А.Миеэгомбо: "Амьдрал" кинонд хүний толгой эргүүлэх нэг ч зүйл байхгүй
"Лардьма” уран сайхны киноны хоёрдугаар анги гэж хүмүүс таамаглаж байсан "Navchaa film” продакшны "Амьдрал” хэмээх кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Киноны гол дүрд жүжигчин Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн болон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ, Н.Баярмаа, Э.Мөнхтөр нар тоглож, найруулагчаар Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг нар ажилласан байна. Тус кино багийнхан албан ёсныхоо нээлтийн өмнө "Зайсан Хилл” цогцолборт "Pre-screening" урьдчилсан, үзлэг арга хэмжээг киноны уран бүтээлчид хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, шинэ бүтээлээ танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар болон шинэ залуу уран бүтээлчид оролцож кино багийнханд баяр хүргэлээ. Киноны анхны үзэгч болсон уран бүтээлчид кино багийнханд "Сайн уран бүтээл болсон байна" хэмээн урам өгч байв. Энэхүү кинонд жүжигчин Б.Навчаа продюсерын үүргийг давхар гүйцэтгэжээ. Тэрбээр киногоо "Тэсрэлт хийсэн жинхэнэ сайн бүтээл болж чадлаа” хэмээн ам бардам байна.
Энэ үеэр кино найруулагч, жүжигчин А.МИЕЭГОМБОТОЙ ярилцлаа.
-Шинэ уран сайхны кино үзлээ. "Амьдрал” кино танд ямар санагдаж байна вэ?
-Сүүлийн үеийн кинонууд арилжааны чиглэлээр инээдэм, адал явдлыг их хөөж байсан. Харин "Амьдрал” кино драмын сэдэвтэй юм байна. Монголд драмын сэдвээр хийж буй нь ховор байдаг. Би хувьдаа драм гэдэг адармаатай, том сэдвээр хийх бүтээл олшроосой гэж бодож явдаг хүн. Ялангуяа Ж.Сэнгэдорж, Б.Батболд, П.Дэлгэрбаяр гээд шинэ үеийн хүндэлж явдаг найруулагчид маань драмын чиглэлээр кино хийж эхэлж байна. Хийх нас нь ч болсон. Илүү олон бүтээлийг чанартай сайн хийгээсэй гэж хүсдэг. Энэхүү кинонд монголчуудын мэддэг мөртлөө тэр бүр сайн ойлгодоггүй сэдэв болох үйлийн үрийн тухай өгүүлж байна. Ер нь үйлийн үрийн тухай өвөө, эмээ, аав, ээж, бидний үе гэсэн гурван өөр ойлголттой юм болов уу гэж санагддаг. Магадгүй бидний өвөө, эмээгийн үед энэ тухай ойлголт өндөр байсан байх. Аав, ээжийн минь үед арай багассан. Бидний үед ойлголт нэлээн буурсан. Гэхдээ хүүхдүүдээ бодвол бидний энэ талаарх ойлголт, мэдлэг арай өндөр байх нь мэдээж. Яг ийм цаг мөчид энэ сэдвийг хөндөж, кино хийж байгаа нь сайхан санагдаж байна. Цаашид энэ сэдвээр олон кино хийх байх. "Амьдрал” кино бол дөрвөн улирлыг дамнаж хийсэн даацтай чанартай сайн уран бүтээл болсон байна.
-Кинонд дүр бүтээсэн жүжигчдийн хувьд та ямар бодолтой байна вэ?
-Жүжигчний хувьд надад нэг ийм бодол байдаг. Жүжигчин бүрт ийм дүрд тоглочих юмсан, энэ дүрийг ингэж харуулна гэсэн мөрөөдөл байдаг. Манай жүжигчин Д.Пүрэвсүрэнгийн хувьд олон кинонд тоглож байсан туршлагатай. Пүүжээ маань өмнө өөрийгөө чамлаж байсан юм болов уу. Тэгээд л шинэ бүтээл хийж, ийм дүрийг бүтээхийн тулд энэ кинонд тоглосон байх. Тэрбээр өмнө нь хүчирхийллийн золиос болж байсан эхнэрийн дүрд тоглож байсан. Энэ удаад эцгийнхээ хийсэн үйлийн үрийг үүрч байгаа охин, хүүхдээ алдаж буй эхийн дүрд тоглож өөрийнхөө чадварыг олонд харууллаа. Ер нь жүжигчид дотроо хоёр янз байна. Эхнийх нь найруулагч жүжигчдэд даацтай сайн дүрийг санал болгодог. Хоёрдугаарт, хэрвээ яг өөрийнх нь санасан хэмжээнд дурлаж байгаа дүрийг санал болгож чадаагүй тохиолдолд жүжигчин тэр хүсч буй дүрээ өөрөө бүтээдэг байна. Д.Пүрэвсүрэнгийн хувьд өөрөө тэр дүрийг бүтээсэн болов уу гэж харж байгаа юм. Эх хүний хувьд зохиолыг харж, дүрээ бүтээсэн байна. Пүүжээгийн хувьд өнөөгийн нийгэмд болж буй залуучуудын хэлбэр хөөсөн, зугаа цэнгэлд автсан амьдралыг өөрийн өнцгөөс харж, цаашид хэрхэн энэ байдлыг засах ёстойг олж харж хувь хүнийхээ эмзэглэлийг кинондоо тусгажээ. Б.Навчаа продюсер өөрийн бүтээлдээ нэлээд нухацтай ханддагаа энэ киногоороо дахин баталлаа. Кино зохиолчийн хувьд энгийн шугаман дарааллаас зугтаж, үйл явдлын зэрэгцээ шугамууд нээсэн нь киног өвөрмөц, сонирхолтой болгосон байна. Ер нь "Амьдрал" кино бүхэлдээ эрэл хайгуул, өөрчлөлт болж чаджээ.
-Зарим хүн кино үзээд ойлгомжгүй зүйл их харууллаа гэж бухимддаг. Ер нь ойлгомжгүй байдлыг кинонд оруулах нь хэр зөв шийдэл байдаг юм бол?
-Миний үеийн найруулагч Д.Галбаяр бид хоёр хөнгөн хөгжилтэй инээдмийн кино хийдэг. Манай Галаа бол "Шуугиан таригч”, "Тусгай ажиллагаа” зэрэг олон кино хийсэн. Миний хувьд "Сингл лэйдис”-ээс авахуулаад цөөнгүй кино бий. Энэ төрлийн кино үзэгчдэд бүгдийг тайлбарладаг. Тэнэг хүн ч үзээд ойлгох кино бий. Драмын төрөл бол өөр. Тайлбарлаад байх зүйлгүй. Үзэгч өөрөө үзэж, хувь хүнийхээ үүднээс ойлголт авч үнэлэлт дүгнэлт өгдөг. Гэхдээ "Амьдрал” кинонд хүний толгой эргүүлэх зүйл нэг ч байхгүй.
Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн сэтгэгдлийг хуваалцлаа.
Жүжигчин Д.ПҮРЭВСҮРЭН: ҮСЭЭ ТАЙРСАН ЭСЭХ НЬ КИНОНЫ НУУЦ БОЛООД ҮЛДСЭН НЬ ДЭЭР БАЙХ
-Хүмүүс өөрийнхөө үсийг тайрсан уу гэж их асууж байна. Энэ бол киноны нууц. 108-аас ч олон удаа сунаж мөргөсөн. Ер нь хот дотор сунаж мөргөхдөө нэг зүйлийг анзаарсан. Улаанбаатар хотын минь гудамж талбайд нус цэр, тамхины иш ямар их байдгийг анзаарлаа. Харин байгальд гараад сунаж мөргөх сайхан байсан. Түүнээс бус сунаж мөргөхөд хэцүү зүйл байгаагүй. Чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласандаа баяртай байна.
Найруулагч Ж.СЭНГЭДОРЖ: МОНГОЛЫН КИНО УРЛАГ ХАМГИЙН ХУРДАЦТАЙ ХӨГЖИЖ БАЙНА
-Монголын кино урлаг хурдацтай хөгжиж байна. Мөн хамгийн өрсөлдөөнтэй салбар гэж боддог. Тиймээс үзэгчдэдээ чанартай сайн уран бүтээл толилуулахыг хичээж байна. Гэхдээ миний уран бүтээлээс тийм ийм зүйлийг ойлгож аваасай гэж "хүйтэн будаа идүүлэхийг” хүсдэггүй. Үзэгч бүр өөрийнхөөрөө ойлгож хүлээн авч дүгнэлтээ хийх нь надад чухал. Уран бүтээлч бид хариуцлагатай байх хэрэгтэй. Бүтээлээрээ дамжуулж нийгэмдээ амьдралын үнэн бодит байдлыг харуулахыг зорьдог.
Жүжигчин Б.НАВЧАА: ЭНЭ БОЛ АШИГ ХАРСАН БҮТЭЭЛ БИШ
-Энэ сэдвийг хөндөх цаг болсон гэж харж байна. Минийхувьд ажлаа сайн хийж чаддаг хүмүүстэй л хамтран ажиллахыг хүсдэг. Энэ бол ашиг харсан бүтээл биш. Жилийн дөрвөн улирал дамнаж, зураг авалт хийсэн бүтээлийн чанар чансаа ямар байх нь ойлгомжтой. Бид өнөөгийн нийгэмд ийм хэмжээний бүтээл хийчихээд зардлаа бүрэн олох боломж тун ховор. Гэхдээ бид яагаад ийм бүтээл хийсэн бэ гэхээр Монголын үзэгчид ийм өндөр түвшний киног үзэж харах эрхтэй учраас л тэр. Бидний кино ямархуу чадал чансаатай бүтээл болсныг үзэгчид үзээд л мэдэх болно. Би хамтран ажилласан уран бүтээлчдээрээ үнэхээр их бахархаж байна. Манай найруулагч Ж.Сэнгэдоржийн хувьд уран санааг хамгийн сайн гаргадаг уран бүтээлч. Энэ санаанууд манай кинонд их сайн туссан гэж бодож байна.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих