Г.Эрдэнэбилэг, Ж.Сэнгэдорж нар өрсөлдөнө
Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг "Академи Авардс” наадам ирэх сард болно. Наадамд өрсөлдөх кино бүтээлийн бүртгэл энэ сарын 25-нд дуусч шалгаруулалтын үзлэг эхэлжээ.
Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Энэ жилийн наадамд нийтдээ уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж буй аж. Эдгээрээс "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кино бүтээл хамгийн олон төрөлд нэр дэвшиж байгаа юм байна.
Энэ жилийн наадмын "Шилдэг найруулагч” номинацид
- У.Уранчимэг - "Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киногоор
- Ж.Сэнгэдорж - "Босуул”, "Lovers” уран сайхны киногоор
- Ш.Доржсүрэн – "Элэг нэгтэн” уран сайхны киногоор
- С.Баттулга – "Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киногоор
- Б.Жаргалсайхан – "Содура” уран сайхны киногоор
- Ө.Алтансэрээ – "Тоглож болохгүй нас” уран сайхны киногоор
- Г.Эрдэнэбилэг – "Үргээлэг II” уран сайхны киногоор
- Б.Тулгаа – "6 дахь хүсэл” уран сайхны киногоор
- Э.Оргил – "Муу нүүрт” уран сайхны киногоор
- А.Батбаатар "Зангараг” уран сайхны киногоор тус тус өрсөлдөхөөр нэр дэвшээд буй юм байна.
Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага багтаж буйгаар онцлог аж.