, зээл тавьчихсан учраас "би чадахгүй байна. Үнэхээр халширч байна” гэж хэлэх зүрх зориг тэдэнд үгүй. Тиймээс л бусдын баас, шээсийг цэвэрлэж байсан ч шүд зуун, нулимс дуслуулан гадны оронд ажилласаар байгаа юм.Гэхдээ нэг давуу тал бий. Гадны улс оронд ямар ч ажил хийсэн үнэлэмж нь өндөр. Бохир заваан байх тусмаа л нэмэгдээд байх нь тэр. Бас илүү цаг, шөнийн ээлж гэхчлэнгээр ажиллаж, хөдөлмөрлөж л байвал мөнгө олоод байх боломж нээлттэй. Харин Монголд эсрэгээрээ яаж ч хичээж, хөдөлмөрлөж, махраад өгдөг хэдэд нь өөрчлөлт орохгүй.
Харин ч элдэв татвар, татаас гээд хасагдах нь маргаангүй үнэн. Өнөөдөр сургууль төгссөн шинэхэн боловсон хүчин 500 мянган төгрөгөөс гараагаа эхлүүлж байна. Бүгд биш байх л даа. Гэхдээ л дийлэнх нь. Үүнээс татвар, даатгал, шимтгэл гэж явсаар тал нь л гар дээр нь ирнэ. Гар дээр ч юу байхав. Хоол хүнс, автобус унаа, орон байр гээд нөгөө ирсэн тал чинь "хасах” дүнтэй гарах нь тэр.
Ийм л амьдралаас зугтаж залуус маань хилийн дээс алхаж байна. Гэтэл ийнхүү гадаадад хэдэн жил хөлсөө дуслуулан байж олсон хэдийгээ өвөртлөөд одоо л нэг юм эх орондоо тайван сайхан амьдръя, хэдэн жил өөрөөсөө хүртэл харамлаж хураасан хэдэн төгрөгөө байр, машин болгочихоод ирэхэд нь ажил олдохгүйн зовлон дахиад л хүлээж байх нь тэр. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монголын нийгэмд гадаадаас ирэгсдийг шингээх зах зээл алга. Тэдэнд ажлын байр олдохгүйн зовлон алхам тутамд нь тулгарч байгаа нь манай нийгмийн бас нэгэн гажуудал болоод байна.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих