📅

Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх

🕔 2018/03/01 09:20

Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх

 

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочин балмагджээ. Айх, гайхахаа ч ялгаж мэдэхгүй байлаа. Өглөөний манан шингэрэхэд туг хиураа сэрийлгэсэн үй олон хар хөлөг онгоц далайн үзэгдэх мандлыг бүхэлд нь дүүргэсэн байлаа. Далай чухам тэр хар усан онгоцуудаар давалгаалдаг болоо юу даа. Зүүд зэрэглээ юу? Ид шид үү? Япончуудын ихээхэн хэсэг нь түүнийг тэнгэрийн бошго, хилэгнэл гэж ойлгосон гэдэг. Цюсима арлын засагчид, эргийнхнийг алмайруулан ангайлгасан энэхүү хар усан онгоцууд бол Хубилай хааны илгээсэн Японыг дайлах цэргийн хоёрдахь флот байжээ. Дэлхийн цэрэг дайны түүх бичлэгт монголчуудын оруулсан бас нэгэн шинэ рекорд бол яах аргагүй энэ флот юм. Түүхийн аль ч үед Хубилайн энэхүү хүчирхэг флоттой эгнэх усан цэргийн хүчин байсангүй. Хубилайн дээрх флотод 4100 усан онгоц бүхий 150 мянга гаруй цэргийн хүчин оролцжээ.

Хубилайн дайралтын үед Япончууд дотроо хагаралтай, ихээхэн цэрэгжсэн, байнгын дайн самуунтай, цэргийн эрхтнүүдийн буюу Камакурагийн ордны засаглал ид хүчээ авч байсан үе байжээ. Гэвч харийн гүрний хүчирхэг довтолгоон, айдас тэднийг нэгдсэн хүчин болгож, үндэстэн нийтээрээ дотоодын самуунаа мартаад нэгэн хүчин болон Монголын армийн эсрэг шаргуу тэмцжээ. Ямар ч үед өөр хоорондоо толхилцон байсан ханлигууд харийн довтолгооны өмнө нэгдэж, өвөр зуураа муудалцан байсан ахан дүүс гамшиг зовлонгийн өмнө ойртон нягтардаг. Гэвч өрнөд Европоос, өмнөд Сүн улсыг дуустал шувтлан байлдсан цэрэг, дайны асар их туршлагатай, Монголын мэргэжлийн армийн эсрэг хийж буй тэдний тэмцэл тийм ч удаан хоргоон тогтохооргүй байжээ. Японы арлыг айдас хүйдэс далайн хүйтэн хар давалгаан мэт нөмрөн авлаа. Бүр зүүн эргийн загасчид хүртэл Юаны цэргээс айхдаа далайдаа ‘загасчлахаар гарахаа ор тас мартаад гэртээ бүгэн тэнгэр бурхандаа, ер нь юу таарсандаа л залбирч  гарчээ.

Японы бүх сүм хийдэд Монголын цэргийн эсрэг, тэдний эр зориг, сүр сүлдийг мохоох хараалын ном уншиж байжээ. Тухайн үед их нэр нөлөөтэй байсан эрдэмт лам гэгддэг Ничран хувраг тэргүүтэй 250 лам Камэяма болон Гоуда ордонд нэгэн зэрэг бясалгал үйлдэн, нэг хүн өдөрт 1200 боть ном, нийлээд 300 000 ном уншиж хараал хийжээ. Зарим сурвалжид 1000 лам хараал хийсэн ч гэдэг. Мөн Японд зэний шашныг дэлгэрүүлж явсан хятад лам У Ань нарын лам нар монголын цэргийн эсрэг зад тавьжээ. Японы цэргийн эрхтэнүүд нэг дор цугларан энэ аюул гамшигийн өмнө хэрхэхээ хэлцэж, цэрэг дайныг Хожа Токимунэ биеэр удирджээ. Монгол цэрэгтэй тулсан байлдаануудын тухай Японы түүх сударт маш олонтаа өгүүлсэн байдаг байна. Монгол цэргийн нум Япончуудынхаас хоёр дахин оготор мөртлөө сум нь харин хоёр дахин хол зайнд тун оночтойгоор тусч, маш их сүйтгэл учруулж байсныг гайхан, балмагдан    бичсэн байдаг гэнэ. Бас Монгол цэргүүд агаарт тэсэрдэг сум, их буу хэрэглэж, хэнгэрэг дэлдэн их чимээ үүсгэдэг нь Япончуудын хувьд үзэж хараагүй цоо шинэ юм байлаа. Монголчууд бүрээн дуугаар нэгэн зэрэг хөдөлж, мөн дуунаар давшин, ухрах нь, тарах, бөөгнөрөх нь гайхалтай сонин байсан гэнэ. Монголчууд байлдааны догшин их хар сүлдийг өргөж, сүр хүчнийг бадруулан байлджээ. Япончууд ч мөн мөчөөгөө өгсөнгүй, хүчээ шавхан эсэргүүцсэн байна. Тэдний хувьд эх нутгаа харийн түрэмгийллээс өмгөөлөн байгаа учир маш шаргуу эсэргүүцжээ.

1281 оны 6 дугаар сарын сүүлч, 7 сарын эхээр монгол цэргийн довтолгоон ширүүсч, Шинду хэмээх Монгол жанжинаар удирдуулсан зүүн замын цэрэг Цюсима арлаар довтолж, Фань Вэньху хэмээх хятад жанжинаар удирдуулсан Юаны төв замын цэрэг Хиродо арал, Кюшюгийн Така-шима арлуудыг дараалан авав. Японы цэргийн гол удирдагчид болох Цүнэ Сүкэ, Сүкэ Еши нар хүндээр шархдан дайны талбараас хөндийрч, Сүкэ Токи нь монгол цэргийн суманд сийчүүлэн үхжээ. Монголчуудын довтолгоон энэ эрчээрээ үргэлжилсэн бол Япончууд яах байсныг бүү мэд. Гэвч тэднийгтэнгэр бурхад нь ивээж… Монгол цэргийн удирддагуудын дунд хагарал гарч, довтолгоон зогссон төдийгүй эргээд усан онгоц руугаа буцацгаасан байна. Уг нь Хубилай хаан энэхүү хүчирхэг флотоо зүүн өмнөд Азид аян дайн хийж, ихэд туршлагажсан Монгол жанжин Зүрчид угсааны Алахаанаар удирдуулсан боловч тэрээр флотыг Шар тэнгэст орохоос өмнө нас баржээ. Ингээд түүний оронд Флот командлах үүргийг Атаахай хэмээх нэгэн Монгол жанжинд даалгасан гэдэг боловч түүний нэр Японы түүх шаштируудад огт дурдагдсангүй, харин төв замын цэргийг командлан байсан Фань Вэньху хэмээх хятад жанжин үнэн хэрэг дээрээ цэргийг ерөнхийд нь захиран байсан бололтой хэмээн судлаачид тэмдэглэсэн байх юм. Ерөөсөө уг довтолгооны амжилтгүй болсоны нэг шалтгааныг Хубилай хаан энэхүү хятад жанжинд их эрх мэдэл өгч явуулсантай ч холбон тайлбарласан нь бий. Фань Вэньху цэргийн довтолгооныг цааш өрнүүлэн давшихийн оронд шинээр эзэлсэн газар нутагтаа хэрхэн тариалан тарих вэ?, яаж амь мэнд энэ дайнаас буцах вэ? гэсэн сэтгэгдэлтэй байсан гэнэ. Энэ бүхнээс болж Фань Вэньху болон Монгол жанжин Шинду, Солонгос жанжин Хон Тагу, Ким Панён нарын хооронд хагарал гарч нэгдсэн командлал, төвлөрсөн довтолгоон хийж чадахгүй болсон байна. Тэгээд монгол цэрэг бүтэн сар орчмын хугацаанд гол бус хэд хэдэн арлаар тойрон төдийлөн ашигтай бус ойр зуурын дайралт хийсээр цаг алдаж, энэ зуур Япончууд ч нэг сэхээ авч, хүчээ базааж байжээ. 7 дугаар сарын сүүлээр Монгол цэргүүдийн дийлэнх хувь нь далайдаа гарч, усан онгоцондоо буцжээ.

Яг энэ үеэр 8 дугаар сарын нэгний өглөөгүүр далайд шуурга дэгдэж, үдшээр ширүүссээр шөнө гэхэд аянгат аадар орон, маш хүчтэй хар шуурга хөдөлжээ. 8 дугаар сарын 2-ны өглөө гэхэд шуурга ч намдаж, цусанд будагдсан мэт их улаан наран далайн мандалд хөөрөхөд Японы тэнгэсийг дүүргэн байсан нөгөө үй олон цэргийн хөлөг онгоцууд бүгд үзэгдэх бараагүй болсон байлаа. Ганцхүү далайн мандалд эвдэрсэн хөмөрсөн онгоцны сэг, шураг хаа нэгтэй хөвөн, далайн эргийн хад цохионд гуядагдан сүйрсэн хөлөг онгоцны араг яс энд тэнд ёрдойн байжээ. Ийнхүү дэлхийн цэрэг дайны түүхэнд урьд хожид байгаагүй  Монголын хүчирхэг их флот ганцхан шөнийн дотор далайд живж, зарим сударт бичсэнээр 150 мянган цэрэг амь үрэгдсэн байна. Цөөн тооны хятад, солонгос цэргүүд амьд үлдэн, нутгийн зүг санд мэнд буцацгаасан ба уулаасаа усанд муу монгол цэргүүд бараг толгой дараалан тэнгэсийн шорвог усанд үйжээ. Далайн шуурганаас амьд үлдэн эргийн зүг тэмцэн ирсэн бүхнийг нь самурайн сэлэм тосон, хайр найргүй хяргаж байжээ.

Түүх сударт бичсэнээр тэр их цэргийн тал хувь нь л Монголчууд байсан, үлдсэн хэсэг нь Солонгос болон Хятадын нутгаас татсан цэрэг байсан гэдэг. Монгол цэрэг гэдэгт мөн зүрчид, уйгур цэргийг ч оруулан тооцдог байжээ. Гэсэн ч 40 гаруй мянган монгол эрс тэрхүү дайнд оролцжээ. Тэднээс чухам хэд нь эх нутагтаа эсэн мэнд очсон тухай ямар ч мэдээ сэлт алга байна. Ийнхүү мянга мянган монголын зоригт эрс харийн далайд ясаа тавьжээ. Гэхдээ энэ бол эхний удаагийн сүйрэл биш байлаа 1281 оны энэхүү эмгэнэлт явдлаас 7 жилийн өмнө мөн яг ийм юм болжээ. 1274 оны намар 10 дугаар сарын эхээр Солонгосын Масанаас Японы арлын зүг хөдөлсөн Их Монгол улсын цэргийн флотыг мөн дээрхийн адил хувь тавилан тосож байлаа. Энэхүү эхний удаагийн аянд Монгол, Солонгос, Хятад нийлээд 25 мянга гаруй цэрэг, их, бага 900 гаруй усан онгоцтой оролцжээ. Энэ тоо ч бас далайн цэргийн түүхэнд дээгүүрт бичигдэх тоо юм. Энэ цэргийн бүрэлдхүүнд 4000 гаруй монгол цэрэг жанжин Шиндугийн удирдлаган дор тулалдаж, цэргийн гол хүчин болох 15000 орчим хятад цэрэг хятад жанжин Лю Фусянын удирдлаганд, үлдсэн нь Солонгос жанжидын удирдлагад байжээ.

Шиндугийн удирдсан Монгол цэргүүд 10 дугаар сарын эхээр өнөөх Цюсима аралд гарч, хэдэн өдрийн ширүүн довтолгооны дараа тус арлыг эзэлж авчээ. Тэгээд Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Цаашлан Солонгос цэрэгтэй нийлэн Япончуудын гол түшиц газар болох Хаката хотыг довтолсон байна. Япончууд хэдийгээр маш их эрэлхэг зориг гарган тулалдсан ч Монгол цэргийн эрчит сумны өөдөөс яаж ч чадахгүй байлаа. Япон даяараа Монгол цэргийн эсрэг хараалын ном уншиж, далайн хүчит хар шуурганаа урин дуудаж байлаа. Яг ийм эгзэгтэй үед Монголын армийн гол хүчнийг командлан байсан хятад жанжин Лю Фусян дайны талбарт хүндээр шархдан далайдаа онгоцондоо гарахад түүний удирдлагад байсан 15 000 хятад цэрэг бүгд буцаж далайдаа гарчээ. Монгол болон Солонгос цэргийн хүчин мөхөсдөж, цэргийн шуурхай зөвлөлгөөн хийсэн байна. Ингээд цэргийн хүчин дутагдсан тул хятад цэргийн араас онгоцондоо гарах нь зүйтэй гэж шийдээд 10 дугаар сарын 20-ны орой хуурай газраас далайд гарч, онгоцондоо очжээ. Гэтэл үдшээс эхлэн далайд гэнэтийн хар үүл гаран, шиврээ бороо орж эхэлсэнээ шонө дундаас хүчтэй хар шуурга дэгдэн цэргийн хөлөг онгоцуудыг дараа дараалан хөмөргөж гарчээ. Энд 700 гаруй усан онгоц сүйрч, их цэргийн тэн хагасаас илүү нь усанд живжээ. Чухам энэ золгүй явдлыг Хубилай хаан ялагдал гэж үзсэнгүй. Ихээхэн бэлтгэл, нарийн судлагаа явуулсаны эцэст даагаа нэхэхээр 7 жилийн дараа хоёрдахь флотоо илгээсэн тэр… Гэвч түүнийг өнөөх үхлийн хар салхи аанай л тосон байжээ.

Хубилайн хоёр дахь флотыг сүйрэхэд Японы эх газарт 10 орчим мянган монгол цэрэг үлджээ. Хэдийгээр цөөн монгол цэрэг гол хүчнээсээ салан, удирдлагагүй болсон ч дотроосоо нэгнээ сонгон удирдуулаад далайн давалгаа мэт Японы арлын гүнээс ар араасаа ирэх довтолгооныг нэг сарын турш няцаасаар байжээ. Энэ хооронд эвдэрсэн завь онгоцуудаа засахыг оролцож, гэвч нэгдүгээрт тэдэнд солонгос мужаан байсангүй, нөгөөтэйгүүр самурай нарын өдөр шөнөгүй ширүүн довтолгооны дундуур тийнхүү хөлөг онгоц засаж сэлбэнэ гэдэг бүтэхгүй ажил байлаа. Арайхийж бүтээснийг нь Япончууд шөнөөр довтолж галдачихна. Тэдгээр монгол эрс манай их цэрэг эргэж ирнэ, Хубилай хаан яавч зүгээр байхгүй, Япончуудын хандыг сайн дарж өгөх болно хэмээн итгэж, самурайн зэрлэг суман дундуур далайн мандлыг сүүлчийн мөчөө хүртэл итгэл найдвар тавин харсаар байжээ. Хэдийгээр их тэвчээр гарган тулалдсаар байсан ч арлын гүнээс ирэх япончуудын арми тасарсангүй, эхний эгнээг нь хяргахад араас нь шинэ шинэ арми тулалдаанд нэмэн орж ирсээр байжээ. Ар тал байхгүй, хүнс хоол дутмаг, монгол цэргийн гол сүнс сүлд нь болсон морь байхгүй, цөөн хэдэн монгол цэрэгг үхэл гэдэг тун тодорхой болжээ. Тэд бүхэл бүтэн үндэстэнтэй тулалдаж байгаагаа сайтар мэдэж байлаа. Япончуудад бууж өгөх тухай ойлголт ч байж таарахгүй. Самурай нар олзлогдсон зарим нэгийг нь тэдний нүдэн дээр шууд хэрцгийлэн хороодог байжээ.

Тэгээд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоон байдаг гэсэн хувилбарыг сонгож авчээ. Тэд алагдсан самурайн хувцас, хэрэглэл, туг хиурыг нь шөнөөр тайчин авч, хувцаслаад, самурайн нэгэн бүлэг цэрэг болон хувирч, тэдний туг хиурыг нь хийсгэсээр, үүр шөнийн үнэгэн харанхуй, өтгөн мананг ашиглан нэгэн хэрэм цайзын гадаа очжээ. Үүд сахиж байсан цэргүүд ч тэднийг Японы гүнээс шинээр нэмэн ирж байгаа самурайн бүлэг байна хэмээн бодож, хаалга үүдээ нээж өгөхөд шалавхийн орж уг цайзыг эзлэн авсан байна. Энэ хэрэмд Японы нэлээд нөлөө бүхий язгууртаны эзэмшилд байдаг, тэнд орд өргөө нь ч байсан гэдэг. Монгол цэргийн үлдэгдэл тэрхүү цайзыг хэсэг хугацаанд тогтоон барьжээ. Гэвч өдөр өдрөөр, цаг мөчөөр эх газраас алслагдан таслагдсан тэдний хүчин шавхарах нь аргагүй юм. Самурай нарын эгнээ эх нутгийнхаа гүнээс үерийн усан мэт ар араасаа түрхэрэн нэмж ирсээр байв. Зугтаах орон зайгүй болсон, амь зулбан нуугдах нүх сүвгүй ийм тохиолдолд хомрогонд орсон чоно эцсийн мөчид эргэж дайрдаг лугаа адилаар Монголчууд сэтгэж, эцсийн хүчээ шавхан Японы эзэн хааны ордон руу дайрч эзлэхээр хэд хэдэн удаа шаргуу оролдсон байна. Яг л шатарт байдаг шиг ноёныг нь унагахаар… Хэрвээ Японы хааны ордоныг эзэлж, эзэн эрхт шёогуныг нь барьцаанд авч чадвал тэрхүү бүхэл бүтэн үндэстний, цэрэг армийн, их далайн бүслэлтээс мэнд мултрах цор ганцхан боломж энэ байсан нь ямраар ч сэтгэхэд ойлгомжтой. Гэсэн ч тэдний энэ оролдлого амжилтанд хүрэх магадлал мянганы хувиар хэмжигдэж байсан нь ч бас ойлгомжтой.

Гэвч эцсийн цор ганц боломжийг шавхан ашиглах нь гагцхүү Ази, Европыг хөндлөн гулд туучин гаталсан Монгол дайчдын үр сад, чин зоригт, авхаалж самбаа, бодлого төгөлдөр эрсийн ажил билээ л. Тэд аз хийгээд эзэд найдсангүй, гагцхүү өөрсдийн эр зориг, авхаалж самбаа, ийм хүнд сорилтыг туулж чадах тэвчээр чадвартаа найдсан байна. Цөөхөн монголчуудын тэрхүү зоримог, шийдмэг дайралтууд чоно авлаж мэдэхгүй, бартай улаан гараараа тулж үзээгүй самурай нарын зүүдэнд ч оромгүй явдал байж. Эх нутаг дээрээ, их армиараа хамгаалуулсан Японы тэргүүнүүд тэрхүү өдөр шөнөгүй тулсаар ядарч туйлдсан, сум хэрэглэлээ шавхсан Монгол цэргийн нэг түм хүрэхгүй үлдэгдэлээс юуны айх билээ. Цөмөрч орсон өнчин ганц хүү бэрс болдогсон билүү. Гэсэн ч Монгол цэргийн энэ овжин довтолгоон Камакурагийн ордоныхоныг ихэд сандаргаж, барьц алдуулжээ. Монгол цэргийн сүүлчийн хүн Японы эзэн хааны ордны хэрмийн ёзоор самурайн хурц илдэнд хэдэн хэсэг тасар цавчуулан унасан хойно л тэд сая нэг юм эдгээр цөөхөн үлдэгдэл монгол цэрэг ийнхүү байлдаж байгаа юм, хэрвээ Юаний их флот бүтнээрээ арлын гүн рүү довтолсон бол юу болох байсныг айдас хүйдсээрээ голдоо ортлоо мэдрээ болов уу.

Гэвч Япончууд өнөөг хүртэл Монголчуудын довтолгооныг няцаасан нэгэн гол хүчин зүйл бол өөрсдийн шаргуу, эрэлхэг эсэргүүцэл хэмээн зарлан мандуулсаар байдаг байна. Гэсэн ч тэдний зүрх сэтгэлийн гүнд орсон айдас нь өөрийн эрхгүй далайн шидэт хар салхинд шүтэх шүтлэгийг бий болгожээ. Далайн шидэт хар салхинд тахилга оргох сүм ч олноороо байгуулагдсан байна. Өнөө ч түүндээ мөргөсөөр байдаг гэнэ. Монгол цэргүүдийн шарилыг нэгэн дор, хадан хавцалд цуглуулж булаад тэрхүү булаасан дээрээ Монгол цэргийн сүр хүчин, зориг чадлыг хариулсан шившлэгг чулуун хөшөө бүтээн, тэдний сүнсийг нь дахин босож ирэхээс сэргийлэн даржээ.

Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар агуу флот сүйрсний гол учир зөвхөн хар салхинд байсангүй бололтой. Далай тэнгист хар салхи төдийгүй элдэв догшин шуурга давалгаа болж л байдаг. Түүнийг урьдаас тааж мэдэхгүй тул үрэгдэх нь үрэгдэж, үлдэх нь үлдэж л байдаг. Тэр үеийн далайчид байгаль дэлхийн догшин ширүүнтэй тэмцэх ухааныг тодорхой хэмжээгээр эзэмшсэн байсан нь тодорхой. Гэлээ ч дийлэнх хэсэг нь эмгэнэлтэйгээр сүйрсний шалтгаан бол алсын аян дайнд зориулан усан онгоцны флотыг захиалан хятад, солонгос ажилчдаар хийлгэхэд итгэл эвдсэн хятад ажилчид их хааны флотын хөлөг онгоцнуудыг углуурга болон суурь доод эх биеэнд дутуу мөн гэмтэлтэй угсарсан нь далайн шуургыг тэсвэрлэлгүй олноор сүйрэх шалтгаан болжээ. Хуурай газар байлдах тулалдахдаа хавтай монголын цэргийн дарга, даамлууд тэднийг харгалзан хянаж байсан ч нарийн учрыг яаж мэдэх билээ. Мөн тэнгис далайн бус эх газрын гол мөрөн, нууранд хөвөх зориулалттайгаар босгосон онгоц ч байв. Тэдгээр нь далайн шорвог усанд амархан элэгдэж мууддаг байсныг японы эрдэмтэд судалгаа шинжилгээнийхээ дүнд 2000 онд тогтоосон байна. Үүнийг Английн ВВС телевиз шинжлэх ухааны нэвтрүүлэг болгон дэлхийд цацжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?